“Дэлгүүрт бяцхан хүү чангаар орилно. Бүр улам их уйлна. Ээж нь саатуулах гээд юм ярина, аргадна. Тэр огт тайвшрахгүй. Бас юм ярихгүй. Яагаад уйлснаа ээждээ хэлж чадахгүй болохоор улам л хямарч уйлна”. Энэ дүр зургийг харсан хүн “Ямар эрх, хүмүүжилгүй хүүхэд вэ?” эсвэл “Сайхан дураараа хүүхэд байна даа” гэж бодох байх. Харин ингэж их хямардаг, харилцаанд тэр бүр орж чадахгүй байгаад шалтгаан бий.
Энэ бол Аутизм. Олон хүн өвчин гэж нэрлэдэг ч энэ бол эмгэг. Энэ эмгэг нь хүний амьдралын 2-3 насанд илрэх нь түгээмэл. Аутизм нь нийгмийн харилцааны, зан үйлийн эмгэг учраас хүүхэд бусад хүмүүстэй харилцаанд орж эхлэх үеэс, мөн хэлд орж эхлэх үеэс ойр дотны хүмүүст нь нэг л өөр байгаа нь анзаарагдаж эхэлдэг байна. Хэрэв мэдээлэл сайтай, эсвэл хүүхдийн хөгжлийн явц (milestone)- ыг сайн хянадаг бол зургаан сартайгаас нь хойш оношлох боломжтой.
“Дэлхийн хүн амын нэг хувь нь аутизмтай. Харин АНУ-д 68 төрөлт тутмын нэг нь аутизмтай байна” гэсэн судалгааг “Autism Society” байгууллагаас гаргасан байдаг. Харин Монголд ямар үзүүлэлттэй байгаа бол?
Одоогийн байдлаар “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын клиник”-ийн эрхлэгч Д.Энхтуяа эмч энэ эмгэгт албан ёсны онош тавьж байна. Мөн аутизмтай хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн санаачлагаар байгуулагдсан хэд хэдэн төрийн бус байгууллага аутизмыг олонд таниулах, үнэлгээ хийх, эцэг, эхчүүдийг чадавхжуулах ажлыг төрийн өмнөөс хийж байна. “Аутизм Монгол-Анд” ТББ сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсрол дээр анхаарч тусгай цэцэрлэг ажиллуулж, “Монголын Аутизмын Холбоо” ТББ сургуулийн насны хүүхдүүдийн боловсрол дээр түлхүү чиглэж ажиллаж байгаа бол “Монголын Аутизм Судлалын Хүрээлэн” үнэлгээ, оношилгоо, судалгааны ажил тал дээр анхаарч ажиллаж байна.
Харин Япон, Швед зэрэг оронд аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн боловсрол дээр төр засаг нь анхаарлаа хандуулдаг. Боловсролын системдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг анхаарч авч үзэн, тэгш хамруулалтын биелэлтийг төр засгаас нь сайтар анхаардаг байна.
Монгол улсад одоогоор 470 аутизмын эмгэгтэй хүн байна гэсэн тоог “Монголын Аутизмын Холбоо” ТББ “Дэлхийн Аутизмыг Таниулах Өдөр” өдөрлөг дээр танилцуулсан. Гэхдээ энэ бол зүгээр л бүртгэлтэй тоо. Харин ийм төрлийн хүүхэдтэй гэдгээ ч мэдээгүй эцэг эхчүүд олон байгаа байх. Зарим нь бүүр хүүхдийнхээ ийм байдлаас санаа зовнин нуудаг ч байж болох юм.
Оношлогдлоо. Дараа нь яах вэ. Эдгэх үү?
Энэ бол аутизмтай нүүр тулсан хүн бүрийн асуудаг асуулт. Гэтэл хариу нь хүлээлтээс өөр. Эмгэг учраас эдгэдэггүй. Харин засал хичээлүүдэд хамрагдсанаар хөгжих боломжтой байдаг. Үүний тулд оношоо тогтоолгосны дараа үнэлгээнд орох хэрэгтэй болно. Ингэснээр тухайн хүүхдийн аутизмын оноо /түвшин/ ямар байгаа, оюун ухааны хөгжил нь хэр байгаа зэрэг шаардлагатай олон мэдээлэл тодорхой болно.
2017 оныг хүртэл аутизмтай хүүхдүүдээ Солонгос тэргүүтэй гадаадын олон улс руу авч явж үнэлгээнд оруулдаг байсан бол өнгөрсөн жилээс “Монголын Аутизм Судлалын Хүрээлэн” ТББ /МАСХ/ – “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” ТББ хамтран албан ёсны тест, хэрэгслийн дагуу Монголд аутизмтай хүүхдүүдэд үнэлгээ хийж байна. Одоогоор аутизм гэсэн оноштой 470 хүн байгаагаас 78 нь л өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнэлгээнд хамрагдсан гэдгийг “МАСХ” ТББ-аас тайландаа дурьдлаа.
Үнэлгээнд орсон хүмүүсийн тоо харьцангуй бага байгаа нь нэг хүүхдэд хийх үнэлгээ 2-3 өдөр үргэлжилдэгтэй болон төлбөрийн асуудалтай шууд хамааралтай.Үнэлгээнд орсны дараагаар гарсан зөвлөмжийн дагуу сургалт, засал хичээлд зайлшгүй хамрагдах хэрэгтэй байдаг байна. Хэрэв цаг алдалгүй зөв арга барилаар хөгжүүлвэл хүүхэд бүхэн хөгжих боломж бий.
“Монголд Аутизмын Хүрээний эмгэгийг үнэлдэг болсноор эх хэл дээрээ үнэлгээнд орох, гадны орон руу зорчих зардал мөнгө багасах, хүүхдийнхээ онцлогт тааруулж үнэлгээ хийлгэх зэрэг олон давуу тал бий болж байгаа. Үүнийгээ ч бид нэг жилийн үнэлгээний ажлын үр дүнд тодхон харлаа. Улсын хэмжээнд үнэлгээ хийх байгууллага байдаггүй учраас бид эхний алхамыг хийхээс өөр арга байгаагүй” гэж “Монголын Аутизм Судлалын Хүрээлэн” ТББ-ын захирал Б.Оюунчулуун онцоллоо.
Аутизмыг Таниулах Аян
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дөрөвдүгээр сарын хоёрны өдрийг “Дэлхийн Аутизмыг Таниулах” өдөр болгон 2007 онд зарласан байдаг. Харин АНУ-д дөрөвдүгээр сарыг Аутизмыг таниулах сар болгон зарлаад бүтэн сарын турш олон нийтэд зөв, эерэг ойлголт төрүүлэх олон ажлыг хийдэг байна. Монгол улсад ч мөн адил дөрөвдүгээр сард Аутизмыг Таниулах аян өрнүүлж, төрийн бус байгууллагууд сэтгэл судлал, болосвролын чиглэлээр суралцдаг оюутнууд, цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарт гадаад болон дотоодын мэргэжлийн хүмүүсээр сургалт явуулж тэдний аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэхэд тусладаг.
Аутизм байж болзошгүйг хэрхэн таних вэ?
- Дуу чимээнд хэт мэдрэг эсвэл сул
- Нүдээрээ харилцаа тогтоохгүй байх
- Нэрээр нь дуудахаар хариу үйлдэл үзүүлэхгүй байх
- Хэлд орохгүй байх
- Тоглоомоор зориулалтаас өөрөөр тоглох
- Бусадтай харилцаанд орж чадахгүй байх
- Нэгэн хэвшмэл болсон зүйлээ өөрчилж чадахгүй байх
- Олон нийтийн газар биеэ зөв авч явж чадахгүй зэрэг түгээмэл шинжүүд бий.
Аутизмтай хүүхэд хэлд орох уу?
Харилцаа гэдгийг бид зөвхөн үгээр төсөөлдөг. Тиймээс л хүүхдээ аутизмтай гэдгийг мэдсэнээс хойш хэлд оруулахыг л урьтал болгодог. Гэтэл ярихаас илүү харилцаа чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн 25-50 орчим хувь нь хэл яриагүй байдаг гэсэн таамаглалыг олон улсын судалгааны байгууллагууд гаргасан байдаг. Энэ мэт тулгардаг олон асуултыг нэгтгэн, Монголын Аутизмын Холбооноос “Аутизмтай хүүхэдтэй монгол эцэг эхчүүдийн түгээмэл асуултууд” номыг эмхлэн гаргаж, “Дэлхийн Аутизмыг Таниулах өдөр” өдөрлөг дээр эцэг, эхчүүдэд үнэгүй тараасан байна.
Мөн аутизмтай хүүхдүүдийг харилцаанд ороход туслах зорилгоор “Шувуу хөгжүүлэгчид” ТББ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “Шувуу 1.0” тусгай зориулалтын аппликэйшнийг бүтээжээ.
Тэгвэл жирийн иргэн би энэ өдөр юу хийх хэрэгтэй вэ?
“Autism Speaks” байгууллагаас аутизмыг таниулах өдөр цэнхэр өнгийн хувцас өмсөж аутизмтай болон тэдний ойр дотны хүмүүст сэтгэлийн дэм өгч буйгаа илэрхийлдэг байна. Манай улсад мөн адил 2015 оноос хойш цэнхэр өнгийн хувцас өмсөх, аутизмын илэрхийлэл бүхий цэнхэр эвлүүлдэг тоглоом бүхий тэмдэг зүүх, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зөв ойлголт түгээх зэрэг кампанит ажлууд хийгдэх болсон.
Энэ бүхний эцэст Аутизмтэй хүүхэд гэдэг нь нэг ёсондоо AUTO буюу Өөрөө өөрийнхөөрөө л байхыг хүсдэг тийм л хүүхэд гэж хэлж болох юм. Бусдыг даган дуураих дургүй өөрийнхөөрөө бүхнийг хийхийг хүсдэг. Энэ давуу талыг нь ашиглавал тэд бусдаас содон, содон ухаантан ч болж чадна. Үүний хэд хэдэн жишээ байдаг бөгөөд Эйнштэн зэрэг олон суутнууд аутизмтай байсан гэх мэдээлэл ч байдаг юм.
Тэд бусдаас өөр ч бидэнтэй л адил хүн гэдгийг санах хэрэгтэй. Адилхан зүрх сэтгэлтэй, хайрлаж энхрийлэх гэж бусдаар хайрлуулах гэж энэ ертөнцөд ирсэн. Тиймээс та бүхэн олон нийтийн газар тавгүйтсэн, уйлж хямарсан, харилцаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хараад буруугаар ойлгохоос урьтаж, цаадах шалтгааныг нь нэг ч удаа болов анзаарах гээд үзээрэй. Ингэж л хүн бүр эерэг хандлага үзүүлвэл тэдэнд болон тэдний ойр тодны хүмүүст хамгийн сайн дэм болох юм.