Эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхан гэж юу вэ?

Нэгэн эр эхнэрээ нас барсны дараа “Халуун зунаар саалиа орхиод явчихдаг эм гэж бас байдгаа” гээд гайхшраад байсан тухай нэг тийм онигоо маягийн түгээмэл яриа байдаг шүү дээ. Эрчүүд бид чинь эмэгтэйчүүд та нар минь үгүй бол үнэхээр хэцүү, наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг таг гацчихдаг хүмүүс шүү дээ.

 Бүсгүйчүүд хажууд байхад цус шингэн, бие хөнгөн, сэтгэл сэргэлэн байдаг нь арга, билэг дор жам ёсны юм. Та нар минь үгүй бол “Хязгааргүй хайртай” гэж  хэндээ хэлэх вэ дээ бид чинь. Энэ үг хүн бүхний амьдралд эрч хүч нэмж ажлын хүнд, цагийн  хатууг давахад ямагт эрчүүдтэй үргэлж хамт байдаг юм даа.
 
Хайр гэдэг бол хүний дотоод сэтгэлийнх нь охь юм. Энэ увидас хорвоогийн залуу, хөгшин хэн бүхэнд адилхан заяадаг тул оройтсон, хэнзэдсэн, хэтэрсэн гэж үзэх нь үгүй. Энэ бол биологийн настай огтхон ч  хамаагүй зүйл. Нэгэнт хайр сэтгэлийн тэр амтыг мэдэрсэн хүн оюун санааныхаа тэлэлт ханамжийн нөлөөнд танигдашгүйгээр өөрчлөгдөх ажгуу.
 
Олзонд дуртай монгол эрс эрт цагаас харь орныг эзлэхээр хол ойр, халуун хүйтнийг тоолгүй дайны талбарт тэмцэлдэн олзолсон эд хөрөнгө, эмс хатадаа эзэмдэх гэж чөлөө завгүй хөшилдөж байхад тэдний эхнэрүүд ар талд нь эзэнт гүрнээ эрхлэн, эрх үрсээ өсгөж байсан түүхтэй. Эдүгээ ч ялгаагүй өндөр албаны томчууд маань гадаад орноор олз хайж, эрчүүд ажилгүй бол эхнэрүүд нь арга ч үгүй ажилд хайгаад хаашаа ч хамаагүй явж байна шүү дээ.
 
Иймээс эрчүүд нь ар талыг нь дааж үлдэхээс өөр аргагүй боллоо. Баттай эсэх нь хамаагүй ээ, дааж л байгаа юм чинь. Гэхдээ энэ бол дайтахаас даах нь хэцүү гэдгийг бид тэр дороо л ойлгожихүй.
 
Эмэгтэйчүүд болвоос эрчүүдээс илүү тэсвэртэй бас ухаалаг гэж би хэлэх гээд л байна л даа. Зөвхөн өвч биеийнхээрээ ч бус, ерөөсөө л бүх талаараа, байгалиас заяасан увидас нь байх. Хэрэв тэд дайснаа даръя гэвэл эрчүүд шиг шулуухан л уухайлан дайрахгүй ээ, гараад уулзая ч гэхгүй, хүмүүс юу ч гэж ойлгох юм билээ. Талцаж тэсвэртэй нь аргагүй жив жив ярьж байгаад л нам дарж авдаг.
 
 Ямар тэсвэртэй эр нэг ам дөрвөлжин метрт ургасан улаан буудайн үрийг ширхэгчлэн тоолж, ногооны зах дээрх нэг портер машин дүүрэн монгол ногооноос жинхэнэ монголыг нь ялгаж авч чадах юм. Иймэрхүү нарийн эрдмийн болон зах зээлийн наймаанд эмэгтэйчүүд маань аргагүй л гарамгай даа. Эрчүүд үүнийг даанч дийлэхгүй мэдрэлийн гүн ядаргаанд орчихоод түүнийгээ тайлах гэж үйлээ үзнэ шүү дээ. Эрчүүд ажилгүй болж нийгмийн статусаа алдахаар санааны хямралд орж буйдан дээрээ буруу хараад хэвтэж орхино.
 
Эмэгтэйчүүд ийм үед эрчүүд шиг тэгж алийгаа алдаж буйдан дээр унах гэж санах ч үгүй, алаг эрээн гахай цүнхээ үүрч аваад, алтан үсэгтэй улаан паспортаа өвөртлөөд адаглаж Эрээн орохоор гарч өгнө. Аргагүйдээ тулахад аль ч хамаагүй хоолны газарт аяга таваг угаахаар ажиг ч үгүй очдог юм шүү эрчүүдээ. Эрчүүд шал шаазан угаахгүй ээ, хол хэвтэнэ. Язгуур угсаат, даяар монголын дайчин удам, шалны алчуур бариад ч юмуу, шаазан таваг угаагаад зогсож байхыг та хэзээ, хаана, аль яваа насандаа харсан юм, аан... Тэд нар хэзээ ч тэгэхгүй.
 
 Тэрний оронд ходоод руугаа гал шиг халуун идээг грамм бус литрээр цутгаж магадгүй дээ. Гал усны охь цээжинд нь байхад ямарч эр хүн яаж тэсэх вэ дээ. Гэртээ тогтохгүй гадаа гарахаараа аягүйтвэл халагдсан ажлынхаа даргад ч юмуу эсвэл ерөөс хаа хамаагүй хүнд ч агсам тавих гээд гээд байдаг юм. Гомдсондоо ч бус цээжиндээ шатаж байгааг намтгах гэсэндээ  тэр л дээ зайлуул.
 
 Эмэгтэйчүүд бол үгүй, ухаанаараа л үзнэ. Тэд ийм л барагдашгүй тэсвэртэй, баригдашгүй хүчтэй, хөрөшгүй сэтгэлтэй, эр нөхөр, үр хүүхдийнхөө төлөө юугаа ч өхөөс буцахгүй хүмүүс. Эмэгтэй хүний нуруун дээр ертөнцийн тал багтдаг гэж үг байдаг. Яаж багтаадаг юм гэж үү. Багтаанаа багтаана тэд бол багтаамжтай, тал бус бүтнээр нь ч багтаасаар ирсэн юм чинь. Яагаад гэвэл эхээс төрөөгүй хүн энэ хорвоод үгүй.
 
 Эмэгтэйчүүд бол бүх зовлонг туулж үргэлж бусдын төлөө өөрөө зовж байж л сая жаргадаг хүмүүс шүү дээ. Хаа жаргалтай газарт бус, хаана бусдын төлөө зовмоор байна тэнд л аз жаргалтай байдаг. Амар тайван амьдрах  атал сэтгэл санааны мөнхийн хөдөлгөөнд оршдог бүсгүйчүүл маань зовох юмгүй бол тэр дор нь өөрөө бодоод сэдээд гаргаад ирдэг юм. Тэгээд л зовж гарна даа. Үр хүүхдүүд нь түүнийг жаргалтай газар байлгахад би одоо хэнд ч хэрэггүй болж дээ гээд л санаамшраад  байдаг юм.
 
 Эмэгтэйчүүдийн агуулдаг олон сайхан тал бий л дээ, харин тэр дундаас зөвхөн тэдэнд заяадаг онцгой нандин нэг юм бий. Энэ бол түүний гоо үзэмж агаад түүнийгээ эмэгтэйчүүд маань өөрсдөө л бий болгодог гайхамшигтай уран мэдрэмж нь. Үүнийг зөвхөн мөрөндөө хамба торго нөмрөөд, мөч болгондоо алт эрдэнэс зүүгээд ч юмуу,  нүүрэндээ оо энгэсэг түрхээд шийдчихдэг зүйл биш л дээ. Өөрсдийнхөө билэг оюун, бие бялдар, зан ариншин, сэтгэл зүтгэлээрээ, өөрөөр хэлэхэд толгойгоороо бий болгодог, иймээс толгой нь сайн бол доод биеэ  аваад явчихна хэмээх  энэ үгийн |бусад эрхтэнээр бус | далд утга нь энд нуугдаж байх ажгуу.
 
 Арван хуруу тэгш гэж хуучны үг байдаг даа.  Гараас нь атгахад хамба хилэн мэт, үнэр нь өнтөй намрын сугар өвс шиг, биеийн галбир нь цагаан Дарь эх шиг, өнгө үзэмжийг нь хэлвээс сарнайн үзэмжийг дарж, уруулын чинь улааныг шунхан улаан яахан гүйцэхэв гэж хуучны шүлэг найрагт байдаг. Тэдэнд яльгүйхэн аальгүйтэх нь ч хэтэрснээс зохисон нь илүү мэт. Гоо сайхан гэдэг бол хүн бүрт эх байгаль, эцэг эхээс тус тусд нь заяадаг, бас нэгэн онцгой увидас юм. Хэн нэгэнд чиний гоо сайхан заяахгүй, энэ бол давтагдашгүй, зөвхөн чамд л байх цор ганц нандин зүйл. Түүнд гүн гүнзгий агуулга, төгс уран хэлбэр, тунчиг  халуун хайр аль аль нь бий.
 
Эр нь болвоос эрч хүчтэй, эм нь болвоос гоо үзэсгэлэнтэй байх агаад хоёуланд нь зайлшгүй байх нэг чухал зүйл бол хүнлэг зан, ёс суртахуун, ухаанд нь шингэсэн мэдлэг чадавх нь. Энэ бүгдийг л цогцлуулж тохируулахдаа эмэгтэйчүүдийн уран мэдрэмж, мяндсан ухаан давамгайлж байдаг юмдаа. Хун галуу нь усандаа, хүний гоё нь ухаандаа гэдэг хуучны энэ үг чухам үүнийг л  хэлсэн бусуу.
 
  Орчин үеийн ухаалаг эмэгтэйд гоо сайхан хэмээх дагуур мэнгэ хэрэгтэй юу гэж уншигч авгай Та асуух буйзаа. Ямар ч ухаалаг бай, биш ч бай эмэгтэй хүнд гоо сайхан зайлшгүй хэрэгтэй, түүнгүйгээр бол тэд нар маань наашаа ч үгүй, цаашаа ч үгүй яг таг гацчихаад байдаг юм. Ерөөс муухай эм гэж энэ хорвоод үгүй л дээ. Гэхдээ нэг хэцүү зүйл бас бий. Ямарч хүн өөрөөсөө илүү гарах гэхээрээ л болохоо больдог юм даа. Нөгөө нэг хэцүү нь бол ааш ариншин. Хүү хүн аагтай ч түймэр мэт бүү ноц. Хүүхэн хүн ааштай ч салхи мэт бүү хуйсгана  гэж хуучны үг бий. Тийм эмэгтэйн дэргэд эрчүүд тогтохгүй, намрын шувууд шиг нисч, хаврын цас шиг хайлж одох бусуу. Ингэж өөрөө өөрийгөө муухай болгочихдог нь бол бас цөөнгүй.
 
 Эмэгтэй хүн эрүүл чийрэг, залуу сайхан харагдахын тулд өөрийнхөө зүс төрхөд тохирсон хувцас сонгон, нүүрэндээ таарсан энгэсэг тавьж чадвал түүнийг сайхан эмэгтэй л гэнэ. Мэдээж чанартай, хийц сайтай гоё хувцас, үнэт сайн эдлэл  хэнийг ч өөд нь татна. Энд жор нь л таарах хэрэгтэй. Хаа хүртэл гоо үзэмж, хаана нь хэтрүүлэг болох вэ  гэж.
 
 Хуучны үгэнд мөрөндөө таарсан дээлтэй, мориндоо таарсан эмээлтэй хэмээн сургадаг нь энэ тухай юм шүү дээ. Эд баялаг, эрхэлсэн тушаалд нь дурлаж гэрлээд эцэст нь харамсах нь бас бий. Иймээс бүсгүйчүүд та нартаа аминчлан захихад эхэлж сэтгэлд нь дурлаад дараа нь гэрлэж бай л гэе. Эсрэгээрээ бус.
 
Эмэгтэйчүүд бол үүнийг гарамгай сайн ойлгодог ч зарим нь хэтрүүлчих гээд байдаг тал бас бий. Биедээ ганган хувцас толбигсон ч усан тэнэг байвал хэцүү, ухаан оюунаар бусдаас давуу ч өмссөн хувцас нь тарианы талбайд тавьсан айгуул мануухай шиг байвал бас л хэцүү биз дээ. Бие ганган, хувцас дэгжин ч сэтгэл нь бохир бол бүр ч хэцүү. Гол нь сэтгэл цэвэр, ухаалаг золбоолог, өөрийн гэсэн үзэл бодолтой байж, эрчүүдийг гайхшруулах чадвар эмэгтэйчүүдэд бий юу гэдэгт л байдаг. Тийм бүсгүйчүүд бол үргэлж үзэсгэлэнтэй, үргэлж сайхан л харагддаг. Ийм төрх эмийн үзэсгэлэнг тодруулах гол суурь нь юм. Тиймгүй бол ямарч юм биедээ наасан тэр нь түр зуурынх, гоо сайхны агуулгад нөлөөлөх нь тийм ч баттай зүйл биш. Иймээс хэлбэрээс агуулага нь л гэж байгаа хэрэг.
 
Гоо сайхан гээд л арьсаа татуулж, хөхөөө силиконоор дүүргэн,  турж үхэхээс наахнуур байж биеийн хэмжээг 90,60,90-д барьснаар л, энэ мисс, тэр топ моделууд, тэр том хөхтөй жүжигчдийг дуурайж байж л сая болно гэвэл бас үгүй юмаа. Тэднийг дуурайгаад Та хэзээ ч төгс болж чадахгүй яагаад гэвэл Та ямагт хуулбар |оригиналь бус| байх болно. Харин эл байдал хэрээс хэтрэхээр эзнээ эвгүй байдалд оруулдаг.
 
Тэндээс та гоо сайхныг хайвал хиймэл цэцгээс бал гордох лугаа адил. Эмэгтэй болгон заавал тийм байж гэмээж нь гоо сайхан болохгүй. Гоо сайхан гэж яг тийм юм байх ёстой, сайхан бүсгүй гэж чухам иймийг л хэлнэ гэх тунхаг ч бас байхгүй л дээ. Энэ бол ундрага нь үл барагдах эмэгтэйн гоо үзэмжийн мөнхийн нууцлаг увидас агаад манай бүсгүйчүүл үүнийг өөр өөрийнхөө мэдрэмжээр олж бүрэн илрүүлж чаддаг юм.
 
Моод, цагийг даган хувирах ба гоо үзэмж бол мөнхийн зүйл.  Энд бүсгүй хүний цээжний гүнээс гарах амьсгал дахь сэтгэлийн ариун үнэр, мэдлэг чадвар, уран мяндсан ухаан, сэргэлэн цовоо ааш ариншин, орчлон дэлхийг бусдаас өөрөөр харж түүнээс хэн хүний олоогүйг олж мэдрэх билэг авъяас бүхнээр гоо сайхан баяжина. Энэ мэдрэмж дээр царай зүсний жинхэнэ өнгө нь тодрох агаад үзэсгэлэн гоо гэх дүр төрхийг сая бий болгох авай. Үүний цаана оюун билэг, хайр сэтгэлийн гүн утга агуулага бүхий сайхан бүсгүй нууцлагдаж байдаг билээ.
 
 Хамгийн дээд үнэлэхүй гоо сайхан гэж хорвоод байхгүй. Эмэгтэй хүн бүр өөр өөрсдийнхөө амьдрах орчин соёл, ёс заншилдаа зохицуулан өөрсдөө гоо сайхнаа бий болгодог нь өнө эртнээс уламжлалтай зүйл. Африкийн ширэнгэд амьдрах зарим омгийн бүсгүйчүүл хамраа сэтлэн зэрлэг гахайн соёогоор дөрлөж, хэлээ хөх өнгөтөй болгон, уруулаа улам сунгаж таваг мэт хавтгай мод зүүж гангардаг, араб бүсгүйчүүд хоёр хөмсгөө нийлтэл ургуулдаг, зүүн азийн Бирма оронд каяа омгийн бүсгүйчүүл хүзүүндээ метал цагираг зүүж түүнийгээ улам  нэмсээр анаашийн хүзүү мэт урт болгодог бол орчин цагийн хөгжилт орны эмэгтэйчүүд том хөхтөй, урт хөлтөй, нарийн бэлхүүстэй байхыг мөрөөөдөж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд минь та нар өөрсдөө л гоо сайхан. Яагаад гэвэл та нар өөрсдөө л үүнийгээ бий болгодог. Та нарын бий болгосон энэ  “Гоо үзэсгэлэн дэлхийг аврана” гэж суут Достоевский үүнийг л хэлсэн байх.
 
 Би гоо сайхны мэс заслыг эсэргүүцэгц биш л дээ, энэ бол хүний хувийн хэрэг. Алд дэлэм махан бодийг алтаар бүрсэн ч, арьсаар татсан ч боломж нь өнөөдөр  байна. Үр дүн нь өөрт нь таалагдаж, сэтгэл нь хангалуун байвал боллоо гэж боддог байлаа. Гэтэл ийм нэгэн тохиолдол миний бодлыг сарниулсан юм.
 
Израйлийн порно од Орит Фокс гэгч бүсгүй өөрийн тайчих үзүүлбэрээ аварга могойн хамт хийдэг байж л дээ. Нэг удаа нөгөөх могой нь түүнийг гэнэт боож дараа хөхөн дээр нь хатгаж үзэгчдийг бөөн сандралд оруулав. Хэсэг хугацааны дараа могойд боогдож шоконд орсон эмэгтэйг хүмүүс салган авч түргэн тусламжаар эмнэлэгт хүргүүлжээ. Тэнд Фоксийн биед азаар ямар нэг хүнд гэмтэл учраагүй болохыг тогтоож. Харин түүнийг хатгасан нөгөөх могой үхчихсэн байв гэнэ. Яагаад... гээч? Түүний хөхөндөө шахуулсан Силиконд аварга том могой хордсон байжээ. Силикон бол маш хортой бодис аж. Амьд организмд хүрсэн нөхцөлд эд эс нь задралд ордог аюултай тул түүнийг шууд нүцгэн биедээ хүргэж үл болох тухай эмч нар анхааруулдаг бөгөөд гоо сайхны мэс засалд хэрэглэхдээ хүний биед үл нэвтрэх давхар бүрхэвчээр тусгаарладаг ажээ. Аварга могой үүнийг яаж мэдэхэв дээ зайлуул.
 
Энэ тухай би хэвлэлээс олж мэдээд бүсгүйчүүд маань ангир уургаа амлуулж, алаг үрээ өсгөдөг амин чухал эрхтэндээ ийм аюулт хор шахуулж байх ч гэждээ хэмээх гунигт бодол тээж билээ. Уул нь бүсгүйчүүд аливаад маш гярхай байдагсан. Та ажигласан байхаа. Тэд хил дээр зогсож биеийн жингээ үзэхдээ бүр ч гярхай гээч, хувцас хунар, гоёл, үсний хавчаар, оо энгэсгээ бүгдийг авч, гэдсээ татаж, амьсгаагаа түгждэг юм. Яагаад тэгж байгаа юм гэж үү? Илүү жин нэмэхгүйн тулд доторхи агаарыг гадгаш гаргаж гаднаас нэмж оруулахгүй гэж байгаа юм.
 
Эрчүүд ч бас гэдсээ татдаг биздээ гэж үү? Татнаа, татна гэхдээ тэд доодохоо харахын тулд гэдсээ татдаг юм. Бид доор хил дээрх тоог харахын тулд гэдсээ татдаг байхгүй юу.
 
Нэг эмэгтэй Памела Андерсон шиг хөхтөй, Клаудия Шиффер шиг нүдтэй болохыг мөрөөдөн гоо сайхны мэс засалд оржээ. Хөхөө томруулж, нүдэндээ давхраа хийлгээд иртэл нөхөр нь бүр танихгүй байна гэнэ. Мэс засал хийж байгаа эмнэлэг эмч нар бол манайхан л даа. Тэд Андерсон гэж үлгэр байдаг билүү? Шиффер гэж хэн билээ? Барилгын дээвэр хийдэг билүү? гэхээс бус Андерсон ямар хөхтөй, Шиффер ямар нүдтэйг яаж мэдэхэв дээ зайлуул.
 
 Эр нөхөр нь гайхаж гайхаж  эхнэрээ сая таниад эрэвгэр хөх нь энгэр дүүрэн мах болж, энхрийлэн үнсдэг торомгор нүд нь хэд хоног өөд уруугүй суулгаж, өтгөн шингэнээ өдөр дараалан алдсан мэт гархилж огт өөр болсонд ихэд дургүйцэн орой нь өөр газар ороо засаад унтаад өгч гэнэ. Эл байдал нилээд үргэлжилж эхнэр нь аргаа барахдаа нэг ухаан сэдэж л дээ. Тэгээд хучлагыг нь шөнө сэм авчихаж гэнэ. Нөхөр нь шөнө  даараад өвөрт нь өөрөө ороод ирж магадгүй л гэсэндээ тэр л дээ зайлуул. Тэгээд яасан гээч... Яг л түүний хүссэнээр болж байгаа юм даа. Хүүхнүүд ийм л овжин ухаалаг хүмүүс дээ.
 
 Эмэгтэй хүн олон талын мэдлэг чадвартай байх тусмаа л нүдэнд дулаан, үзэсгэлэн гоо харагдаж эрчүүд үүрээ тойрсон зөгий мэт ойр хавиар нь хуйлран эргэлдэх  болно. Ийм бүсгүйчүүдийг эрийн тэнгэртэй гэдэг бусуу. “Сайхан шувууг суух мод нь хайдаг аа” гэж үг байдаг, сайхан бүсгүйг хайрлахаар эрчүүд нь хайдаг бусуу. Сайхан бүсгүй гэдэг хэзээ ч, хаана ч үргэлж сайхан л байдаг.
 
Эрчүүд болвоос өөртөө байхгүйг л эмэгтэйчүүдээс хайдаг, тэр нь дур дулаам гоо үзэмж, зөөлхөн бөмбөгөр цээж, уян налархай ариншин, өмнөөс цорвойх жимсэн улаан уруул, тэр гоё үнэр гээд ... л зөндөө юм бий. Бүсгүйчүүдийн тэр сайхан үнэр, амьсгал нь гэж.. хаана байхав дээ. Эрэгтэйд байхгүй юм болгон түүнд сонин. Ийм үедээ тэд өөр юуг ч олж харах чадваргүй болчихдог. Тэр эмэгтэй ямар зан ариншинтай, хэр ажилсаг, гэр орноо авч явах, үр хүүхдээ өсгөж, хоол унд хийж чадах эсэхийг бодох ч сөгөөгүй болчихдог. Түүнд зөвхөн эрх  цагаан дагина, элсэн цаг шиг бэлхүүс нь  л харагдаад байдаг. Хорвоо гэдэг сонин шүү тэгээд л эрчүүдийн цээжинд яруу уран үгс өөрөө аяндаа л урсаад ороод ирж байгаа юм даа. Гэтэл эмэгтэйчүүд маань магтаж байхгүй бол наргүй өдөр шиг бүүдийж,  намрын навч шиг хатах гээд байдаг. Аргагүй шүү дээ гоо үзэсгэлэнг харсаар байж хэн ч магтахгүй байхад.
 
 Нүдээ нээцгээ эрчүүдээ, тэр амьд ертөнцийн гоо сайхан ердөө л хажууд тань буйг олж харцгаа л даа та нар минь. Хайрт гэргийдээ “Нүд чинь гүн хайрыг агуулах агаад царай чинь далийн ягаан дэлбээлэх мэт, инээмсэглэл чинь өглөөний наран мандах мэт” гэж ганц Мартын наймнаар ч бус бүхий л амьдралдаа  хэлж бай эрчүүдээ. Ийм үед л эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн улам тодордог. Тэд үнэхээрийн гайхамшигтайгаар өөрчлөгддөг, өмнө нь “үгүй” гэж байсан бол жаахан байж байгаад л дараа нь “за” гэдэг юм.
 
Амьдралд чинь тохиосон хамгийн үнэтэй шагнал юу вэ гэж уншигч авгай Та надаас асуувал би эмэгтэйчүүд л гэнэ. Тэднийг ямарч өндөр шагнал, эд баялаг, одон медалтай зүйрлэшгүй. Яагаад гэвэл дараа нь... мөн л тэднийг ямагт дахин хүсч мөрөөдөж байдаг юм даа эрчүүд бид чинь.
 
 Хайрт хүнээ алаг цэцгийн баглаа, асрамж халамж, ариун хайраараа  “Ааах” гэж дуу алдтал нь баярлуулж бай эрчүүд минь. Тэднээс өөр биднийг хаана, хэн тоох юм.
 Эмэгтэйчүүд байхгүй бол бид яах байсан юм. Аан..? Хос багана нугардаггүй, холбоо нуур ширгэдэггүй гэж үг байдаг. Бид хосоороо байхдаа л жаргалтай ч, азтай ч, хүчтэй ч, бас сүртэй ч.
 
Эмэгтэйчүүд Та нар минь  байхгүй бол
Энэ хорвоогийн үзэсгэлэнг хэн бидэнд өх юм.
Эрээн  алаг цэцэгс хэний төлөө дэлбээлж
Энхрий үрсийг  минь хэн төрүүлж өх юм.
 
Бүсгүйчүүд минь Та нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхны батбилэгдэл өргөн мартагдашгүй мартын наймандаа сэтгэл дүүрэн баярлаарай хэмээн мэндчилж “Бүсгүйчүүд өөрсдөө л гоо сайхан” хэмээх хошин өгүүллэгээ өргөн ажааму. 
Найдансүрэнгийн Бадарч
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан