Иргэдийн дунд нойр булчирхайн өвчлөл ихсэх болсонтой холбогдуулан Бриллиант эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Бямбадаштай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн өвчлөл ихсэх хандлагатай байна. Үүнд нөлөөлж буй гол шалтгаан нь юу байна вэ?
-Нойр булчирхай гэдэг эрхтэн хүний хэвлийн хөндийн гол хэсэгт байдаг. Иргэдийн мэдэхээр аюулхай гэж ярьдаг. Хүн болгоных харилцан адилгүй ч дунджаар 12-17 см урттай гонзгой эрхтэн. Энэхүү эрхтний хамгийн гол үйл ажиллагаа нь дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг юм. Хүний биед орж байгаа хоол, хүнс бүтээгдэхүүнийг задлах үүрэгтэй фермент гэж зүйл бий. Үүнийг 12 хуруу гэдэс буюу нарийн гэдэс рүү оруулах замыг гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэж болно. Харин хүний цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үүрэгтэй инсулин гормон, хоол боловсруулах эрхтэн системд оролцдог зарим нэг гормонуудыг ялгаруулах үйл ажиллагааг дотоод шүүрлийн гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр нойр булчирхай гэдэг эрхтэн гадаад болон дотоод шүүрлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой эрхтэн. Ард иргэдийн дунд яригддаг хөгжөөнтэй яриа байдаг нь, нойр булчирхайг нойртой холбоотой гэж ойлгоод байдаг. Огт тийм зүйл байхгүй. Нойр булчирхайн хамгийн гол үүрэг нь хоол боловсруулах системд оролцож, задлах үүрэгтэй. Хоолны үндсэн уураг, нүүрс ус, өөх тос гэсэн гурван зүйлийг задална гэсэн үг.
Нойр булчирхайн үрэвсэл өвчин, хавдар нэмэгдэж байгаа нь эргээд л иргэдийн өөрсдийнх хоол ундны зохисгүй хэрэглээ, дэглэм, амьдралын хэв маяг, таргалалт зэргээс болж нойр булчирхайн өвчлөл ихэсдэг. Нойр булчирхайн өвчлөлийг ангилж үзвэл, цочмог болон архаг үрэвсэл, нойр булчирхайн эзэлхүүнт эмгэгүүд буюу хоргүй болон хортой төрлийн хавдрууд гэж хувааж болно. Эдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог архаг, цочмог үрэвслүүд. Ялангуяа тэмдэглэлт ойн баяртай сар, шинэ жил, Цагаан сарын үеэр нойр булчирхайн үрэвсэл, өвчлөлүүд нэмэгддэг. Энэ нь нойр булчирхай цэвэр амьдралын хэв маяг, хооллолттой холбоотой гэдгийг илтгэж байна. Түүнчлэн, иргэдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа нь халуун хоол, тостой хорхог боодог идчихээд араас нь архи согтууруулах ундааны зүйл, хүйтэн зүйл хэрэглэдэг. Уг тохиолдлууд нь нойр булчирхайг маш хүчтэй цочмогоор гэмтээж байдаг гэсэн үг. Ихэнхдээ нойр булчирхайн цочмог болон архаг үрэвсэл тэмдэглэлт ойн баярын дараа эсвэл тухайн үед маш ихээр нэмэгддэг. Дүүргүүдийн яаралтай хүлээн авах, I, II эмнэлгээр эл өвчний шалтгаантай үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгддэг гэсэн үг.
-Голчлон ямархуу шинж тэмдэг илэрдэг вэ?
-Нойр булчирхайн байрлал нь хүний биеийн төв буюу аюулхайн цэг дээр уртаашаа байдаг. Тэгэхээр нойр булчирхай өвдөхөд тэр цэгээс эхэлж, бүсэлхий ороох маягтай хүчтэй хатгуулах, хорсох байдлаар өвддөг. Мөн тостой, халуун ногоотой зэрэг хоол боловсруулах системийг цочроодог, ийм хоол хүнсийг хэрэглэсний дараа маш хүчтэй гүйлгэдэг.
-Иргэдийн хувьд өөрөө өөртөө онош тавьж, хамааралгүй өвчинтэй андуурч удаан явах тохиолдол байдаг. Нойр булчирхайн өвчлөлийг өөр өвчинтэй андуурах тохиолдол байдаг уу?
-Зөвхөн нойр булчирхай өвдөж байна гэж ярих нь өрөөсгөл ойлголт. Хүний бие махбод ялангуяа, хоол боловсруулах эрхтэн системийн асуудлыг ярьж байгаа бол нойр булчирхай дангаараа өвдөнө гэж огт байхгүй. Дэлхийн нийтэд хүртэл ижил төстэй үүрэг, үйл ажиллагаагаар нь холбоод салгачихсан байдаг. Элэг, цөс, нойр булчирхай эсвэл ходоод, нарийн гэдэс, бүдүүн шулуун гэдэс гээд ангилж байгаа. Тэгэхээр нойр булчирхай дангаараа өвдөнө гэж ер нь байдаггүй. Заавал цөсний хүүдий, цөсний асуудлууд давхар гарч ирдэг. Элэгний, ходоодны үйл ажиллагаа алдагддаг. Дээр дурдсан нойр булчирхайн өвчлөлийн шинж тэмдгүүд нь зөвхөн нойр булчирхайн сонгомлоор илэрдэг шинжүүд. Гэтэл хоол боловсруулах үрэвсэлт дээд замын өвчлөлийн тохиолдолд илэрч байгаа шинж тэмдгүүд нь хоорондоо их ижил төстэй байдаг. Аюулхай цанхайх, гүйлгэх, суулгах, дотор муухайрах нь мэргэжлийн хэллэгээр биет шинж гэж нэрлэдэг.
Ард иргэд өөртөө онош тавьж, өөрсдөө эмчлэх гэж оролддог. Энд тэндээс сонссон дам ярианаас болж архаг хууч өвчнөө хүндрүүлж, сэдрээдэг. Иргэдийн дунд уламжлалт дам ярианууд байдаг шүү дээ. Энэ л нойр булчирхайд сайн гэсэн, тэр малын тийм зүйлийг идвэл нойр булчирхай зүгээр болдог гэсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү буруу ойлголтууд иргэдийн дунд түгээмэл байгаа учраас тухайн өвчлөлийг эрт үед нь оношлоод эмчлэх цаг хугацааг алдаж байна гэсэн үг. Тиймээс дэлхий нийт болон Монгол Улсын анхаарал хандуулж байгаа зүйл нь аливаа өвчнөөр өвдсөний дараа бус урьдчилан сэргийлэх болсон. Хэрвээ нойр булчирхай өвддөг шинж тэмдгийг мэдэх юм бол өвчлөлөөс сэргийлэх нь байна шүү дээ. Заавал өвдсөний дараа нойр булчирхай өвдлөө гэхээс илүүтэй анхнаас нь эрүүл мэндийн боловсрол олгох ч юм уу. Ер нь хувь хүний хариуцлагын асуудал байгаа юм. Энэхүү өвчлөлийн дийлэнх шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, хооллолттой холбоотой гэдгийг хэлсэн шүү дээ. Урьдчилан сэргийлэх гол арга нь амьдралын хэв маяг, зөв дадал, зуршлыг бий болгох юм.
-Аливаа нэг өвчлөл хүнд, хөнгөн, дунд зэрэг тодорхой үе шаттай байдаг шүү дээ. Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд аль шатандаа ирж үйлчилгээ авч байна вэ?
-Манай эмнэлэг нарийн мэргэжлийн бүх тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа. Ирж үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд нойр булчирхайн үрэвсэлт өвчнүүд, нойр булчирхайн хортой болон хоргүй төрлийн хавдар оношлогдож байна. Зарим нь хэт хожуу оношлогдож байна. Гэхдээ эрт үедээ, үрэвсэл үүссэн үе шатандаа ирж байгаа хүмүүс ч бий. Мөн нойр булчирхайн хортой хавдрыг яривал эцсийн шатандаа ирсэн цөөн тохиолдол байгаа.
-Хавдрын үе шатанд ирж хүндрэх хүртэл тодорхой хугацааг зарцуулж байгаа шүү дээ. Энэ нь дунджаар хэчнээн сар, жил байдаг юм бэ?
-Нойр булчирхайн хортой хавдрыг ярихад хавдрыг үүсгэж байгаа шалтгаан нь юу гэдгээс их зүйл хамаарна. Нойр булчирхайн хортой болон хоргүй төрлийн хавдраас нойр булчирхайн хортой хавдрыг тавилан муутай хавдар гэж дэлхий нийт тооцдог. Тавилан муутай гэдэг нь амьдралын чанар төдий чинээгээр багасна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс нойр булчирхайн хавдар нь хорт зуршил, буруу хэв маяг, хооллолт, архаг үрэвслүүд даамжрах зэрэг шалтгаанаас болж хорт хавдар үүсээд байгаа юм. Нойр булчирхайн хортой хавдарт дээрх шалтгаанууд нөлөөлсөн тохиолдолд дунджаар 5-15 жил хугацаа үргэлжилнэ. Энэ хугацаанд шалтгаанаас гадна бусад хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлсөн тохиолдолд энэ хугацаа илүү багасна гэж ойлгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
http://itoim.mn/article/bsiHT/36142