Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ сарын 4-ний өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрчээ. Тиймээс ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлгэсэн ч эмнэлзүй, лабораториор оношийг үгүйсгэсэн байна. Тодруулбал, найман настай Х нь тарваганы түүхий давсаг хоёрыг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсанаар мэргэжлийн байгууллагууд ийнхүү шуурхай ажиллажээ. Хэдийгээр энэ удаад оношийг үгүйсгэсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. Хуулиар тарвага агнахыг гурван жилээр хориглосон ч иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар оруулж ирсээр байгаа юм. Тиймээс иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх. Мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын ундэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
М.Өнөрөө
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин