Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай байгааг тогтоосноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон бусад судалгааны байгууллагууд өчигдөр зарлажээ. Тэд судалгаандаа дэлхийн 190 гаруй улсын 220 сая гаруй хүний өгөгдлийг ашигласан байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад таргалалт нэг түвшиндээ хэвээр байгаа бол хүн ам нь хүнс тэжээлийн дутагдалтай гэгддэг байсан бага болон дунд орлоготой улс орнуудад таргалалт илүү хурдтай нэмэгдэж байгааг энэ судалгаа харуулсан байна. “Өмнө нь бид таргалалтыг баячуудын асуудал гэж боддог байлаа. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтийн асуудал болжээ” гэж ДЭМБ-ын хоол тэжээлийн асуудал эрхэлсэн захирал Франческа Бранка танилцуулгын үеэр хэлжээ.
Насанд хүрэгчдийн дунд таргалалт 1990-2022 оны хооронд хоёр дахин, 5-19 насны хүүхэд, өсвөр үеийнхний дунд дөрөв дахин нэмэгдсэнийг судлаачид тогтоосон байна. Ижил хугацаанд жингийн дутагдалтай охид, хөвгүүд, насанд хүрэгчдийн тоо хэмжээ 20, 30, 50 хувиар тус тус буурчээ. Европын өндөр хөгжилтэй улс орнуудад таргалалт өсөхгүй, тэр ч байтугай буурах үзэгдэл ажиглагдаж байна. Гэтэл Ойрх Дорнод, Карибын тэнгисийн зэрэг дундаас доош орлоготой орнуудын хүн амын дунд хурдтай нэмэгдэж байгаа нь харагджээ. Хамгийн сүүлд 2017 онд ийм өргөн хүрээний судалгаа явуулахад дэлхий даяар 774 сая хүн таргалалттай ангилалд багтаж байв. Хүүхдүүдийн таргалалтыг бууруулахын тулд чихэрлэг хүнсний татварыг нэмэгдүүлэх, сургуулийн хоолыг эрүүлжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатайг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зөвлөжээ. Гэхдээ энэ удаагийн судалгаанд эрүүл мэндийн мэдээлэл хомс байсан цар тахлын үеийг хамруулсан, таргалалтыг үнэлэхдээ BMI (Body Mass Index) гэх “төгс биш” хэмжүүрийг ашигласан зэрэг сул талууд байгааг судлаачид хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Reuters