Д.Ундраа: Бэлгийн замын өвчтэй, тэмбүүтэй хүүхэд асар их байна


Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, эсвэл хэн нэгэн танихгүй этгээдэд хүчирхийлүүлэх хэрэг сүүлийн үед шилээ даран гарах боллоо. Энэ нь нийгмийг айдаст автуулж, хүүхэдтэй хүн бүрийг сэтгэлийг зовоож байна. Гэхдээ нөгөө талаараа уг асуудалд нийгмээрээ анхаарал хандуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажиллах шаардлага гарч байгааг сануулж байна. 
Ингээд “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлэгт хэлсэн албаны хүмүүсийн үгийг онцолж байна. 
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв 2012-2016 оны хооронд үйлдэгдсэн 18 хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Судалгаагаар бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувийг эмэгтэй, 3,9 хувийг эрэгтэй байсан аж.
Харин хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм. Хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. 
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх "Өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байсан. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг.  Иймд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтой" 
Хүүхэд хамгааллын "Үжин" төвийн дарга Д.Ундраа "Жилийн жилд шүүх, прокурор, цагдаагийн байгууллага судалгаа гаргадаг. Гэтэл нэг аймаг дээр очоод хууль зөрчсөн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн асуудлыг ярихаар агентлаг, газрууд нь  4 өөр тоотой сууж байдаг. Хүчирхийлэлд өртчихөөд 6 сар хичээлдээ явж чадаагүй хүүхдийн араас нэг ч ангийн багш, нэг ч сургуулийн захирал, нийгмийн ажилтан очихгүй байна. Манай төвд амьдарч байгаа 13 хүүхдийн араас нэг ч аймгийн хууль зүйн хороо, эрүүл мэндийн газрын дарга, боловсрол соёл урлагын газрын дарга ярьсангүй.
 Одоо СЭМҮТ хүүхдийн 30 ортой тасаг байна. Тэр тасагт донтолтын бүх хэлбэрээр өртсөн хүүхэд болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг холиод байрлуулж байна. Яагаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудыг тусдаа тасагт 4 ортой өрөөнд байлгаж болдоггүй юм бэ. Бид хохирогчоо шөнийн 03.00 цагт Улаанбаатар хотын эмнэлэгт авчирч үзүүлдэг. Яагаад бэлгийн хүчирхийллийн хохирогчид үздэг тусгай карт гаргаад өгч болдоггүй юм бэ. Энэ журмуудаа хэрэглэж мэдэхгүй байна.
Тэр Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гээд ажлаа мэдэхгүй. Ойд төөрсөн сармагчин шиг хэдэн нөхөд ажиллаж байна. Нэг ч кэйс нээж ажиллаж үзээгүй. Тэгээд нийгмийн ажилтан гэх сэтэртэй байх ямар шаардлагатай юм бэ. Өөрсдийгөө “Гар угаар дэлхийн өдөр”, “Шүд угаах дэлхийн өдөр” гэхээр ажилладаг хүмүүс гэж ойлгодог юм уу хаашаа юм.
Гэтэл сум болгонд тураалтай хүүхэд их байна. Бэлгийн замын өвчтэй, тэмбүүтэй хүүхэд асар их байна. 70 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихлөө гээд баривчилгаа авчихсан байна. 72 кэйс нь нэг зэрэг нээгдчихсэн байх ёстой. Гэтэл огт нээгдээгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хулийн 27.4.3-т аюулын зэргийн эрсдэлийн үнэлгээ дунд буюу өндөр байх юм бол цагдаагийн албан хаагч тухайн дуудлага мэдээлэлд очсон даруйдаа тухайн гэр бүлд байгаа хүүхэд болон хохирогчид аюулын зэргийн үнэлгээг нь газар дээр нь хийх ёстой. Гэтэл цагдаагийн байгууллага зарим суманд нөхөж хийж байна.  Зургаан настай эрэгтэй хүүхдийн эрхтэнээс нь идээ нь гоожсон тийм хүүхдүүдтэй бид ажиллаж байна. Гэтэл бидний цалин хэд байна гэж бодож байна. Ийм хүнд ажил хийж байгаа учир нийгмийн ажилтан маань тогтворжихгүй байна. Тийм учраас суман дээр ажиллаж байгаа нийгэм бодлогын зөвшөөрөлтэй эрүүл мэндийн нийгмийн ажилтангууд дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Бас эрүүл мэндийн яам сэтгэл засалч эмч нараа чанартай бэлдэж өгөөч ээ.  Суман дээр уулзаж байгаа засаг дарга нар төсвийн мөнгөөр барьсан сургууль, цэцэрлэгээ ажил болгож ярих юм. Төсвийн мөнгөөр тавьсан замаа ярих юм. Малын зүй бус хорогдол, худаг, ус, өвөлжөө бэлтгэлээ ярьж байна.
Архины хамааралтай гэр бүлд хичнээн хүүхэд амьдраад байгаа. Хүнсний талонд хамрагдаж байгаа айл өрхөд хичнээн хүүхэд амьдраад байгаа. Хэн багшийн ангид байдаг. Тавиулаар амьдарч байгаа хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөөд зарим нь угаартаад нас бараад байна шүү дээ. Энэ тавиул хүүхэд рүүгээ боловсролын яам хэзээ анхаарах юм бэ. Нэг аймаг дээр 13 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртчихөөд байхад эрүүл мэндийн даргаас асуухаар эрүүл мэндийн үйлчилгээ нэг нь ч аваагүй байна. Анхаармаар юм асар их байна"  
УИХ-ын дарга Г.Занданшатар “Үжин” төвийн захирал Д. Ундраа улаан гараараа хөрсөн дээр нь хохирогч хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа хүний хувьд жаргал зовлонг нь бодит чанарын үнэлгээг нь хараад хэлж байгаа. Манай дарга нар тоо баримт яриад л цэцэн мэргэн юм яриад хүүхдийн төлөө за гэж хэлцгээе гээд уриалга гаргаад байдаг. Гэтэл бодит амьдрал дээр газар дээр нь очиж үзсэн нэг ч хүн байдаггүй. Төрийн бус байгууллагын шугамаар 10 ортой дээрээс нь хоёр эвхдэг ор тавиад ч хүүхэд нь хүрэлцэхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг холиод байлгаж болохгүй гээд тус тусад нь байлгадаг ч байр сав нь хүрэлцэхгүй. Төсөв мөнгө нь дутагдалтай ажиллаж байна. Шүүх яагаад судалгаа хийсэн 80 адил хэрэг дээр 80 өөр ялгаатай ял өгдөг юм бэ. Энэ бол шүүхийн бодит байдлын том жишээ шүү. 
Прокурор гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар цогц хуулийн өөрчлөлт хийж, хүүхдийн эрхийг бодитой үнэн зөвөөр хамгаалах нөхцөлийг бүрдүүл. Тэгээд шүүхийн шийдвэр гарах хүртэл ялын бодлого хүртэл цогц өөрчлөлтийг хийнэ.
Хүүхдэд зүй бусаар хандсан хүнд хууль өршөөлгүй байдаг гэдгийг монголын төр харуулах цаг нь болсон байна" гэсэн юм. 
Х.Соёл
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан