Ковидын хямралын үед яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөрийн хаалтын ёслол болжээ



“КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хаалтын ёслолын ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд зохион байгуулав. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн ноён Кикүма Шигэрү, ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 883 сая иенийн буцалтгүй тусламжийг 2022 оны 07 дугаар сард олгохоор шийдвэрлэсэн.

Буцалтгүй тусламжийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болох 2 ширхэг бүрэн геномын шинжилгээ хийх аппарат болон урвалж, 500,000 SARS-CoV-2-ын антигенийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, 548 ширхэг зөөврийн компьютер, 150,000 ширхэг тариурын аюулгүйн хайрцаг, 60 ширхэг зөөврийн хөлдөөгч, 500 ширхэг спирометр болон дагалдах хэрэгсэл, вакцин тээвэрлэх зориулалт бүхий суудлын болон ачааны автомашин зэрэг Япон Улсад үйлдвэрлэгдсэн 9 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээн авч Монгол Улсын 21 аймаг, 331 сум, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд өнгөрсөн хугацаанд нийлүүлсэн болохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр онцгойлон тэмдэглэв.

Мөн тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалтыг хийж эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Япон Улсын Засгийн газар, Японы татвар төлөгч ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи Япон- Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан