Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй гадаад болон дотоод орчны бохирдлын талаар ярилцлаа.
-Иргэд агаарын бохирдол их байна гэж байхад нөгөө талаас албаны хүмүүс агаарын бохирдол биш, усны уур эсвэл хэвийн байна гэх зэргээр хариулж байна. Улаанбаатар хотын агаарын чанар хэр байна вэ?
-Хүн бүр agaar.mn сайтаар ороод агаарын чанарын индекс гэсэн хэсгээс өөрийн байгаа газар болон очих газрынхаа агаарын нөхцөл байдлыг харах боломжтой. Агаарын чанарын индексийн тоон утга 0-50 буюу өнгө үзүүлэлт ногоон байвал цэвэр, 51-100 буюу шар тохиолдолд хэвийн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, өнгөөр илэрхийлсэн үзүүлэлт шар, ногоон биш л бол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Улбар шараас дээш болсон бол бүх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх учир агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг зогсолтгүй хэрэгжүүлж, үр дүнд хүрэх ёстой. Энэ бол иргэн болоод төрийн хамтын ажиллагаа, аль аль талынх нь үүрэг.
Өвлийн улиралд агаарын чанар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна. Тиймээс хүн бүр өдөр болгон агаарын чанарын индексийг ажиглаж, агаарыг хянаж байж өөрийгөө өртөлтөөс хамгаалах боломжтой бөгөөд шийдвэр гаргагчдад бас шахалт үзүүлэх боломжтой. Тэрнээс биш нэг өдөр утаа их байхаар агаарын чанар муудлаа гэж яриад, маргааш нь салхи салхилаад харьцангуй харагдах орчин сайжрахаар нь цэвэр агаартай байна гэж ярихгүй. Яагаад гэвэл өвөл, зунгүй л агаарын чанар яригдана. Эх үүсвэр нь олон янз. Хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин, автобус гэх зэрэгээр зогсохгүй байгаа. Ингэснээр авто хөдөлгүүр ажиллаж байгаа цаг үед түлшний шаталтаас азотын давхар исэл, тоос тоосонцор, хүхэрлэг хий гээд бүгд ялгарч, зуны зарим өдөрт байх ёстой стандартаас давдаг тохиолдол бий. Азотын давхар исэл нь багтраа (астма) өвчний шинэ тохиолдлыг нэмэгдүүлдэг гол бохирдуулах бодис мөн багтраа (астма) сэдрээдэг талтай. Манай хотод автомашин хэд байгаа билээ. Автомашин, автобус бол агаар бохирдуулагч хамгийн том эх үүсвэрүүдийн нэг.
-Сүүлийн үед иргэд толгой дүүрч өвдөөд байна, ханиад эдгэхгүй байна, өглөөд тухгүй, амарсан шинжгүй сэрж байна гээд байгаа. Иймэрхүү шинж тэмдэг үүсэхэд агаарын бохирдол нөлөөлж байгаа юу?
-Энэ бүхэн олон шалтгаантай. Тухайлбал, ханиад эдгэхгүй удаж байвал ханиад үүсгэгч вирусийн онцлог нөлөөлнө. Харин үүнийг хүндрэхэд нөлөөлж буй эсэхийг авч үзэх ёстой юм. Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, ханиад томуунд өвлийн хүйтэн, ширүүн цаг уурын хүчин зүйлс болон агаар бохирдуулагчийн агууламж нь хавсраад 58 хувьтай нөлөөлж байгааг манай судлаачид тооцоолсон. Мөн нийслэл хотын хүн амын нас баралтын 9.2 хувьд нь агаарын бохирдол нөлөөлж байгааг тогтоосон. Зүрх судас, уушгины хавсарсан өвчлөлийн нас баралтад агаарын бохирдол 28 гаруй хувьтай нөлөөлж байгааг ДЭМБ-ын дэмжлэгтэй хийсэн судалгааны үр дүнгээр гаргаж ирсэн.
Агаарын бохирдол хүний биед сөргөөр нөлөөлж байна уу, нөлөөлж байна. Зүрх судасны өвчинд нөлөөлж байна уу, нөлөөлж байна. Үүнээс гадна өвчлөлийн хүндрэл, эдгэхгүй удахад амьдралын дадал хэвшил ч бас нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх дадал юм. Гадаа ажиллахдаа, гадуур явахдаа агаарын бохирдолд өртөх өртөлтөө бууруулах арга замыг мэддэг байж, амьдралдаа хэрэгжүүлдэг байх чухал. Үүнд, амны хаалт хэрэглэх, тамхи татахгүй байх, амралтаа зөв зохицуулах, гараа тогтмол угаах, хоол унд, хувцасаа тохируулах зэрэг орно. PM 2.5 тоосонцор шүүдэг амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэж сурах зайлшгүй шаардлагатай. Амны хаалт зүүснээр “Ковид 19”-ээс бид хамгаалж чадсан, гараа угааж дадсан. Гэтэл энэ дадлуудаа бид алдсан. Маш их утаатай байхад амны хаалтгүй л яваад байна. Энгийн амны хаалт нарийн ширхэгт тоосонцроос 20 хувь хүртэл, N95 амны хаалт 90 хүртэлх хувь хамгаалдаг. Хамгийн гол нь зөв зүүх шаардлагатай.
-Гадаа бол амны хаалт зүүгээд боломжоороо хамгаалж болж байна. Харин гэртээ хэрхэн хамгаалах вэ?
-Тамхи татахгүй байх хэрэгтэй. Гэртээ тамхи татсанаар өндөр настан, архаг хууч өвчтэй хүн, хүүхэд, жирэмсэн эхийг маш ихээр өртүүлдэг. Дэлхий нийтэд гуравдагч тамхидалтын асуудал яригдаж байна.
-Дам тамхидалтаас өөр ойлголт уу?
-Тийм. Жишээлбэл, энэ өрөөнд хоёр жилийн өмнө хэн нэгэн тамхи татсан бол хананы эмульс, тавилганы будганд тамхины утаанаас ялгарсан 7000 мянган төрлийн хортой бодис агаарт ялгарсан байдаг. ДЭМБ-аас 0-5 насны хүүхдийн шалтгаан тодорхойгүй нас баралтын 2.5 хувийг гуравдагч тамхидалт нөлөөлдөг гэдгийг зарласан байгаа. Машиндаа тамхи татаж буй хүмүүс би өөрийнхөө л машинд тамхи татаж байна гэж боддог. Гэтэл тэр машинд суух хүмүүсийг ч мөн гуравдагч тамхидалтад өртүүлдэг. Тэгээд урдах машиных нь угаар, гадаад орчны агаар гээд олон зүйлээр өөрийгөө хордуулж буй юм. Би энгийнээр тайлбарлаж байгаа юм шүү.
Мөн гэртээ тоосонцор, бохирдлоос хамгаалахад зуух яндангийн битүүмжийг сайжруулах хэрэгтэй. Ингэснээр хоёр ч аюулаас өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой. Нэгд, угаарын хийд хордох. Хоёрт, тоос тоосонцор болон нүүрс түлж байхад ялгардаг бусад хорт бохирдуулах бодисуудаас хамгаалах боломжтой.
-Гуравдагч тамхидалт гэдэг ойлголтыг дахин асуумаар санагдлаа. Дотор орчинд тамхи татсан л бол хана, тавилгад шингээд тэр нь ялгарч бид өртсөөр байна гэсэн үг үү?
-Тийм. Ялангуяа чанаргүй барилгын материал, хөвөн даавуун материалд ихээр шингэж тэнд байгаа химийн бодисуудтай урвалд орж дотор орчинд ялгардаг гэж ойлгож болно. Жишээ нь будаг, эмульс зэрэг нь хорт хавдар үүсгэдэг бензол зэрэг олон төрлийн химийн бодис ялгаруулдаг. Будаг, эмульсийг шингэлэгчээр шингэлсэн бол бүр л нэмэгдэнэ. Тэгээд дээр нь нэмээд тамхи татаад хортой бодисуудыг холилдуулаад, тэр орчиндоо хүүхдээ, жирэмсэн эхнэрээ байлгаад байвал бага насны хүүхдүүдийн хавдрын асуудал яригдахаас өөр аргагүй. Гадаа утаанд үхлээ гэчхээд гэртээ орж ирээд тамхи баагиулаад суудаг. Засвар хийж дуусав уу үгүй юу гэртээ орчихдог. Дор хаяж 20 хоног салхи оруулж, будаг болон бусад материалаас ялгарч байгаа үнэрийг гаргаж, химийн бодисыг ууршуулах ёстой.
Манайхан модон тавилгаа гоё болгох гээд лак ашигладаг. Гэтэл тэрнээс органик дэгдэмхий нэгдлүүд маш их ялгардаг юм. Сургууль, цэцэрлэгүүд наймдугаар сарын сүүлээр, хүүхдүүд ирэх дөхөхөөр анги танхимаа засварлаж, буддаг. Тэгээд л будаг нь ханхалсан ангид хүүхдүүдээ авлаа гэдэг. Гэтэл энэ нь хүүхдээ хордуулж буй хэлбэр шүү дээ.
-Агаарт агуулагдах хүхэрлэг хий их гарч байна. Хүхэрлэг хийнээс хэрхэн хамгаалах вэ?
-Хүхэрлэг хий нь амьсгалын замаар орохдоо хамар залгиурын салтыг цочроож хөөнгө үүсгэдэг. Ингэснээр хүчилтөрөгчийн солилцоог багасгаж, гаднаас орж ирж буй халдварт өвчний вирус агуулсан шүлсний дусалтай аэрозолыг нэвчүүлэх, дамжуулах орчныг бүрдүүлдэг. Мөн архаг хууч өвчнийг сэдрээж, дахилтыг нэмэгдүүлдэг. Хүхэрлэг хийнээс өөрийгөө хамгаалъя гэвэл хүхэр агуулсан түлш жишээлбэл нүүрс, дизел зэргийн шаталтыг үүсгэхгүй байх өөрөөр хэлбэл, гал түлэхгүй, машин унахгүй байх л асуудал тулгарч байна. Гал түлж, машин унаж байсан цагт хүхэрлэг хий ялгарсаар л байх болно. Хүхэрлэг хийнээс хамгаалахад бэрх, боломж нь хязгаарлагдмал. PM 2.5 тоосонцор шүүдэг амны хаалт PM 2.5 тоосонцроо л шүүнэ. Гэвч хүхэрлэгийн хурц үнэрээс, хүхэрлэг хийнээс хамгаалж, шүүж чадахгүй.
-Ярилцсанд баярлалаа.
http://itoim.mn/article/20qgk/36205