ЖИРЭМСНИЙ ЭХНИЙ ГУРВАН САР ДОТОР ОНОШЛУУЛБАЛ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ТӨРӨХ БОЛОМЖТОЙ
Хүн амын дунд хамгийн эрүүл байх ёстой хэсэг бол жирэмсэн эмэгтэйчүүд хэмээн эмч нар хэлж байна. Гэвч энэ зарчим хэдийн алдагджээ. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгджээ. 2018 оны байдлаар 78199 жирэмсэн эмэгтэй хяналтад орсон байна.
Үүнээс 76402 нь серологийн шинжилгээнд хамрагджээ. Уг шинжилгээнд хоёр удаа хамрагдаж байж тэмбүүг илрүүлдэг байна. Өнгөрсөн онд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдлын 24 нь серологийн шинжилгээ өгсөн ч ердөө 10 нь л хоёр удаа хамрагджээ.
Үүний цаана хяналтанд ороогүй, шинжилгээнд хамрагдаагүй 25 жирэмсэн эх байсан байна. Эдгээр хүүхдийн 11 нь төрөлхийн тэмбүү оноштой, төрснийхөө дараа нас барсан бол 14 нь амьгүй төржээ. Эмч нарын хэлж байгаагаар хэнэггүй, хайнга байдлаасаа болж ийм байдалд хүрдэг аж.
Тэмбүүгийн халдвартай эхээс хүүхдэд эхсийн цусан хангамжаар дамжин халдсанаар төрөлхийн тэмбүүтэй болдог байна. Тодруулбал, тухайн ээж жирэмсэн үедээ болон жирэмслэхээсээ өмнө уг өвчний халдвар авсан тохиолдолд эмчилгээ хийлгээгүй, эсвэл эмчилгээ хийлгээд бүрэн эдгээгүй бол хүүхэд эрсдэлд өртдөг. “Гарах үр нөлөө нь зулбалт, амьгүй төрөлт, амьд төрсөн тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэгтэй, амьдрах чадвар султай байхаас гадна зарим тохиолдолд нас бардаг.
Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсний хяналтад эрт орох хэрэгтэй” хэмээн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг ярилаа.
4-5 САРТАЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД ХАЛДВАР ДАМЖИНА
Манай улс Ази, Номхон далайн баруун эргийн орны бүс нутагт хамаардаг. Тухайн бүсэд байдаг орнуудын судалгаагаар жирэмсэн эхчүүдийн дундах өвчлөл 0.5 хувьтай байдаг аж. Харин манай улсад 2017 оны байдлаар 2.4 хувьтай байна. Энэ нь бусад оронтой харьцуулахад тав дахин их үзүүлэлт юм. Монгол улсын хувьд тэмбүүгийн өвчлөл 1990 он хүртэл буурсан үзүүлэлттэй байсан.
Мөн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.
Гэтэл 1990 оноос хойш тасралтгүй өсөж байна. Тэмбүүгийн өвчлөл 2017 оны байдлаар 477 тохиолдлоор нэмэгдсэн байна. Аймгуудын хувьд Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгуудад улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
2017 оноос өмнө амьд төрсөн, нас барсан гэсэн хоёр тохиолдол бүртгэдэг байсан. Харин 2017 оноос хойш амьгүй төрсөн тохиолдол бүртгэж эхэлсэн нь жилээс жилд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол өсч байгаагийн илрэл аж.
Төрөлхийн тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн ДОХ/ БЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалагаас тодрууллаа.
-Жирэмсний хяналтдаа тогтмол орсноор хүүхэд нь эрүүл төрөх боломжтой юу?
-Тийм. Гэхдээ хэзээ оношлогдсоноос бүх зүйл шалтгаална. Жирэмсний эхний гурван сар дотор оношлогдсон тохиолдолд хүүхэд эрүүл төрөх боломжтой. Учир нь эхээс халдвар авч амжаагүй байдаг. Эх, хүүхэд хоёр жирэмсний 4-5 сартайгаас цусны нэг эргэлттэй болдог. Тиймээс 4-5 сартай болсон тохиолдолд халдвар дамжина гэсэн үг. Тэгэхээр маш яаралтай шинжилгээ өгч, эмчлүүлэх хэрэгтэй.
-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Залуус гэр бүл төлөвлөлтөд анхаарах хэрэгтэй. Хэн хэн нь эрүүл эсэхээ мэдэх нь чухал. Тиймээс шинжилгээ өгөх шаардлагатай. Харин жирэмсэн эхчүүд хяналтад заавал орох ёстой. Мөн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.