ЭХЭМҮТ болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хамтарч Монголд эмчлэгддэггүй байсан нярайн зүрхний нээлттэй хагалгааг амжилттай хийжээ. Монгол Улс эхийн болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь нярай үедээ энддэг. Нярайн эндэгдлийн шалтгааны ихэнх нь төрөлхийн хөгжлийн гажиг байдаг байна. Төрөлхийн хөгжлийн гажиг дотроо зүрх судасны гажиг буюу зүрхний төрөлхийн гажиг нь хамгийн том шалтгаан болдог гэж эмч нар тайлбарладаг. Монголд жилд 350-400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг байна. Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтад нярайн зүрхний хүнд гажиг ордог. Өөрөөр хэлбэл, Монголд энэ өвчний эмчилгээг хийх боломжгүй, заавал гаднын улс руу явж эмчлүүлдэг байсан юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-очир: Улсын гуравдугаар төв эмнэлэг нярай болон бага жинтэй, бага сартай, хавсарсан хүнд гажигтай, гадаад явж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жагсаалтын оноштой хүүхдүүдэд хагалгаа, мэс заслын эмчилгээг хийхээр ажиллаж байна. Үүний нэг болгож манай хоёр эмнэлэг хамтран ажиллаж, нярайн хавсарсан гажигтай хүүхдэд хагалгаа хийлээ. Энэ долоо хоногт найман хүүхдэд маш хүнд хагалгааг амжилттай хийсэн. Гуравдугаар эмнэлэг Эх нялхсын эмч нарыг нярайн мэс заслын чиглэлд тоног төхөөрөмж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллана. Энэ ажил зөвхөн энэ удаагийн төлөвлөгөөт багийн үйл ажиллагаагаар зогсохгүй. Цаашид урт удаан хугацаанд үргэлжилж, дэмжиж ажиллана. ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа: Нярайн эндэгдлийн нэлээд хувийг зүрхний төрөлхийн гажиг, нярайд тохиолдох бусад төрөлхийн гаж хөгжил эзэлдэг. Төрөлхийн гажгийн нээлттэй мэс заслыг нутагшуулснаар нярайн эндэгдлийг эрс бууруулах боломжтой. Бид 2012-2013 онд ЭХЭМҮТ-д төрсөн 13000 нярайг хамруулсан том судалгаа хийж байсан. Дэлхийд зүрхний төрөлхийн гажиг 1000 төрөлтөд 8-9 байдаг гэж үздэг бол Монголд үүнээс хоёр дахин их байна гэсэн судалгаа гарч байсан. Монголд жилд 350-400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг. Зүрхний гажгийн нээлттэй мэс заслыг нутагшуулснаар цаашид гадаадад эмчлүүлэх 26 өвчний жагсаалтаас хасуулах боломж бүрдэж байна. Нярайн зүрхний мэс заслын хагалгааг БНСУ, Герман, Хятад зэрэг улс руу явж эмчлүүлдэг. Мөн өртөг өндөр хамгийн багадаа 50-60 сая, ихдээ 200 гаруй сая төгрөгөөр эмчлүүлдэг. Харин Монголд даатгалаар үнэ төлбөргүй хийнэ.
Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ 19-01-2023, 13:57
Зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бие даан 2 сартай нярайд мэс засал хийлээ 18-01-2023, 16:15