Монголчуудын 90 хувь нь Д витамины дутагдалд нэрвэгджээ

Монгол Улсын бүс нутаг витамин Д-гийн архаг дутагдалтай хэсэгт тооцогддог байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 21 аймаг болон найман дүүргийн иргэдийг түүврийн аргаар сонгон авч, Д витамин тодорхойлох судалгаанд хамруулжээ. Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95, эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь Д витамины архаг дуталтай болон нөөц багатай гэсэн ноцтой дүн гарчээ. Энэ нь 2014 онд хийсэн судалгаатай харьцуулахад хоёр дахин ихэссэн үзүүлэлт бөгөөд цаашид улам нэмэгдэх  хандлагатай байгаа аж.
“Д амин дэмийн дутагдал монголчуудын дархлалын системийг сулруулахаас гадна ясны сийрэгжилттэй болгож байна. Мөн Д амин дэмийн дутагдал нь олон төрлийн хавдар, аутоиммуны өвчин болон зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог” хэмээн “Гялс” төвийн эмч Б.Нарантуяа анхааруулав. Д витамин нь хүний биед нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр нийлэгждэг цорын ганц амин дэм. Гэтэл манай улс дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тул суурин хүмүүс жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүй байдгийн зэрэгцээ нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим Д амин дэм нийлэгжих хэмжээнд хүрч чаддаггүй аж. Д амин дэмээр баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байх, наранд ил байх хугацаа багасах зэрэг нь дутагдалд орох шалтгаан болдог байна.
“Хүйтэн уур амьсгалтай өндөр өргөрөгийн бүс, агаарын бохирдол ихтэй орчинд амьдрах, нарнаас хамгаалах хэрэгсэл (нарны тос, саравч, сүүдрэвч)-ийг өргөн ашиглах, бараан өнгийн арьстай байх, өдрийн ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлэх зэрэг нь саатуулагч хүчин зүйл болдог” хэмээн НЭМҮТ-ийн их эмч, Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа ярилаа.
• Д витамины дутагдал 2014 оноос хойш хоёр дахин ихэсчээ. 
• Дутагдлаас сэргийлэхийн тулд нэмэлтээр хэрэглэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байлаа. 
• Ходоодны шархлаатай, элэг, бөөрний хүнд өвчтэй, кальцийн илүүдэлтэй, хавдартай хүмүүс хэрэглэхдээ анхаарах шаардлагатай.
Уг амин дэмийг хоол хүнсээр буюу загас, загасны тос, өндөг, мөөг, сүү, үр тариа зэргээс авч болох аж. Хоол хүнсээр авах хоногийн тун 1000 нэгж байдаг. Гэхдээ бүрэн нөхөх хэмжээний хоол хүнсийг өдөр бүр хэрэглэнэ гэдэг амаргүй гэнэ. Учир нь өндгөнд 35 нэгж, 100 гр мөөгөнд 100 нэгж,100 гр яргай загасанд 250 нэгж, 30 гр үр тарианд 100 нэгж гэх мэт агуулагддаг аж. Тиймээс дутагдлаас сэргийлэхийн тулд нэмэлтээр хэрэглэхийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Д амин дэм нь тосонд уусдаг стероид даавар бөгөөд кальци, фосфор болон эрдэс бодисын нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна эсийн болон дархлалын тогтолцоо, ясны бодисын солилцоо зэрэг олон үйл ажиллагаанд оролцдог. Харин дутал нь хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилтээр илэрдэг байна. Түүнчлэн Д амин дэмийн дутагдалтай хүмүүс хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний болон өндгөвчний хавдраар илүү их өвчлөх эрсдэлтэй болох нь судалгаагаар тогтоогджээ.
Тиймээс эхлээд цусны шинжилгээгээр Д витамины хэмжээг тодорхойлсны дараа нас, биеийн жин, цусны ийлдсэн дэх хэмжээг харьцуулан олон улсын стандартын дагуу томьёолж, тунг тогтоодог. Хэрвээ 30-100 нг/мл байвал хангалттай, 20-29 нг/мл бол нөөц багатай, 20 нг/мл-ээс бага байвал дуталтай гэж үздэг байна. Харин 100 нг/мл-ээс их байвал илүүдэлтэй буюу хордох эрсдэлтэй аж. Тиймээс дур мэдэн уухаасаа өмнө заавал шинжилгээ өгч, эмчээс зөвлөгөө авахыг эмч нар санууллаа. “Витамин Д-гийн дуталтай, эсвэл хэвийн гэдгээ мэдэхгүй байж их, бага тунгаар дур мэдэн уусан тохиолдолд эмчлэгдэхгүй. Ямар ч үр дүн гарахгүй учир хий дэмий мөнгө үрж байна гэсэн үг. Тиймээс заавал шинжилгээ өгөх хэрэгтэй” хэмээн НЭМҮТ-ийн их эмч Н.Болормаа дахин онцгойлон анхааруулсан юм.
Д витамины зөв зохистой хэрэглээний талаар “Гялс” анагаах ухааны төвийн ахлагч, хүлээн авах эмч Б.Нарантуяагаас тодрууллаа.
-Д витамин дутагдвал ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ихэвчлэн хөлрөх, ядрах, яс, булчин, үе мөчөөр өвдөх, үс унах зэрэг бодисын солилцооны хямрал явагддаг. Дутагдал нь халдварт өвчнүүд, зүрх судас, бөөр, чихрийн шижин, олон төрлийн хавдар зэрэг өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс нэмэлтээр хэрэглэх нь тохиромжтой.
-Хүнд ямар хэмжээтэй байх ёстой вэ. Дур мэдэн ууж болох уу?
-Тухайн хүний ийлдсэн дэх Д витамин 30-100 нэгж байвал хангалттай гэж үздэг. Тиймээс цусны ийлдсэн дэх хэмжээг тодорхойлсны дараа олон улсын стандартын дагуу томьёолж тунг тогтоодог. Дур мэдэн хэрэглэхгүй байх нь тун хэтрэхээс сэргийлэх ач холбогдолтой.
-Д витамин олон төрөл байдаг. Аль нь илүү сайн бэ?
-Үйлдвэрлэж байгаа орон, бүтээгдэхүүний түүхий эдээс шалтгаалж чанар болон төрөл нь өөр өөр байдаг. Тухайлбал, тосон суурьтай, спиртэн суурьтай, таблетка, тарилга гэсэн төрлүүдтэй. Д витамин нь тосонд уусдаг витамин учраас тосон суурьтай нь илүү үр дүнтэй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог, нас, хавсарсан эмгэг, архаг хууч өвчин зэргээс хамааран аль төрөл тохиромжтойг эмчлэгч эмч сонгоно.
-Хэрэглэж болохгүй эсрэг заалт гэж байдаг уу?
-Ходоодны шархлаатай, элэг, бөөрний хүнд өвчтэй, кальцийн илүүдэлтэй, хавдартай хүмүүс хэрэглэхдээ анхаарах шаардлагатай. Тухайлбал, ходоодны шархлаатай хүн Д витамины дутагдалтай тохиолдолд тухайн витаминыг тарилга хэлбэрээр хэрэглэхэд тохиромжтой.
Г.Санжааханд
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан