Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм. Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдах нь зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг.
Өвлийн улиралд тохирох идээ ундаа:
Өвөл амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаа, тослог хоол иднэ. Хоол унд багадвал тамир муудна. Бүлээн чанартай голдуу амьтны гаралтай хонь, үхэр, адууны мах, бурам, тос, давсалсан ногоо зэргийг цадтал идэж хэрэглэнэ.
Өвлийн улиралд баримтлах явдал мөр:
Өвлийн цагт даарахаас сэргийлж, гэр орноо дулаан байлгаж, дулаан хувцаславал зохино.
Гуя шилбээ дарсан үслэг дулаан пальто, өвдөг шагайнаас дээгүүр давсан гутал, үргэлж малгай өмсөж даарахгүй байх хэрэгтэй. Гүнжид болон үрийн тосоор биедээ иллэг хийж болно гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.