Анхаар, улаанбурхны тахал ойртож байна


Европт сүүлийн хэдэн жилийн дотор улаанбурхан өвчний дэгдэлт маш их байгаа талаар ДЭМБ-аас мэдээлжээ. Уг өвчний тахал манай хойд хөршид, тэр дундаа Байгалын өвөр хязгаарт ч саяхан бүртгэгджээ. Харин манай улс 2015-2016 онд дэгдсэн энэ өвчний аюултай тэмцэхэд хэр бэлтгэлтэй байна вэ. 
Энэ сарын 17-нд л гэхэд Дорнод аймгийн цаахна орших Чита мужийн эмнэлэгт "улаан бурхан" гэсэн оноштойгоор 8 хүн хэвтсэн байна. Үүний 3 нь хүүхэд байжээ. Өвчилсөн бүх хүмүүс олон хүүхэдтэй айлын гишүүд байсан аж. Харин энэ сарын 20-нд эмнэлгийн байгууллагаас дахиад 10 хүн өвчилсөн тухай мэдээлэв. Эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн дотор 5 сартай хүүхэд ч байгаа талаар мужийн халдварт өвчний клиник эмнэлгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. 
Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.
Хэрвээ тухайн хүн уг өвчний вакцин хийлгээгүй бол улаанбурхан халдварлах магадлал 100%. Маш хурдан тархацтай, халдварт энэ өвчний үед өндөр халуурч, амны хөндий, хамар үрэвсдэг. Ихэнх шинжээрээ ханиад томуутай төстэй болохоор эрт үед нь оношлоход хэцүү байдаг аж. Харин өвчний хүндрэлээс болж уушгины хатгалгаа, бронхит, энцефалит үүснэ. 
Манай улсад хэдхэн жилийн өмнө дэгдсэн энэхүү аюулт өвчний улмаас олон ч хүүхэд амиа алдсан гашуун түүхтэй. Харин иргэдийг нийтээр нь улаан бурхны вакцинд хамруулсны үр дүнд 2015 оны байдлаар улаанбурхны вакцинжуулалтад хамрагдсан нэг хүртэлх насны хүүхэд улсын хэмжээнд 97,5 хувьтай байна. 
ДЭМБ-ын тооцоолсноор 2015 онд улаанбурхан өвчин нь дэлхий даяар 134,2 мянган хүний үхлийн шалтгаан болсон гэнэ. Тэдний олонх нь хүүхдүүд байжээ. Хэдийгээр вакцинжуулалт сайн хийгддэг боловч бага насны хүүхдийн нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан болсон хэвээр байгаа талаар тус байгууллагаас мэдээлж байна. Мэдээж одоогийн энэ тоог 20 жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулбал тун бага. 2000 он л гэхэд улаанбурхан өвчний улмаас нас барсан 651,6 мянган тохиолдол гарч байсан нь бараг 80 хувь илүү гэсэн үг юм. 
Оросоос гадна Украинд ч энэ өвчний дэгдэлт их байна. Түүнчлэн Европын холбоо, тэр дундаа Францад өнгөрсөн 07 дугаар сард улаанбурхан өвчний улмаас амиа алдсан гурав дахь тохиолдол бүртгэгдсэн юм. Англид л гэхэд улаанбурхны халдвар авсан хүний тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Бразил, Венесуэль, АНУ, Канад зэрэг 28 улсад энэ өвчин дэгдэх магадлалтай байгаа тул вакцинжуулалтад хамрагдахыг дэлхий нийтээрээ уриалж байна. 
Европ даяар энэ сарын 20-ны байдлаар халдвар авсан хүний тоо дээд хэмжээндээ хүрчээ. ДЭМБ-ын мэдээлснээр оны эхний хагас жилд Европ тивд нийт 41 мянга гаруй хүүхэд улаанбурхны халдвартай гэж оношлогдсон нь сүүлийн 8 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс 23 мянга нь зөвхөн Украинд бүртгэгдсэн байна. 
Тиймээс вакцинжуулалтад зайлшгүй хамрагдах хэрэгтэй гэжээ. "Тарилга хийлгээгүй хүн бүр хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан халдварт өртөх эрсдэлтэй" хэмээн ДЭМБ-ын Европын эрүүл мэнд, онц байдал, халдварт өвчний товчооны хэлтсийн захирал Недрет Эмироглу мэдэгдэж байна. Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амь насыг авардаг аж. 
Ийнхүү хэдхэн жилийн өмнө ХӨСҮТ-ийг дүүргэж, аюулын харанга дэлдээд байсан улаанбурхны аюул хаяанд ирлээ. Харин та, таны үр хүүхэд улаанбурхны вакцинд хамрагдсан уу. 
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12161

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан