М.Мөнхжаргал: Эмэгтэйлэг шинж давамгайлсан хөвгүүд олон боллоо. Хөвгүүдийнхээ эр хүйсийг хамгаалъя

“Сонгдо” эмнэлгийн Бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч М.Мөнхжаргалтай эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.
-Манай улсад эрэгтэйчүүдийн өвчлөл ямар төвшинд байгаа талаар болон ямар өвчлөл зонхилж байна вэ?
-Сүүлийн үед эрэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдварт өвчин түгээмэл байна. Хүмүүс өөр өөр өвчнөөр өвдөж байна. Залуу хүмүүсийн хувьд бэлгийн замын халдварт өвчин, харин нас тогтсон хүмүүст түрүү булчирхайн өвчлөл хавсрах тохиолдол элбэг.  Гэхдээ эмч бүр л өөрт ирж байгаа өвчтөнийг их байна гээд яриад байвал хиймэл тоо болчихно. Тодорхой хугацаанд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд өвчлөл жаахан залуужиж байгаа юм шиг санагддаг. Бидний болон гадаадын эрдэмтдийн хийсэн шинжилгээ, судалгаанаас харахад шээс, бэлгийн замын зовиуртай хүмүүсийн тал хувь нь эмчид үзүүлдэггүй гэсэн байдаг. Тэр зовиуртай нөхдийн тал нь л эмчид ханддаг.
Бэлгийн ариун цэвэр болон нийгэмд биеэ авч яваа хувь хүний онцлогоос шалтгаалсан, өөрөөс хамаарахгүй өвчлөлүүд бас бий. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгээр гарч ирдэг. Шилжилтийн насны болон нөхөн үржихүйн насны залуучуудад илрэх тохиолдол элбэг. Үүнийг цэрэгт татлагын үзлэгийн үеэр эмч нар мэдэж, оношилдог тохиолдол цөөнгүй. Ийм төрлийн өвчлөлийн хувьд цэргийн комиссоор ороогүй хэд нь баригдахгүй үлдчихээд байна.Зугтдаг юм уу, аргалдаг юм уу эрүүл мэндийн үзлэгийн гадуур явж байгаад сүүлд 27, 28 хүрээд хагалгаанд орж байгаа хүн цөөнгүй. Тэгэхээр дүгнээд хэлэхэд заавал эмч бид нар барьж, базаж байж өвчинг тодорхойлдог нь үеэ өнгөрөөсөн. Тухайн иргэн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Төрийн зүгээс ч дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Монгол Улсын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хувьд  ямар өвчин түгээмэл байна, ямар шалтгаантай байна гэдгийг нарийн судалсан судалгаа байхгүй. Энэ хавар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар нэлээн ярьж, яамны зүгээс арга хэмжээ авч ажиллана хэмээж байсан. Одоогийн нөхцөлд бол төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого нь санаанд хүрэхгүй байна.
Хамгийн түгээмэл өвчлөлд халдварт өвчин орж байна. Орчин үед оношилгоо сайжирсан учир ямар нэгэн өвчин илэрвэл зөв тодорхойлж, эмчлэх боломжтой болж. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд нууж, хаах тохиолдол элбэг. Үүнээс болоод өвчлөлийг улам даамжруулж газар авхуулдаг. Цаашдаа гэр бүл салалтын асуудал хүртлээ яригддаг. Тиймээс хэрвээ өвчилбөл үнэнээ хэлээд хамт эмчлүүлэх шаардлагатай. Нэн түрүүнд эрүүл мэнд чухал шүү дээ.
-Бэлгийн замаар дамжих халдвараас гадна түрүү булчирхайг үрэвсүүлэх ямар шалтгаан байдаг вэ. Мөн хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Тухайн хүний нас, амьдралын хэвшил буюу суугаа ажилтай болон бэлгийн харилцаа тогтмол бус тоо, чанарын хувьд дутагдалтай хүмүүсийг эрсдэл өндөртэй гэж үздэг. Мөн үрэвсэлт өвчнүүд түрүү булчирхайн үрэвслийг үүсгэх магадлалтай. Хамгийн түрүүнд биеийн тамираар хичээллэж, маш спортлог байх хэрэгтэй. Өдөржингөө ширээний ард суудаг, хөдөлгөөн багатай байдаг хүний бүх биеийн булчингийн үйл ажиллагаа суларна. Тэр хэрээр түрүү булчирхай муу ажиллана. Бэлгийн чалх муудахаар бэлэг эрхтний хөгжилд сөргөөр нөлөөлнө. Сүүлдээ шээдэг талын хүндрэлүүд гарч ирнэ. Эдгээр нь хуримтлагдсаар байгаад түрүү булчирхайн хүндрэл болдог. Биеийн хүчний ажил их хийгээд, аль болох хөдөлгөөнтэй байвал түрүү булчирхай томрохгүй, өвчлөхгүй шээс хаагдахгүй гэж ойлгож болно. Машинаа зараад алх, гүй. Морь унах бол түрүү булчирхайн маш сайн массаж. Гэтэл үүнээсээ холдчихлоо. Морь унаад явахад донсолдог. Тэгэхээр өөрийн эрхгүй хүний хошного умалзаж байдаг. Тэнд нэг юм умалзаад байхаар төв мэдрэлийн систем мэдээд ажиллаж байгаа булчин руу хүчилтөрөгч, цус нэмэгддэг. Морь унах боломжгүй бол дугүй унах хэрэгтэй. Дээр нь завилж суух бас их сайн. Энэ бие махбодийг хөдөлгөх гэж төрсөн. Гэтэл хөдлөхгүй, залхуурч, аливааг хялбарчилж, зурагтын удирдлага барьж хэвтсээр өөртөө өвчин үүсгэж байна.
-Эмч хүнийхээ зүгээс эрэгтэйчүүдийн асуудалд эмзэглэж явдаг зүйл бий юу?
-Эрэгтэй хүүхэдтэй айлууд хөвгүүдийнхээ ёс зүй, зөв хүмүүжилд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Хөвгүүдийнхээ эр хүйсийг хамгаалах хэрэгтэй байна. Эрэгтэй хэв шинжээр нь амьдруулмаар байна. Орчин үед хөвгүүд нөхөн үржихүйн амьдралд шилжихдээ нийгмийн харилцааны хөнгөн хийсвэр хэв маягт татагдаж  бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдөх зэрэг өвөрмөц хэв шинжүүд илэрч байна. Эмч гэхээсээ илүү эр хүнийхээ зүгээс бухимдаж явдаг зүйл бол энэ. Гадаад дотоод яваад ирсэн хүүхдүүд, нийгмийн урсгалд хөтлөгдөх нь илүү их байна уу даа гэх бодол ч байгааг нуух юун. Эрэгтэй хүн эрэгтэй хүндээ татагдаж байгаа энэ нөхцөлд Монгол Улсын эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь нөхөргүй болох вэ? Цөөхөн хүнтэй Монгол Улсын хувьд бас л эвгүй зүйл рүү чиглэж байгаагийн дохио. Мэдээж хүний үзэл бодол, итгэл үнэмшлийг гадуурхаж болохгүй. Гэхдээ эмчийн хувьд эрүүл биетэй монгол эрэгтэй талаас нь илүү анхаарч байна. Сул тавиад байхаар энэ хандлага газар аваад байна. Жаахан хөвгүүд эрт эршүүд шинж нь байхгүй болж байна. Энэ бол их төвөгтэй асуудал. Эцэг эхчүүдийг багаас нь анхаараасай л гэж хүсье.
-Төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй байна гэж та үзэж байгаа юу?
-Монгол Улс насанд хүрсэн эрэгтэйчүүдийнхээ хэдэн хувийг эрүүл амьдруулах вэ гэдэг дээр ямар ч бодлогогүй. Монгол айл өрхийн тэргүүн эрэгтэй хүн эмэгтэйчүүдээсээ дандаа түрүүлж нас барж байна. Хавдар, зүрх судасны өвчлөл яагаад тэргүүлж байна, үүнийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр төрийн зүгээс харалган л байгаа. Үүнийг яагаад бид зогсоож болохгүй гэж. Монгол эрэгтэй хүн ар гэрийнхээ төлөө хөдөлмөрлөж явсаар байгаад тэтгэвэрт гарах нь гараад, олонх нь гарч чадалгүй нас барж байна. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бодлого хэрэгтэй.
-20 орчим жил эрэгтэйчүүдийн эмчээр ажиллахдаа эрэгтэй хүмүүсийн зовлон жаргалыг их сонссон байх. Монгол эрэгтэйчүүдийн дунд үүсч буй түгээмэл бэрхшээл юу байна вэ?
-Эрүүл сэтгэж байгаа бол эрүүл амьдарна. Тухайн хүн эрүүл бус сэтгэж байгаа бол өвчлөлд өртөнө. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаас нь гэж хэлдэг. Тиймээс бага залуугаас нь л эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй. Эрүүл амьдралын хэвшилд сургах ёстой. Эмч бид хүний хүүхдийг хүмүүжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Боловсролын тогтолцоонд үүнийг тусгаж өгөх л ёстой. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиа төгссөн чадалтай айлын хүүхэд гадагшаа сурахаар явж байна, чадалгүй нь Солонгос руу ажиллахаар явж байна. Гэтэл харийн нутагт очоод хар бор ажил хийгээд эрүүл мэндээрээ хохироод гурав, таван жилийн дараа эргээд Монголдоо ирдэг.  Эхнэр хүүхдээ энд үлдээгээд хайран сайхан залуу насаа харийн нутагт өнгөрүүлж буй залуучууддаа чиглэсэн бодлого ч манайд байхгүй байна. Бие холдвол сэтгэл холддог гэж. Салалтын шалтгаан ч энэ болж байна. 
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан