С.Бямбасүрэн: Сүүлийн үед нэг хүн хоёр бие даасан хавдартай байх тохиолдол ихэссэн

С.Бямбасүрэн: Сүүлийн үед нэг хүн хоёр бие даасан хавдартай байх тохиолдол ихэссэн

 

Хавдар судлалын эмнэлгийн эмч С.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Туяа эмчилгээг ямар төрлийн хавдрыг эмчилж болох талаар яриагаа эхэлье?
-Туяа эмчилгээ бол хавдрын эсрэг үндсэн өвөрмөц эмчилгээний нэг арга. Өмнө нь эмчилгээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээг л хийдэг байсан юм. Сүүлийн үед молекул эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ гээд нэмэгдчихсэн. Одоо хими эмчилгээ өөрчлөгдөөд системийн эмчилгээ болсон. Туяа эмчилгээг хийхгүй хавдар гэж бараг байхгүй. Бүх хавдарт ямар нэгэн хэмжээгээр туяа эмчилгээ хийдэг. Жишээлбэл, цусны хавдрын үсэрхийлэл, булчирхайн хавдрын үсэрхийлэл, тархины үсэрхийллийн үед туяа эмчилгээнд ордог. Одоо Монгол Улсад зонхилон тохиолдох эхний таван байрлалын хавдарт уушги, элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хавдар ордог. Эдгээр хавдрын ходоодноос бусдад нь туяа эмчилгээ хийж байгаа. Ходоодны хавдарт ер нь хийж болно, гадаадын орнуудад хийдэг. Манай улсад хийх технологи нь хараахан нэвтрээгүй байна. Өмнө нь элгэнд хийдэггүй байсан. Энэ онд гуравдагч шугаман аппаратыг суурилуулаад түүн дээрээ SPRT хэмээх шинэ технологийг нэвтрүүлсэн. Мэс засал эмчилгээ хийх боломжгүй хожуу үеийн эсвэл судас бөглөх эмчилгээ, хими эмчилгээ хийх боломжгүй зарим төрлийн хожуу үеийн элэгний хавдруудад SPRT хийж эхэлсэн. Элэгний хавдрын үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ. Мэс засал эмчилгээ хийх үе шатаасаа хэтэрсэн, хавдар нь томроод цус алдах эрсдэлтэй, мэс засал хийх заалтыг хангахгүй байгаа өвчтөнүүдэд SPRT туяа эмчилгээг хавдар хөнгөвчлөх зорилгоор хийж байгаа. Эмчилгээг төгс зорилгоор, хөнгөвчлөх зорилгоор гэж хийдэг. Төгс гэдэг нь эмчлэн эдгээх бүрэн боломжтой эмчилгээг хэлдэг. Хөнгөвчлөх гэдэг нь эдгээх зорилгогүй, зовуурийг нь багасгах, өвдөлтийг намдаах зорилгоор хийдэг юм.
 -ХСҮТ-д туяа эмчилгээний аппарат хангалттай байдаг уу. Оочир дараалал хэр үүсдэг вэ?  
-Хавдар судлалын үндэсний төвд одоогоор гурван шугаман уртасгуур, гурван зайн шарлагын аппарат, нэг дутуу шарлагын аппарат байна. Хамгийн анхных нь 2018 онд суурилагдаад 2019 оноос эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эхний байдлаар хоёр шугаман уртасгуур суурилагдаад сая 2024 онд хамгийн сүүлийн үеийн шугаман уртасгуур суурилагдаад туяа эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан SPRT гэдэг стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлсэн. Туяа эмчилгээний оочер одоогийн байдлаар 14-21 хоногтой байна. Гурван 7 хоног хүлээж байж туяа эмчилгээнд орно гэсэн үг. Нэг зайн шарлагын аппаратад 40-50 хүн ордог. Хамгийн сүүлийн үеийн аппаратад толгойн хүзүүний хавдар, тархины хавдар зэрэг хамгаалах чухал эрхтэний хавдар ордог. Шинэ аппарат дээрээ цөөхөн эмчилгээ авдаг. Нэг өдөрт 80-90 хүн туяа эмчилгээнд ордог.
 -Аппаратаа нэмэх боломжтой юу?
-Бидний хувьд нэммээр санагдаж байгаа хэдий ч өөр бусад орнуудад 2-3 сар хүлээдэг ч улс байна. Хүний нөөц дутагдалтай байна. Эмч, физикч нар хангалттай байгаа хэдий ч туяа эмчилгээний аппарраттай ажилладаг эмчилгээний техникч байхгүй. Нэг аппарат дээр гурван техникч ажиллах ёстой байдаг. Хүнээ нэмье гэхээр туяа эмчилгээ чинь хүнд нөхцөлд ордог учраас нэг ээлж долоон цаг ажиллана. Долоон цаг ажиллахдаа нэг аппарат дээр 40, 20 гээд өвчин болгон дээр туяа эмчилгээний эмчлэгдэх минут нь өөр байна.  Жишээлбэл нэг хүн 20 минут шарна гэсэн тогтсон цаг байдаггүй. Хүнээ хөдөлгөөнгүй байрлуулна, талбайгаа бэлдэнэ. 18 техникч байх ёстой байтал одоо манайд 11 байна. Тэгэхээр аппарат нь байсан ч техникч байхгүй. Одоо хэрэглэж байгаа аппарат хуучин манайд хэрэглэж байсан аппаратыг бодвол засвар үйлчилгээ их шаарддаг.
 -Нэг хүнд туяа эмчилгээ хийхэд хэр их хугацаа шаарддаг вэ?
-Умайн хүзүүний хавдар бол бокс техникээр ордог учраас өмнө нь 10-20 минут шаардагддаг байсан. Шинэ дээрээ умайн хүзүүний хорт хавдрыг 5 минут л шардаг байсан бол 6 жилийн дараа 10 минут шардаг болох жишээний. Одоо шугаман хурдасгууртай болчихсон учраас харьцангуй хурдан болсон. Хүнээ байрлуулаад, хяналтын зургуудаа аваад эмчилгээ эхлэхэд нэг хүн ойролцоогоор 10-15 минут болно. Нэг хүнд яг тэдэн минут гэсэн тогтсон цаг байхгүй.
Туяа эмчилгээ фракцаар хийгддэг. Хөнгөвчлөх туяа эмчилгээ, бүрэн эмчлэгдэх төгс туяа эмчилгээ гэж бий. Төгс туяа эмчилгээ гэдэг бол 25-35 удаа орно гэсэн үг. Хөнгөвчлөх туяа эмчилгээ нь 1-10 хүртэлх удаа хийнэ. Төгсөөр явах бол 6 долоо хоног, хөнгөвчлөхөөр явбал 1 удаагийн шарлагаас эхлээд 2 долоо хоног явна гэсэн үг.
-Эдгэрэлтийн явц нь бусад эмчилгээнээс ялгаатай юу. Ялгаатай бол ямар ялгаа гардаг вэ?
-Туяа эмчилгээ 33 фракц хийлгэхэд 6 долоо хоног болно. Энэ зургаан долоо хоногт зөвхөн туяа эмчилгээ дуусаж байгаа гэсэн үг. Харин үр дүнг нь 4-8 долоо хоногийн дараа мэдэгдэнэ. Ингээд эмчилгээ дууссанаас хойш хоёр сарын дараа үнэлгээгээ хийнэ. Үр дүнг нь бүрэн эдгэрэлт, хагас эдгэрэлт, үр дүнгүй гэж үнэлдэг. Ер нь бусад эмчилгээтэй харьцуулбал удаан гэсэн үг. Гэхдээ химийн эмчилгээ ч адилхан. Хими, туяа эмчилгээ хоёр удаан хугацаа шаардагдана. Мэс засал бол 14 хоног л шаарддаг. Хавдрыг аваад л хаячихна. Гэтэл туяа эмчилгээ бол фракц фракцаар хийж байж хавдар шимэгдээд алга болох хүртэл гурван сар орчмын хугацаа шаардагдана.
-Туяа эмчилгээний үр дүн хэр байдаг вэ. Хавдрын эмчилгээ хийлгэсний дараа дахин эмчилгээ хийх тохиолдол гардаг уу?
-Үе шатаасаа хамаарна. Эрт оношлогдоод хурдан туяа эмчилгээнд орвол хавдар бүрэн устах, эдгэрэх боломжтой. Харин хожуу үеийн хавдрыг хагас эдгээж чадна гэсэн үг. Хагас эдгээсэн хавдар дахих магадлал өндөртэй. Туяа эмчилгээний мэдрэг хавдар, дунд мэдрэг хавдар, мэдрэг бус хавдрууд гэж байдаг. Мэдрэг хавдар гэдэг нь курс эмчилгээний явцад бүрэн эдгэрдэг. Бүрэн эдгэрсний дараа таван жилийн хугацаанд дахихгүй байх юм бол дахиж хэзээ ч дахихгүй гэсэн үг. Хамгийн мэдрэг хавдруудад үр хөврөлийнгаралтай хавдрууд, умайн хүзүүний хавдар ордог. Туяа эмчилгээнд орсон хүмүүсээ эхний таван жил хянадаг. Эхний хоёр жил 3-4 сар тутам хянана. Хожуу үеийн хавдрууд эмчилгээнд сайн үр дүн өгөхгүй бол хоёр жил дотор дахин хавдар үүсдэг. Таван жилээс дээш хугацаанд хавдар дахихгүй бол бүрэн эдгэрлээ гэж үздэг. Үүнээс хойш жилд нэг удаа заавал хавдрын эмчид хянуулна. Дархлаа сулрах, хавдар үүсгээд байсан хүчин зүйл нөлөөлөх, туяа эмчилгээтэй холбоотой хоёрдогч хавдар үүсэх зэрэг эрсдэл гарч болно.
-Та хоёрдогч хавдар үүсэж болно гэж хэллээ. Үүнийг дэлгэрүүлж ярилцъя?
-Туяа эмчилгээний явцад хоёрдогч хавдар үүсэж болно. Туяа эмчилгээг дангаар нь хийдэггүй, химийн эмчилгээтэй хавсарч хийдэг. 10, 20 жилийн дараа хими, туяа эмчилгээний нөлөөгөөр тухайн хүний ген мутацид орж, хоёрдогч хавдар үүсэх эрсдэлтэй. Сүүлийн үед нэг хүн хоёр бие даасан хавдартай байх тохиолдол ихсэж байгаа.
-Эмчилгээний дараа тухайн хүний амьдралын чанарт ямар нэгэн өөрчлөлт гарч болох уу?
-Гарна. Ер нь мэс засал, туяа, хими, эмийн эмчилгээ ч ямар нэг гаж нөлөөтэй. Антибиотик гаж нөлөөгүй биш шүү дээ. Тунг нь хэтрүүлэх юм бол гаж нөлөө илэрнэ. Түүнтэй адил бүх эмчилгээнд дагалдах гаж нөлөө гэж байдаг. Жишээ нь умайн хүзүүний хавдарт туяа эмчилгээ хийхэд умайн хүзүүний салст дээр  байх ёсгүй хавдар ургадаг. Түүнд туяа эмчилгээ хийхэд ургасан хавдар туяа эмчилгээ хийснээр шимэгдэж алга болохдоо сорвижиж эдгэрдэг. Эмчилгээгээр ганцхан умайн хүзүүг шардаггүй. Хорт хавдар ойр орчмынхоо тунгалгийн булчирхайд үсэрхийлдэг. Бага аарцгийн зөөлөн эд, мэдрэлийн эсүүд, яс зэрэг эрхтнүүд тодорхой хэмжээгээр туяа эмчилгээнд өртдөг. Туяа эмчилгээний даах тун гэж байдаг. Тэр тунгаас нь хэтрүүлж болохгүй. Гэхдээ хүний онцлог, нас, амьдралын хэвшлээс нь болоод сөрөг нөлөө гарч болно. Залуу эмэгтэйчүүд туяа эмчилгээ хийлгэхэд өндгөвчний үйл ажиллагаа дарангуйлагдана. Ингэснээр гармоны зохицуулалт алдагдана, бэлгийн дуршил буурна, үтрээ хуурайшиж, богиносох, удаан алхахаар хөл, гар чилэх зэрэг үр дагавруудтай. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэх аргууд байгаа. Туяа эмчилгээ хийлгэж эхэлсэн хүмүүст сэргээн засах эмч зөвлөгөө өгдөг.
-Ярилцсанд баярлалаа.

https://itoim.mn/a/2024/08/23/health/ixl?cc08bed1266c8924adcfc503bd4a482a

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан