М.Уранчимэг: Дэлгэцийн донтолтыг эмчлүүлэхгүй бол хүүхэд огцом ууртай, худалч, хулгайч, гадуур тэнэдэг болох эрсдэлтэй

М.Уранчимэг: Дэлгэцийн донтолтыг эмчлүүлэхгүй бол хүүхэд огцом ууртай, худалч, хулгайч, гадуур тэнэдэг болох эрсдэлтэй

 

Монголд төдийгүй дэлхий даяар сая, сая хүүхдүүд дэлгэцэнд донтох эмгэгт өртөж байгааг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар анхааруулсаар байгаа аж. Хүүхдийг 12 нас хүрэхээс өмнө гар утас болон түүнтэй адилтгах зүйлсээс аль болох хол байлгах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болоод сэтгэл зүйн хөгжлийг хамгаалахад онцгой ач холбогдолтой гэжээ. Хүүхэд насны ээнэгшил болон гэр бүлийн эерэг хүмүүжил нь насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл зүйн олон асуудлын гол үндэс болдог байна. Мөн хүүхдийн нейрон буюу толин тусгалын мэдрэлийн эс нь бусдыг тольдож хуулбарладаг. Тиймээс аав, ээжүүд ихээхэн үлгэр үзүүлж, өөрсдийнхөө дэлгэцийн хэрэглээг хянаж, хүүхдүүдээ дэлгэцэнд донтох эмгэгээс хамгаалах, харилцааны өлсгөлөн, дутуугийн мэдрэмжээс ангид байлгах бүрэн боломжтой аж.

Энэ талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч М.Уранчимэгтэй ярилцлаа.


-Дэлгэцийн хамаарал гэж чухам юуг хэлж байна вэ?

-Дэлгэцийн хамаарал гэдэг цахим донтолт гэсэн үг. Цахим донтолт гэдэг нь олон цагаар байнгын давтамжтайгаар дэлгэц хэрэглэх, цахимаар тоглох, өдөрт 8-10 цаг болон түүнээс илүү хугацааг зарцуулахыг хэлдэг. Судалгаагаар хамгийн багадаа долоо хоногт 30 цагийг дэлгэцэнд зарцуулсан байдаг.

-Цахим донтолтод хэн илүү өртөж байна вэ?

-Хүүхэд гэлтгүй хүн бүрийн тулгамдсан асуудал болоод байна. Хүүхдийн хувьд эцэг, эхчүүд нь хараа хяналт тавих боломжтой. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд өөрсдийгөө мэддэг, өөрийн хийж буй үйлээ ухамсарладаг гэж дүгнэдэг учраас хяналтгүйгээр дэлгэцийг хэтрүүлэх хэрэглээтэй байна. Тэрнээс гадна насанд хүрсэн хүмүүсийн ажил хийх цагт нь дэлгэцийн хэрэглээ нь бага. Чөлөөт цаг буюу оройн цагаар дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээтэй гэсэн хандлага ажиглагддаг.

-Хүүхдүүдийн хувьд дэлгэцийн зөв зохистой хэрэглээ нь ямар байх вэ?

-0-3 насанд бол дэлгэцийн хэрэглээ гэж байх ёсгүй. Утас, зурагт, компьютер гээд бүгд дэлгэцийн хэрэглээнд хамаарна. Энэ насанд хүүхэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд 100 хувь эцэг, эхтэйгээ харилцах ёстой байдаг. Таван наснаас дээш хүүхдүүд богино хэмжээний үлгэр сонсох юмуу, кино үзэх байдлаар дэлгэцийг хэрэглэж болно. Сургуулийн насны хүүхдүүд дэлгэцээр дамжуулан хичээлээ хийх, түүнээс шинэ зүйл сурах зэрэг ашигтай байдлаар хэрэглэх нь зүйтэй. Бүр хорино гэсэн үг биш. Дэлгэцийн хэрэглээг дотор нь ашигтай болон ашиггүй гэж хоёр хуваадаг. Ашигтай хэрэглээ нь мэдээж насанд хүрсэн хүмүүсийн хувьд ажлаа хийх. Хүүхдүүдийн хувьд ямар нэгэн байдлаар шинэ зүйл сурч мэдэх, багшийн өгсөн даалгаврыг хийх зэрэг нь мэдээж ашигтай. Ашиггүй хэрэглээ гэдэгт өөрт онцын шаардлагагүй хэн нэгэнтэй чатлах, контент, зурагт үзэх, тоглоом тоглох зэргийг хамааруулж болно.

Дэлгэцийн хэрэглээг өсвөр насны хүүхдүүдэд хоёр цагаас ихгүйгээр зөвлөдөг. Гэхдээ хоёр цагийн турш бус нэг удаагийн үзэлт нь дунджаар 30 минут байхаар тооцон тухайн өдөртөө хувааж ашиглах юм. Энэ хоёр цагт нь ашигтай, ашиггүй хэрэглээ нь хоёулаа багтаж байх ёстой.

-Бага насны хүүхдүүд ихэвчлэн ашиггүй хэрэглээтэй болж таарах уу?

-Тийм. Ютүбээр бичлэг үзэх гэдэг ч юм уу давтамжит байдлаар олон цагаар үзээд байгаагийн цаад шалтгаан нь донтолт л илрээд байна гэсэн үг.

-Томчуудын хувьд гаргаад байдаг нийтлэг алдаа юу вэ?

-Томчууд өөрсдөө хүүхдэдээ үлгэр дуурайлал болж чаддагүй. Хүүхдийнхээ хажууд зурагт үзээд, утсаараа оролдоод байгаа хэрнээ “Хөөе чи боль, утасны чинь хэрэглээ ихэсчихлээ” гээд байдаг.

Томчууд өөрсөд рүүгээ өнгийж харах хэрэгтэй. Нэгэнт дэлгэцийн донтолт болчихсон хүүхдээсээ “Яг одоо боль” гээд утсыг нь хураагаад авчихдаг. Тоглож байсан хүүхэд бол “Дуусаагүй ш дээ” гээд уурладаг. Үүнээс болоод эцэг эх, хүүхдийн хооронд маргаан үүсдэг. Энэ маргаанаас үүдэлтэйгээр манай эмнэлэгт ханддаг. Утсыг нь хураагаад авахаар уурлалаа, олон цагаар утас үзлээ, нойрондоо муудлаа, ууртай, уцаартай боллоо гэсэн шалтгаантай.

-Тэгвэл хүүхэдтэйгээ яаж харьцах нь зөв бэ?

-Наад тоглоом чинь хэзээ дуусах вэ? Арай их үзээд байгаа юм биш үү, одоо тэдэн минутын дараа тоглоомоо дуусгаарай. Хамтдаа өөр зүйл хийе гэх мэтчилэн гэр бүлийнхээ дотоод уур амьсгалыг сайжруулж, хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх цагийг урт болговол дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээг давж гарахад дөхөм болно.

-Хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргах тал дээр эцэг, эхчүүд хойрго хандаад байна уу?

-Хүмүүс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүл, хүүхдэдээ цаг гарга гэхээр бүтэн өдрөөр ч юмуу, тав, зургаан цагийг хүүхдэдээ зориулах ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл өглөө босоод “Сайхан амарсан уу?, Өчигдөр цэцэрлэг дээрээ юу сурсан, өнөөдөр ямар байв, сэтгэл санаа хэр байна?, Аав, ээжид нь ийм байлаа” гэдэг байдлаар аравхан минут зарцуулаад хүүхэдтэйгээ ярилцаж, харилцан санаа бодлоо хуваалцахыг л хэлж буй юм. Энэ л хамгийн зөв алхам.

-Хүүхдэд багаас нь эцэг, эхчүүд өөрсдөө утсаа өгч, дэлгэцийн хамааралтай болгож байна гэсэн шүүмжлэл бий. Нээрээ л утас үзүүлэхэд нэг настай хүүхэд ч ширтээд байдаг даа.

-Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөлт маш богино хугацаанд байдаг. Богино хугацаанд болж буй тод, тод мэдээллүүдийг хүүхэд дэлгэцээр дамжуулж үзээд байгаа учир анхаарал маш сайн төвлөрнө. Удаан хугацаагаар үзсэн ч уйдахгүй. Эцэг, эхчүүдийн нэг алдаа нь уйлахгүй л байвал яахав гээд зөнд нь орхичихдог. Эцэстээ хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хараа муудах, нүд бүрэлзэх, ядаргаанд орох, ууртай, уцаартай болох, шөнийн цагаар уйлагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүүхэдтэйгээ харилцах харилцаа муу, хараа хяналт сул байгаагаас дэлгэцийн хэрэглээ нь ихэсч байна.

-Цахим тоглоом тоглож, дуу чимээ ихтэй, цус нөжтэй бичлэгүүдийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүд үзээд байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Энэ нь ялгаагүй дэлгэцийн донтолтын нэг хэлбэр. Тоглоомонд, тоглоомын бичлэгт, текстэнд буюу мессежэнд, янз бүрийн бичлэг үзэх зэргээр нь донтолтыг төрөлжүүлж, хуваадаг. Ижилхэн л шинж тэмдэгтэй. Тоглож байгаа бичлэг үзээд байвал цаашдаа тоглоно гэсэн үг биш л дээ. Зүгээр л тоглож байгаа аргад нь донтчихсон учраас бичлэгээ л үзэх сонирхолтой байх нь элбэг.

-Дэлгэцийн донтолтыг илрэх шинжээр нь ангилж авч үздэг үү?

-Дэлгэцийн донтолтыг илрэх шинжийн хувьд бие махбодь сэтгэц, төрх үйлийн талаас нь авч үздэг. Бие махбодын талаас гарын алга, хөлийн ул хөлрөх, ядарч сульдах, нүдний угаар хөшиж өвдөх, нүд хуурайших, хараа муудах, хоолны дуршил буурах, эсвэл хэт их идсэнээс, хөдөлгөөн хийхгүйгээс болоод таргалах, хүзүү хөших, чилэх, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй цус зогсонгиших шинжүүд илэрдэг.

-Тэгвэл сэтгэцийн талаасаа хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Сэтгэцийн хувьд мартамхай болох, огцом уур уцаартай, нойргүйдэх, унтаж байхдаа хар дарж зүүдлэх, шүдээ хавирах, цус нөжтэй юм үзсэнээсээ болоод зүүдэндээ ярих, босч явах, сэтгэл санаа хямрах, булчин татганах эмгэг буюу нүдээ ойр ойрхон цавчлах, нусаа татах, бүр цаашилбал орондоо шээх, шөнийн цагаар тоглосон тоглоом, үзсэн бичлэгнийхээ дүрийг хий харах, сонсох зэргээр сөрөг үр дагаврууд илэрнэ.

Мөн төрх үйлийн талаас хүүхэд худлаа ярих, гадуур тэнэх, хичээлээ таслах, сурлага муудах, гэр орноосоо дайжих, муу зуршилд автагдах, тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих, эцэг эхээ үл тоох зэрэг шинж тэмдгүүд давамгайлдаг.

-Энэ үед эцэг эхчүүд яах ёстой вэ?

-Эхний ээлжинд эцэг эхчүүд өөрсдөөсөө шалтгаалсан зүйлээ хийж үзэх хэрэгтэй. Тэр нь юу байх вэ гэхээр өөрсдөө зөв зохистой цахим хэрэглээг бий болгоод хүүхдэдээ үлгэрлэнэ. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, санаа бодлыг нь сонсох, зөв үйлдлийг нь урамшуулах, дуртай зүйл рүү нь чиглүүлж дугуйлан, дамжаанд явуулах хэрэгтэй. Багштай нь холбоотой байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, гэртээ тав тухтай байх орчинг бүрдүүлж өгнө. Хэрвээ эдгээрийг бүрдүүлээд дэлгэцийн хэрэглээнээсээ холдож чадахгүй байх юм бол мэргэжлийн эмчид хандана.

-Танай эмнэлэг ямар тусламж үзүүлдэг вэ?

-Манай эмнэлгийн зүгээс дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээтэй хүүхдэд сэтгэл заслын эмчилгээг багадаа зургаан сар хийдэг. Мөн бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвдөө хэвтүүлэн эмчилдэг. Тайвшруулах эмчилгээнүүдийг хийдэг. Утсаа үзэхгүй бол гунигладаг, ганцаарддаг болчихдог. Дэлгэцийн донтолтын дур сонирхлыг бууруулах, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, мэдрэл заслын эмчилгээнүүдийг тухайн хүүхдэдээ тохируулан хийдэг.

-Эмчилгээ хийлгээд гарсан хүүхэд сэдрэх тохиолдол байдаг уу?

-Мэдээж сэдэрнэ. Дахин сэдрээхгүйн тулд дэглэм барих хэрэгтэй. 30 минутаас дээш дэлгэц үзэхгүй, насны онцлогт тохирсон цагийн хуваарийнхаа дагуу үзнэ. Дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээ маань дан ганц хүүхдийн асуудал биш. Гэр бүлийн асуудал. Дээр хэлсэнчлэн хүүхдүүддээ анхаарлаа сайн хандуулахаас гадна, гэр бүлийнхээ бүх гишүүдийн дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж, орой унтахын өмнө утас үзэхгүй байх дүрэм журмыг гэр бүлийн гишүүн бүр баримтлах нь дэлгэцийн донтолт дахин сэдрэхээс сэргийлнэ. Мэдээж сэтгэл зүйгээр нь хүүхдээ дэмжих нь нэн чухал.

-Дахин дахин дэлгэцийн донтолт сэдэрснээс үүдэлтэй ч юм уу, алаан хядаан, цус нөжтэй бичлэг үзсэнээс болоод хүүхдийн сэтгэцэд насан туршид нь нөлөө үзүүлэх тал бий юу?

-Эмчлүүлэхгүй удаан явбал сэтгэц болоод төрх үйлийн талаас илэрдэг шинж тэмдгүүд болох худлаа ярьдаг, хулгай хийдэг, гадуур тэнэдэг, утаснаас өөр зүйл бодогдохгүй байх, огцом уур уцаартай, анхаарал төвлөрөлт муудах эдгээр шинж тэмдгүүд нь үлдэх боломжтой.

Мэдээж хэрэг цус нөж харна гэдэг сөрөг сэтгэл хөдлөлийг хүмүүст үүсгэдэг. Хүүхэд бүрт нөлөөлөхгүй. Төрөлхийн эмзэг мэдрэмтгий хүүхэд цус нөж харсан үед түүнээсээ цочрол авсан тохиолдолд нөлөөлнө.

-Дээрх шинж тэмдгүүд арилахгүй бол ирээдүйд ямар хүн болж өсөх вэ?

-Өөтрөө итгэлгүй, огцом ууртай, худлаа ярьдаг, дэлгэцийн хэрэглээнээс өөр юм бодохгүй, гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, ирээдүйд эцэг, эх байх үүргээ биелүүлж чадахгүй байх гээд олон муу талтай.

-Өдөрт хэдэн хүүхэд танай эмнэлэгт хандаж байна вэ?

-Өдөрт 30 гаруй хүүхэд үзүүлж байна. Өдөр бүр амбулаторийн цаг дүүрэн. Энэ нь нэг талаараа сайн талтай. Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарч эхэлж байгаагийн илрэл юм.

                                                                                                                                                                             Л.Минжмаа

Эх сурвалж: DNN.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан