Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг. Иймд цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс юм.
Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл мөн бага жинтэй төрөлт болон дутуу төрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.
Дотоод орчны агаарын бохирдолд бүх хүн өртөх ба эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай байна.
Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшин амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан байна. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.
Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Амьсгалаар ордог тоосонцор: Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалааар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
PM2,5 болон PM10нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орч, уушигны цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Түүнчлэн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.
Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг.
Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.
Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байна. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг төдий их байна гэсэн үг юм. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба тухайлбал эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл илүү байдаг.
Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд: Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог.
Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.
Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Орон сууцыг шинээр барьсан болон өөрчлөн засварласан барилгыг ашиглалтанд оруулахын өмнө дотоод орчны агаарын чанар болон бусад үнэлгээ хийх талаар эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд ийм үнэлгээ хийгдэхгүй байгаагаас оршин суугчид тэдгээр ДОН болон бусад барилгын материалаас ялгарах хортой нөлөөлөлд өртөх эрсдэлд хүргэж болзошгүй байна.
Цаашид барилга байгууламжийг шинээр барьж, өөрчлөн засварлан ашиглалтанд оруулахдаа дээр дурдсан стандартад заасан дотоод орчны агаар бохирдуулагчийн агууламжид тавих хяналтыг сайжруулснаар хүн амыг химийн хортой бодисын нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах нөхцөл бүрдэх юм.