Сайхан сэтгэлтэй байх нь өндөр цалингаас илүү аз жаргалтай болгодог

Сайхан сэтгэлтэй байх нь өндөр цалингаас илүү аз жаргалтай болгодог

 

Жил бүрийн олон улсын аз жаргалын өдрөөр Дэлхийн аз жаргалын тайлан нийтлэгддэг. Тус тайланг “Gallup”, Оксфордын их сургуулийн сайн сайхан байдлын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ хамтран гаргадаг. Энэ жилийн тайлан сайхан сэтгэлийн үйл дээр анхаарсан байна. Сайн сэтгэлтэй байх гэдгийг тэрхүү тайлан мөнгө хандивлах, сайн дурын ажил хийх, танихгүй хүнд сайхан зүйл хийж өгөх гэсэн гурван төрөлд хуваажээ.

Тоо баримт дээр үндэслэн судлаачид дэлхийн хүн амын 70 хувь нь сүүлийн сард дор хаяж нэг төрлийн сайхан зүйл хийсэн гэдгийг илрүүлсэн байна. Торонтогийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Феликс Чеунг “Энэ бол үнэхээр өндөр тоо. Энэ тоог хараад үнэхээр сэтгэл сайхан байна. Бидний эргэн тойронд байгаа арван хүний долоо нь өнгөрсөн сард ямар нэгэн сайхан зүйл хийжээ” гэсэн юм.

“Gallup” фирмийн олон нийтийн секторын захирал Илана Рон-Леви хэлэхдээ сайхан зүйл хийх нь уг үйлийг хүлээн авагч болон үйлдэгч хоёрт аль алинд нь аз жаргал мэдрэхэд тусалдаг гэдгийг илтгэх баримт бий хэмээжээ.

Хандив өргөх, нэг цаг сайн дурын ажил хийх эсвэл бусад жижиг сайн үйлсэд хувь нэмрээ оруулах нь өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч тоо баримтаас харвал өөр үр дүн илэрч байгааг Рон-Леви онцолсон байна. Тэр “Өгөөмөр сэтгэлийн үйл хийх нь өндөр цалин авахаас илүү хүнийг аз жаргалтай байх эсэхийг нь таамаглах хэрэгсэл болж өгдөг” гэсэн юм.

Саймон Фрэйшерийн их сургуульд нийгмийн сэтгэл судлалын профессороор ажилладаг, Дэлхийн аз жаргалын тайлангийн редактор Лара Акнин сайхан сэтгэлийн нөлөөг судалж, үр дүн нь чухал болохыг илрүүлжээ. Нэгэн туршилтаар их сургуулийн кампус дээрх оюутнуудыг өөрсдийнх нь аз жаргалын түвшний тодорхойлуулсан байна. Үүний дараа судлаачид тэдэнд хоёроос таван ам.доллар өгч, өөртөө эсвэл өөр нэг хүнд зарцуулахыг даалгажээ.

Акнин үр дүнг тайлбарлахдаа “Дараа нь бид хүмүүсийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг хэмжсэн. Үндсэндээ бид мөнгийг бусдад зарцуулсан хүмүүс өөртөө зарцуулсан хүмүүсээс илүү аз жаргалыг мэдэрснийг илрүүлсэн” гэсэн юм. Энэ үр дүн Өмнөд Африк, Уганда зэрэг бусад улс орнуудад ч илэрсэн байна.

Эх сурвалж: CNN

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан