Агаар, орчинд байгаа тоос тоосонцор, бохирдол нь тархи болон уушги, зүрх, тархи болон дархлааны эрхтнүүдэд нөлөөлдөг. Хүүхэд төрөх үед тархи маш хурдацтайгаар хөгжиж байдаг. Тэрхүү хөгжил нь өсвөр нас хүртэл явагдсанаар хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадвар, сэтгэл хөдлөлөө барих чадвар гэх мэт нийгмийн харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл тоосонцрууд нь хүүхдийн хөгжиж буй тархины эд эсүүдийг гэмтээдэг. Үүний дүнд хүүхдийн тархи мэдрэхүй болон суралцах чадвар суларч, амьдралынх нь туршид нийгэм, эдийн засгийн боломжийг хязгаарлан, яваандаа мэдрэлийн доройтолд хүргэдэг байна.
Энэ талаар судалгаа хийсэн Хүний их эмч, Орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзулаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр “Дотоод орчны агаарын бохирдол нь хортой химийн бодисууд, будагч бодис, барилгын материал, тавилгын материал, цэвэрлэгээний бодис, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт химийн бодис орсон зүйлүүдээс үүсдэг. Сургууль цэцэрлэгийн засварыг тендер зарлаж хамгийн хямдхан будгаар хичээл орох үетэй зэрэгцэж засвар хийдэг. Будгаас ууршимтгай органик бодис, тэр дундаа хавдар үүсгэгч бодисууд маш ихээр ялгардаг. Үүнээс болж хүүхэд зөвхөн хичээлдээ сууж байгаад л хорт хавдар, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчнүүдээр өвчлөх эрсдэлтэй байна. Хавдар үүсгэгч химийн бодис будагнаас гэлтгүй тавилганаас ч ялгардаг. Бид хүүхдэд хавдар төрүүлэгч эрсдэлээс сэргийлэх ганц арга бол хичээл тарангуут нь анги танхимын засвар хийлгэдэг болох хэрэгтэй. Хавар засвар хийгээд намар хүүхдүүд хичээлдээ орж ирэхэд дэгдэмтгий бодис нь дэгдээд, уурших нь ууршаад алга болчихсон байна. Бид өнөөдрийн байдлаар гадаад орчны агаарын бохирдлоос зайлсхийж чадахгүй байгаа хэдий ч дотоод орчны бохирдлоос сэргийлэх боломж бий. Нэгэнт хийдэг сургууль цэцэрлэгийн засварыг эрт хийгээч ээ гэж хүсмээр байна” гэлээ.
Мөн агаарын бохирдол нь тархины цус харвалт, зүрхний шигдээс, уушгины архаг бөглөрөл өвчин, уушгины хорт хавдар гэх өвчнүүдэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан байна” гэсэн юм.
https://itoim.mn/a/2023/03/30/healthy-mongolia/kai