Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй.
Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн
. Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг.
Арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой. Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий. “Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л.
Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ.
Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хөгжлийнхөө дээд үедээ хүрч, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна. Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш гурван сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 21 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.
2016 онд Оросын Уралын нэгэн сургуулийн сурагч, 14 настай хөвгүүн дээд ангийнхаа нэг “эгчтэй” энгэр зөрүүлжээ. Үүнээс хагас жилийн дараа “хормойн” өвчин туссанаа мэдсэн аж. Зургаан сарын өмнө эр хүн болсныхоо шанд ийм “бэлэг” авснаа ч мэдэхгүй явсан тэрбээр нэг найздаа “Нөгөөхөөс минь туухай дүүжилчихсэн юм шиг хүнд оргиод, шээхэд өвдөөд байна” хэмээн зовлонгоо ярьжээ. Тэгтэл найз нь өөртөө тохиолдсонтой адил зүйл болж хэмээгээд “Нэг антибиотик тариулчихаар зүгээр болчихно, санаа зоволтгүй” гэж зөвлөсний дагуу эмийн сангаас тариа авч хийгээд “эдгэрчээ”. Найзынх нь хэлсэн “эмчилгээний” үр дүн ердөө хэд хоногийн дараагаас мэдэгдэж, ямар ч зовиургүй болсон гэнэ. Тэгтэл хэдэн сарын өмнө найз охин нь түүнд маш их уурлан, “Чи цусны шинжилгээ өг” гэжээ. Учир нь охин тэмбүүгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан бөгөөд үүнд найз хөвгүүнээ хардсан хэрэг.
Яг үүнтэй адил, төстэй явдал зөвхөн Оросын гэлтгүй олон орны өсвөр үеийнхний дунд тохиолддог байна. Ингээд зогсохгүй эл жишээнд өгүүлсэн шиг бэлгийн замын халдварт өвчнийг найзаараа “оношлуулж, эмчлүүлэх” нь түгээмэл аж.
Манай өсвөр үеийнхэн дунд ч ийм зүйлтэй нүүр тулсан нь цөөнгүй. Бэлгийн замын өвчин тусчихаад эмчид хандахаасаа илүүтэй найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж, дураараа янз бүрийн эм хэрэглэх болсныг ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг хэлсэн. Эмчтэй ярилцан, үзлэг, шинжилгээ хийлгэж, оношоо баталгаажуулсны дараа тохирсон эмчилгээ хийлгэхийн ач холбогдлыг хүүхдүүд мэдэхгүй учраас ийнхүү алддаг байна. Нэг, хоёроороо өөрсдийгөө “эмчилж”, өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлэн, нууц үе рүү нь “илгээж” буйгаа тэд гадарлах ч үгүй.
Zaluu.mn