Африкийн орнуудаас бусад орнуудад сармагчны цэцэг өвчний тохиолдлууд гарч байгаа ч Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ одоогоор уг өвчнийг дэлхий даяар голомтлон тархана гэдэгт санаа зовохгүй байна гэв.
Энэ сарын 7-ны өдөр анх Их Британид сармагчны цэцэг өвчний батлагдсан тохиолдол гарснаас хойш дэлхийн 20 гаруй улс ДЭМБ-д тус өвчний батлагдсан болон сэжигтэй 400 орчим тохиолдлыг мэдээлсэн байна.
ДЭМБ даваа гарагт “ер бусын нөхцөл байдал”-д санаа зовниж байгаагаа илэрхийлсэн ч айж сандрах шаардлагагүй гэдгийг дахин мэдэгдэв.
Тус байгууллага уг өвчнийг ойр дотны харилцаагаар дамждаг ч ерөнхийдөө ноцтой өвчин үүсгэхгүй гэжээ.
ДЭМБ-ын сармагчны цэцэг өвчний ахлах мэргэжилтэн Льюс даваа гарагт зохион байгуулагдсан цахим хурлын үеэр хэлэхдээ, “одоогоор энэ өвчин дэлхийг хамарсан тахал үүсгэнэ гэж санаа зовохгүй байна. Уг өвчний тархалтыг хянахын тулд хурдан арга хэмжээ авах нь чухал. Бид халдварыг нэмэгдэхээс өмнө тархалтыг хязгаарлах боломжтой” гэв.
Сармагчны цэцэг өвчний вирусний нуугдмал хугацаа нь ихэвчлэн 6-13 хоног, хамгийн ихдээ 21 хоног байдаг аж. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд толгой өвдөх, халуурах, булчин өвдөх, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Мөн тууралт нь сармагчны цэцэг өвчний хамгийн гол шинж тэмдэг. Энэ нь ихэвчлэн нүүрнээс эхлээд биеийн бусад хэсэгт тархдаг ба өвчний эхэн үед салхин цэцэг өвчинтэй андуурдаг байна.
Montsame.mn