Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2019 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Байгууллагынхаа 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын үр дүнг хамт олондоо тайлагнан дүгнэж, ажил үйлсээрээ тухайн онд манлайлан ажилласан ажилчдын төлөөлөлд эмнэлгийн болон төр, хувийн хэвшлийн байгууллагын шагналаар шагнан урамшууллаа.
Энэхүү арга хэмжээг байгууллага, хамт олноороо бахархах бахархлыг бий болгох, тухайн жилдээ гаргасан ололт амжилтаа хамт олондоо танилцуулах зорилгын хүрээнд зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд тус тайлангийн хуралд нийт 500 гаруй эмч, ажилчдын төлөөлөл оролцож, Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир мэндчилгээ дэвшүүлэн, 2018 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, 2019 оныг “Сахилга, хандлага, ёс зүйн жил” болгох зорилтыг дэвшүүллээ.
Тус тайлангийн хурлын арга хэмжээний үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрхэм дээд шагнал болох “П.Н.Шастины нэрэмжит шагнал”-ын эзнийг тодруулдаг бөгөөд 2018 оны шагналын эзнээр Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэлийг тодрууллаа.
Тэрээр сүүлийн 5 жилийн хугацаанд эмнэлгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн эмч, мэргэжилтний тасралтгүй сургалтанд онцгой анхаарч, шинжлэх ухаан технологийн сангаас 890 сая төгрөгийн санхүүжилттэй 5 төслийг удирдан зохион байгуулж, эмчилгээ, оношилгооны олон шинэ арга, технологиудыг нэвтрүүлсэн зэрэг оюуны бодит хөдөлмөр, ололт амжилтыг үнэлж тус шагналаар шагнасан юм.