Ханиадны өвчлөл агаарын бохирдлоос 60 хувийн хамааралтай


Сүүлийн жилүүдэд нийслэл төдийгүй аймгуудад агаарын бохирдол ихэсч, нарийн ширхэгт тоосонцрын дундаж хэмжээ ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид зааснаас 10 дахин өндөр байгаа юм. Үүний уршгаар манай оронд өргөн дэгддэг томуу, томуу төст өвчний хүрээ жил бүр нэмэгдсээр буй. Өнгөрсөн онд 31 мянган хүн ханиад томуугаар өвчилснөөс 70 гаруй хувь нь 1-5 насны хүүхэд байжээ. ЭМЯ-ны тандалт судалгаагаар энэ өвчний 20 орчим хувийг л сургуулийн насныхны өвчлөл эзэлдэг боловч халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон байна. 
 
Өөрөөр хэлбэл, сургуулийн орчноор дамжсан вирусийн халдвар бага насныханд хүндээр тусч, уушгины хатгалгаа өвчлөлийг нэмэгдүүлдэг аж. Өнгөрсөн онд ханиад томуугийн тархалт ихсэж эмнэлгийн ачаалал нэмэгдсэнээр эмч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинд 250 сая төгрөгийн нэмэлт зардал гаргажээ. Харин өнөө жил энэ зардлыг бууруулахад ЕБС, цэцэрлэгийн өвлийн амралтын хугацааг сунгах нь өвчлөлийг бууруулах чухал нөлөөтэй гэж ЭМЯ-ныхан үзэж байгаа юм. Хүүхдийн өвлийн амралтыг удаан хугацаагаар сунгах болсон гол шалтгаан нь ДЭМБ-аас ирүүлсэн анхааруулга, зөвлөмжтэй бас холбоотой.
Энэ өвөл дэлхий нийтэдшинэ төрлийн вирус дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байгаа нь ЕБС, цэцэрлэгийн амралтыг хоёр сараар тогтоох үндэслэл болжээ. Дэлхийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар судлалын нөхцөл байдлын судалгаагаар 1918 онд дэгдэж, олон орныг дамжин халдварлаж байсан томуугийн цар тахлын шинж тэмдэг бүхий шинэ төрлийн вирус илэрчээ. Тус вирус нь одоогоор ямар эм, эмчилгээнд дарагддаг болохыг тогтоогоогүй байгаа нь томуугийн цар тахал дэгдэж болзошгүй эрсдлийг бий болгож байгаа юм. 
Д.НАРАНГЭРЭЛ: ШУВУУ, ГАХАЙНЫ ХАНИАДНЫ ВИРУС ХҮНИЙ ТОМУУГИЙН ВИРУСТЭЙ МУТАЦИД ОРЖ ШИНЭ ВИРУС ҮҮССЭН
Ханиадны шинэ вирусийн тархалт болон томуугийн эсрэг ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа ажлын талаар тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-ДЭМБ-аас анхааруулж байгаа томуугийн вирусын талаар тодорхойлж хэлэхгүй юү?
-ДЭМБ-аас ирэх гурван жилд томуугийн тархалтын шинэ вирус эрсдэл дагуулах хэмжээнд байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Шувууны болон гахайн ханиадны вирус хүний томуугийн өвчлөлийн вирустэй мутацид орж, шинэ төрлийн вирус үүсгээд байгаа. Энэ вирус одоогооор бүрэн судлагдаагүй. Ямар эмэнд тэсвэртэй, ямар эмчилгээ хийх ёстойг судлаагүй болохоор аюул дагуулж болзошгүй. 2009 онд а хүрээний Н1N1 вирус цар тахал үүсгэж байсан. Харин шинэ гараад байгаа вирус а хүрээний таван вирусийн шинжтэй байгаа учраас цар тахал үүсгэх тохиолдолд аль нэг нь давамгайлж, ямар вирус болох нь тодорхой болно. Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тарах магадлал өндөр байгаа учраас томуугийн харуулдан тандалтыг сайн хийж, анхаарч ажиллах зөвлөмжийг ирүүлсэн. 
-Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр ханиад томуугийн дэгдэлт нэмэгддэг эсэхийг тогтоосон судалгаа бий юу?
-Гурван жилийн хугацаанд судалгаагаар агаарын бохирдол ханиад томуутай 60 гаруй хувийн хамааралтай болохыг тогтоосон. Мөн тэр судалгаагаар гэр хорооллын хүүхдийн өвчлөл, байранд амьдарч буй хүүхдийнхээс гурав дахин их байсан. Түүгээр ч барахгүй гэр хорооллын хүүхдүүдийн уушгины хатгаагаар өвчлөх тохиолдол орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс зургаа дахин их байна.
-Ханиад томууны дэгдэлтээс үүдэж эмнэлэгийн орны хүрэлцээ муу байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-БГД-т хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орсон. Мөн Цэргийн нэгдсэн эмнэлэг, БХЯ-ны эмнэлгийн хүүхдийн орны тоог нэмсэн. Яамны зүгээс орны тоо нэмэхээс илүүтэй томуугийн халдварыг багасгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах бодлоготой ажиллаж байна. Хүүхдийн өвлийн амралтыг удаан хугацаагаар тогтоосноор өвчлөл багасна гэж тооцож байгаа.
-ЕБС, цэцэрлэгийн хүүхдийг хоёр сар амраах шийдвэр гаргахдаа агаарын бохирдол харьцангуй бага гэдгээр орон нутагт ялгавартай тогтоож болох уу?
-Дээр хэлсэнчлэн гэр хорооллын хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаатай адил орон нутагт ч ялгаагүй их байна. Томуугийн өвчлөлийн шалтгаан нь агаарын бохирдлоос гадна хүйтэн сэрүүний улирлаас болж байгаа учраас ЭМЯ-наас орон даяар амраах санал гаргасан. Тэгээд ч бусад оронд ийм аргаар өвчлөлийг бууруулдаг жишиг байдаг. БНСУ-д гэхэд өвлийн улиралд хүүхдүүдийг амраадаг. Мөн Европын хэд хэдэн оронд өвлийн улиралд сурагчдын амралтыг удаан хугацаагаар сунгаж, томуугийн өвчлөлийн эсрэг тэмцдэг туршлага бий.
-Цэцэрлэгийн хүүхдийг удаан хугацаагаар амраахаар эцэг эхийн зүгээс ажиллах бололцоо олдохгүй байна гэсэн эсэргүүцэлтэй тулгарах юм биш биз?
-Томуугийн дэгдэлтийн үед харуулдан тандалт хийхдээ давхар цэцэрлэгийн ирцийн тандалтыг хийдэг. Түүгээр ирц багасдаг гэсэн дүн гарсан. Мөн 2016 онд төрийн байгууллагуудад уриалга гаргаад хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд цалинтай чөлөө олгох ажлыг хийж байсан. Мөн Засгийн газрын тогтоолоор 0-5 насны хүүхдээ харж байгаа ээжид богино хугацааны лист олгох ажлыг зохион байгуулсан. Энэ жил томуугийн дэгдэлтээс хамаарч ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн үед нь шийдээд явах байх. 
Нийтлэгч: П.Батбөх
https://news.caak.mn/view/8278242/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан