Манай улсад хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Статистик тоо баримт үүнийг тодорхой харуулж байна. Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-г хоёр жилийн өмнө Монгол Улсад хийжээ. Уг судалгаагаар хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байнагэсэн сэтгэл түгшээм үр дүн гарсан байна.
Чухал атлаа чухалчлаагүй боловсрол
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй өсвөр үе, залуучуудын сэтгэцийн, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл, мэдлэг, чадвар хангалтгүй, бэлгийн замаар дамжих халдвар өндөр байгааг тогтоожээ. Энэхүү судалгаагаар залуучуудын 60.4 хувь нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй, 36.8 хувь нь эрүүл мэндийн багш, 47.1 хувь нь олон нийтийн телевиз, 43.8 хувь нь найз, нөхдөөсөө БЗДХ, ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг авсан гэж хариулжээ.
15-19 насны 1000 эмэгтэй тутмын 37.9, 20-24 насны 1000 эмэгтэй тутмын 171 нь хүүхэд төрүүлж, 20 хүртэлх насны 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 98.5 байгаа нь аюулын харанга дэлдэж буй хэрэг юм. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байгаа аж.
2018 онд Өсвөр үеийн клиникт жирэмсэлсэн 95 хүүхэд хандсан байна. Тэдний тодорхой хувь нь хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон бөгөөд насны хувьд дийлэнх нь 15-16 насныхан байжээ. ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч М.Мөнххишиг манай сайтад өгсөн ярилцлагадаа,
“Хүүхэд эхээс төрсөн цагаасаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийг насандаа тохирсон үг, яриагаар авч байх ёстой. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нас насанд нь тохирсон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд явж байх ёстой. 2012 он хүртэл ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орж байсан. Гэхдээ эрүүл мэндийн багш бол яг мэргэшсэн багш биш биеийн тамир, биологийн багш нар байв.
Бид өсвөр үеийнхэнтэй ажилладгийн хувьд хэлэхэд нөхөн үржихүйн хичээлүүд орхигддог нь ажиглагдсан. Энэ талын мэдээлэл багш нарт хангалтгүй байдгаас болоод хүүхдүүдээс санаа зовдог зэрэг асуудлууд ч бий. Харамсалтай нь эрүүл мэндийн хичээл 3-4 жил завсарласан. Өнгөрсөн намраас дахин орж байгаа ч зөвхөн улсын сургуулиудад орж эхэлсэн байх. Ер нь амьдрах ухаан, иргэний боловсрол гээд ганц нөхөн үржихүйн эрүүл мэнд биш бүхий л талын мэдлэгтэй эцэг эх байх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулиасаа ямар ч мэдээлэлгүй орж ирж байгаа өсвөр насныханд бүх талын боловсролтой болтол мэдээллийг өгнө гэдэг бол үнэхээр хэцүү болж байгаа” хэмээн онцолсон юм.
Сэтгэцийн асуудалтай өсвөр үе
Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд дээрхээс ч хурц, тулгамдсан асуудлуудыг дагуулах болсон байна. Техник технологийн дэвшил хурдтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй өнөө үед технологийн дэвшлийн давуу талуудыг олон нийт хүртэж, сэтгэц, зан төлөвийн төлөвшилт төдийлөн бэхжээгүй өсвөр үеийхэнд зарим талаар сөрөг талыг бий болгож буй юм.
Өсвөр үеийнхэн болоод залуусын сургууль, хичээлээс гадуурх чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал хяналтгүй, компьютер цахим тоглоомын газрууд, интернет сүлжээний булангууд болсон нь тэднийг олон сөрөг нөлөөлөл рүү хөтөлжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтолтын тасагт 2010-2015 онд хэвтэн эмчлүүлсэн 8-19 өсвөр насны нийт 187 тохиолдол байгаа бөгөөд үүнээс хүйсийн ялгаатай байдлаар үзэхэд 96.8 хувь буюу дийлэнх нь хөвгүүд, харин цөөн буюу 3.2 хувь нь мөн насны охид байжээ. Мөн насны байдлаар ялгаатай авч үзэхэд 11-17 насныхны дунд хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна. Уг эмгэгийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлэх, нотолгоо бий болгох, сэтгэцийн эмгэгийн байдлыг тандах, сэргийлэх асуудал тулгамдсан асуудал болоод байгааг эмч нар онцолж буй.
Эргэж ирсэн Эрүүл мэндийн хичээл
Ерөнхий боловсролын сургуулиудад 1998 оноос Эрүүл мэндийн хичээл сургалтын төлөвлөгөөнд тусгайлан заасан цагаар ордог байсан юм. Харин 2014 оноос уг хичээлийн агуулгыг бусад хичээлийн агуулгатай нэгтгэн зохион байгуулах болсон гэдэг шалтгаанаар Эрүүл мэндийн хичээл орохоо больсон билээ.
Тухайн үед уран зохиолын хичээлийг мөн бусад хичээлийн агуулгад шингээсэн гэдэг үндэслэлээр хөтөлбөрөөс хассан шиг эрүүл мэндийг хичээлийг ийнхүү интеграцчилж орхисон нь алдаатай бодлого байсан юм. Гэтэл энэ талаараа БШУЯ-наас “Эрүүл мэндийн хичээлийг хасаагүй. Харин бусад хичээлтэй нэгтгэж нэг хүний заадаг ганцхан цагийн агуулгыг олон багш зааж үр дүн нь сайжирна. Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох цаг өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хуучин эрүүл мэндийн хичээлийг долоо хоногт нэг удаа 40 минутаар ороод, дараа нь бичгээр шалгалт авдаг байсныг өөрчилж, шинэ хөтөлбөрийн дагуу “Хүн ба орчин”, “Хүн ба нийгэм”, “Иргэний боловсрол” гэх мэт хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг багтааж өгсөн. Долоо хоногт нэг удаа ордог байсан хичээлийг харин ч өдөр бүр үздэг болсон” гэсэн тайлбарыг өгч байжээ.
Гэвч эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хассан нь багш, сурган хүмүүжүүлэгчид төдийгүй эцэг эхчүүд, төрийн бус байгууллагынхны эсэргүүцэлтэй тулгарч байв. Тухайлбал, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээний зөвлөх гишүүн А.Нямдорж тухайн үед “БШУ-ны сайдын 2014 оны 240 дүгээр тушаалаар бага ангийн сургалтын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хассан байгаа. Үүнийгээ БШУЯ-наас эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй уялдуулах буюу биеийн тамир, биологийн хичээлээр орно гэж тайлбарлаж байгаа. Биеийн тамирын багш хүний бэлгийн амьдралын асуудал, нөхөн үржихүйн амьдралыг яриад явах уу. Үүнийг тусгайлан мэргэшсэн хүмүүс ордог ёстой юм. Гадны улсуудад энэ нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой хичээлүүд нь тусгай цагаараа ороод явж байдаг” хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.
Дэлхийн олон оронд хүүхэд, өсвөр үеийнхнийхээ эрүүл мэндийн мэдлэг, боловсролд онцгой анхаарал хандуулж байхад манайд харин ч эсрэгээрээ, ийм болхи шийдвэр гарч, эрүүл мэндийн хичээлийг “Биеийн тамир”, “Иргэний боловсрол”, “Биологи” гэх мэт хичээлийн “бөөрөнд нааж”, дайвар хичээл болгон хувиргасан юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийлэхдээ “2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээл байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна. 2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.
Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна.
Энэхүү оновчгүй, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан тоот хүргүүлж байсан. Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг асар бууруулаад зогсохгүй сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байгааг дээрх өвчлөлийн тоо, судалгаа харуулаад байна” гэж онцолж байв.
Олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцлийн дунд эрүүл мэндийн хичээл дөрвөн жил завсарласны эцэст 2018-2019 оны хичээлийн жилд “эргэн ирсэн” юм. 2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг дахин боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/452 тушаалаар сургалтын төлөвлөгөөнд 4-12 дугаар ангид Эрүүл мэндийн хичээлийг бие даасан байдлаар зохион байгуулахаар болсон билээ.
Ийнхүү Эрүүл мэндийн боловсролыг хувийн болон орчны эрүүл мэнд, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл гэсэн 6 агуулгын хүрээнд эзэмшүүлж, суралцагчийн хувийн зохион байгуулалт, өөрийгөө хөгжүүлэх, хүмүүс хоорондын харилцааны болонг аюулгүй амьдрах ухааны цогц чадамжийг олгохоор болжээ. Дээрх агуулгуудаас гадна жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг ч эрүүл мэндийн хичээлд багтааж өгчээ.
Өнөөгийн байдлаар их, дээд сургуулиудыг эрүүл мэндийн багшаар төгссөн болон сургалтад хамрагдаж сертификат авсан биологийн мэргэжлийн нийт 2700 гаруй багш уг хичээлийг зохион байгуулж байгаа аж.
Эрсдэлээр дүүрэн эрүүл мэнд
Дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд халдварт бус өвчний эрсдэл асар өнөр болж, энэ төрлийн өвчлөл нас баралтын гол шалтгаан болжээ. Зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдрууд анагаах ухааны салбарын тулгамдсан асуудал болоод буй. Халдварт бус өвчнүүд хүний эрүүл мэндийн боловсрол, дадал, зуршилтай шууд холбоотой. Урьдчилан сэргийлж, таслан зогсоож болох өвчин, эмгэгүүд гэсэн үг. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, хорт дадал зуршлуудаас зайлсхийж чадвал эрүүл аж төрж, урт удаан наслах боломжтой.
Дэлхий нийтэд хийсэн судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхэн дунд эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ нэлээд өндөр хувийг эзэлж байна. Нийт 41 орны ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар 11-15 насны өсвөр үеийнхний тал хувь нь өглөөний цайгаа уудаггүй, мөн 1/3 хувь нь өдөртөө ганц нэгхэн жимс хэрэглэдэг гэжээ. Мөн 11 настай сурагчдын 26 хувь нь, 12 настай сурагчдын 20 хувь, 13 настай сурагчдын 16 хувь нь өдөрт ердөө ганцхан цаг дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн байна.
Тиймээс эрүүл мэндийн боловсролыг сурагчдад олгосноор насан туршийн эрүүл амьдралын хэв маягийн талаархи хувь хүний хариуцлагыг ухамсарлуулахаас гадна өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлдэг гэж үздэг.
Энэ бүхнийг нуршсаны учир нь эрүүл мэндийн боловсрол хүүхэд, өсвөр үеийнхэд хэчнээн чухал болохыг хэлэх гэснийх. Эрүүл мэндийн хичээлийг хөтөлбөрөөс хассан дөрвөн жилд дунд, ахлах ангиа дүүргэсэн сурагчид энэ талын мэдлэг, боловсролыг нөхөн авах бараг боломжгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн “хоцрогдол” тэдний ирээдүйн 40 жилийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирч ч мэднэ. Ирээдүй хойч үеийнхэндээ бид эрдэм, мэдлэгтэй хамт эрүүл мэндийн боловсролыг өвлүүлэх ёстой.