ЭМЧ: Хорт хавдар үүсгэдэг шалтгаан юу вэ?


Хавдар юунаас үүсдэг вэ?
Хавдар гэдэг их ерөнхий нэр. Энд нэг биш маш олон бүлэг өвчин орно. Хортой болон хоргүй хавдар гэж байна.
Хортой хавдар ч дотроо олон янз. Хүн зуу гаруй төрлийн хорт хавдраар өвчилдөг гэдэг. Хоргүй хавдар бол хэмжээгээрээ аажим томорч хажуугийн эд эрхтэнүүдийг дарах, шахах, түрэх маягаар явдаг бол хорт хавдар нь богино хугацаанд томорч хажуугийн эд эрхтэнүүд уруу хэвийн бүтцийг нь эвдэн нэвчиж ургадаг. Түүгээр зогсохгүй анх үүссэн газраасаа тасран цус, тунгалагийн замаар биеэр тархаж өөр эрхтэнүүдэд очин ургадаг ба үүнийг бид алсын эрхтэний үсэрхийлэл гэдэг. Хугацаа хождох тусам хажуугийн болон алсын эрхтэнүүдэд хорт хавдар үсэрхийлдэг учраас эрт оношлогоо эмчилгээг чухалчилдаг.
Хавдар юунаас болж үүсдэг нарийн шалтгааныг одоо ч эрдэмтэд бүрэн тогтоож чадаагүй. Маш олон нөлөөлдөг хүчин зүйлс байдаг гэж үздэг. Хүний амьдралын хэвшил, ажил мэргэжлийн нөхцөл, онцлог, удамшлын хүчин зүйлс, гэмтэл, вирусны халдвар, архи тамхи зэрэг хорт зуршил, хөдөлгөөны дутагдал, стресс гээд олон зүйлс нөлөөлдөг. Гэхдээ тодорхой эрхтэнүүдийн хорт хавдрын үүсэлд шууд нөлөөлдөг нь тогтоогдсон хүчин зүйлс бий.
Жишээ нь төвөнхийн болон уушгины хорт хавдарт тамхи, арьсны хорт хавдарт нарны хэт ягаан туяа, толгой хүзүүний болон умайн хүзүүний хорт хавдруудын үүсэлд хүний хөхөнцөр вирусын халдвар, бамбайн хорт хавдарт цацраг идэвхит туяа гэх мэт. Үүнээс гадна хорт хавдарт шилжиж болдог хавдрын урьдал өвчин эмгэгүүд гэж бас байна. Үүнд:
ур, ургацаг, уйланхай, мэнгэ зэрэг хоргүй хавдрууд, архаг үрэвслүүд, эдгэхгүй удаж буй архаг шарх шархлаа зэрэг олон эмгэгүүд ордог. Эдгээр эмгэгүүдийг эмчилж арга хэмжээ авахгүй байгаад байвал хэсэг хугацааны дараа тодорхой хувь нь хортой хавдарт шилждэг гэсэн үг.
Товчхон хэлэхэд сүүлийн үед маш хурдацтай хөгжин өөрчлөгдөж байгаа соёл иргэншил, нийгмийн хөгжлийг шалтгаан нь гэж бас бичиж байна. Химийн үйлдвэрийн хөгжлийг дагаад бидний өнөөдөр хэрэглэж буй ихэнх зүйлс бид өөрсдөө хиймлээр гаргаж авсан зүйлс байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн амьдралд нийгмийн хөгжлөөс тасарч амьдрана гэж байхгүй тул өөрсдөө биеэ анхаарч, үзлэг шинжилгээнд хамрагдан аливаа эмгэгийг эртхэн үзүүлж эмчлүүлж байх нь зүйтэй юм. Ер нь их олон онол байдаг. Хавдрын үүслийн 50 хувь нь гадны хүчин зүйлсээс, нөгөө 50 хувь нь сэтгэл санааных гэж бас үздэг.
Хавдар эмчилгээгүй өвчин үү?
Эрт оношлуулж, эмчлүүлбэл хавдар бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Хорт хавдартай өвчтөнүүдийн 60-70 хувь нь мэс заслын болон бусад өвөрмөц аргуудтай хавсарсан аргаар эмчлэгддэг. Манайд энэ хувь арай өндөр гарах байх.
Учир нь манай өвчтөнүүдийн дийлэнх хувь нь хожуу шатанд эмнэлэгт ханддаг. Хавдрын шинж тэмдэг илэрсэн хойно л ирдэг. Энэ үед ихэнхдээ хавдар хожуу шатандаа орсон байна. Хавдрыг боломжтой үе шатанд нь мэс заслаар бүрэн авахад эсвэл хавдрын эсрэг зохих өвөрмөц эмчилгээг нь хийхэд тэр хүн эдгэрэх бүрэн боломжтой.
Үүний тулд хүмүүс өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, эрүүл мэндээ маш сайн анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Хорт хавдрын тухайд эд, эсийн шинжилгээ авч эмгэг судлалын лабораторит илгээх ба “хорт хавдар” гэсэн эцсийн оношийг эмгэг судлаач эмч тавьдаг. Хорт хавдар өвчний үед хийгдэх мэс засал ч бас бусад мэс заслын эмчилгээнээс цар хүрээ, баримтлах зарчмын хувьд өөр. Дээр нь хавдрын төрөл, үе шат, аль эрхтэнийх гэдгээс хамааран хими туяа эмчилгээ нэмэгдэнэ.
Цусны шинжилгээгээр хавдрыг илрүүлэх боломжгүй юу?
Цусны шинжилгээгээр хавдрыг шууд оношлохгүй. Тухайн хүн эрүүл байна уу, эсвэл ямар нэгэн үрэвсэлтэй байна уу, дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол байгаа эсэх зэргийг харж шаардлагатай бол нарийвчилсан шинжилгээ хийж тодруулдаг. Тэгэхээр ялангуяа зовиур илэрдэг хүмүүсийн хувьд жилдээ нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт орж, дүрс оношлогоо хийлгэх нь зүйтэй.
Ходоод нь зовиуртай байдаг хүн дурандуулаад үзэх, таван цулаа ЭХО-д харуулж шалгуулах гэх мэт. Аль ч хавдрын үед адилхан үүсэнгүүтээ л үрэвсэл мэт өвдөж халуураад байдаггүй. Тиймээс л урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь чухал.
Өвчин эдгэрэхгүйгээр удсан тохиолдол бүрт мэргэжлийн эмчид хандаж байгаарай гэж зөвлөх байна. Хамар битүүрэх, хоолой сөөх, хэлэн дээр шарх гараад эдгэхгүй удах гэх мэтийг манайхан үл тоодог. Эдгэрэхгүй удаад байгаа архаг шарх шархлаа хавдарт шилждэг, хавдрын урьдал эмгэг гэдгийг мэдэж анхаарч байх нь зүйтэй юм.
Өвчлөгсдийн нас залуужиж байгаагийн шалтгаан юу вэ?
Хорт хавдрын шалтгаанд олон хүчин зүйлс ордог гэж дээр хэлсэн. Хүрээлэн байгаа орчинд маань бидний эцэг эх, өвөө эмээгийн үетэй харьцуулахад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй олон хүчин зүйлс нэмэгдэж, бид төрсөн цагаасаа л нөлөөнд нь амьдарч байгаа шүү дээ.
Телевиз, гар утас, компьютер гээд элдэв туяаны нөлөөнөөс гадна хиймлээр арьсаа жигд борлуулах гэж салонд биеэ шардаг. Салонд биеэ шардаг хүмүүст арьсны хорт хавдар үүсэх эрсдэл 70 хувиар илүү байдаг гэж уншиж байсан юм байна. Онгоцоор нисэхэд ч туяаны нөлөөнд орох жишээтэй.
Чернобилын атомын цахилгаан станцын ослын үед тэнд өртсөн хүмүүс ялангуяа хүүхдүүд хожим нь маш ихээр бамбай булчирхайн хавдраар өвчилсөн. Энэ мэтчилэн янз бүрийн нөлөөнд эсийн өөрийгөө засах эмчлэх, нөхөн сэргээх эсвэл засагдахааргүй гэмтэл авсан бол үхэж мөхөн цэвэрлэгдэх зохицуулга алдагдан устаж алга бололгүйгээр гаж эсүүд үүсэн цаашид хуваагдан үржиж олшрон ургадаг. Энэ нь хавдрын ургалт юм.
Хавдар удамшдаг уу?
Хорт хавдар өөрөө удамшдаггүй. Харин дээр цухас дурдсан гадна дотны янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр тодорхой эрхтэний хорт хавдраар өвчлөх хандлага удамшдаг гэдэг.
Жишээ нь элэгний ч юм уу бамбай булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нөлөөнд илүү мэдрэг өртөмхий байдал нь удамшдаг гэсэн үг. Иймээс ижил төсөөтэй амьдралын хэвшил, зуршил, удамшлын мэдээлэлтэй нэг удам, гэр бүлийнхэнд нэг эрхтэний хавдар арай давамгай тохиолдоод байх нь бий.
Манайхан ер нь л элэгний хавдраар өнгөрөөд байна, манайхан нарийнтдаг удамтай гэх мэтээр хүмүүс өөрсдөө ч анзаараад ярьж байдаг шүү дээ. Тиймээс энэ мэтийг анзаарч, тухайн эд эрхтэнээ үзүүлж байхад илүүдэхгүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан