ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба Сүрьеэгийн Лавлах Лаборатори 2024 оны 12-р сарын 10, 11-ий өдрүүдэд “Уушгины сүрьеэтэй байж болзошгүй хүүхдийн өтгөний сорьцод молекулын Xpert MTB/RIF шинжилгээ хийх аргачлал” сэдэвт сургалт Глобаль сангийн сүрьеэгийн төслийн дэмжлэгтэй зохион байгууллаа.
Дэлхий дахинд жил бүр 1.1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаагаас зөвхөн 400 000 тохиолдол нь бүртгэгдэж байна. Ялангуяа 5-аас доош насны хүүхдэд сүрьеэ илрэхгүй, бүртгэгдэхгүй тохиолдол өндөр байсаар байна.
Хүүхдийн сүрьеэг нян судлалаар батлахад төвөгтэй байдаг нь хүүхдээс сорьц цуглуулахад бэрхшээлтэй, мөн түүнд агуулагдах нянгийн тоо бага байдагтай холбоотой.
Хүүхэд цэрээ гаргаж чадахгүй залгиснаар ходоод гэдэсний замаар орж, өтгөнд нь сүрьеэгийн нян илэрч болдог. Тиймээс ДЭМБ 2021 оноос уушгины сүрьеэтэй байж болзошгүй 10-аас доош настай хүүхдэд цэр, ходоодны угаадсаас гадна өтгөний сорьцод Xpert MTB/RIF (Ultra) шинжилгээ хийхийг зөвлөмж болгож байна.
Манай улсад хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд өтгөний сорьцод Xpert MTB/RIF (Ultra) шинжилгээ хийх аргыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа учраас энэхүү сургалтыг зохион байгуулсан.
Сургалтад УБ хотын Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, СХД-ийн НЭ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн нийт 8 лаборант оролцлоо.
Энэхүү сургалтаар лабораторийн мэргэжилтнүүд хүүхдээс өтгөний сорьцыг хэрхэн цуглуулах, өтгөний сорьцыг SOS, OSF аргаар шингэрүүлэн Xpert MTB/RIF (Ultra) шинжилгээ гүйцэтгэх техник ур чадвар эзэмшиж, онолын мэдлэгтэй боллоо.