Нойр булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ


Нойр булчирхай нь глюкозыг зохицуулдаг даавар болон ферментийг бий болгодог. Хэвийн үед энэхүү фермент нь нарийн гэдсэнд очиж хоол боловсруулах үйл явцад оролцдог байна. Харин нойр булчирхайн ялгаруулсан фермент нь нойр булчирхай дотор байхдаа ажилласнаар нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Хэвийн ажиллагаа нь алдагдсан нойр булчирхай нь хоол боловсруулах системийг алдагдалд оруулах бөгөөд чихрийн шижин өвчний үндэс суурь болдог.

ШАЛТГААН

НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ НЬ ОЛОН ШАЛТГААНЫ УЛМААС ҮҮСДЭГ. ҮҮНД:
• Алкоголийн хэт их хэрэглээ
• Цөсний чулуу
• Тамхи татах
• Цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орсны дараа
• Удамшил
• Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн
• Цусан дахь глицеридийн хэмжээ ихэссэн
• Халдвар авсан
• Хэвлийн гэмтэл
• Нойр булчирхайн хорт хавдар зэргээс үрэвссэн байж болзошгүй.

ШИНЖ ТЭМДЭГ

ХУРЦ ХЭЛБЭРИЙН НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙН ҮЕД:
• Хэвлийн дээд хэсэгт хүчтэй өвдөх
• Амьсгалахад бэрх болж хөдөлгөөн хязгаарлагдах
• Хоол идсэний дараа хэвлийн өвдөлт нэмэгдэх
• Толгой эргэх
• Бөөлжих
• Хэвлийд хүрэх төдийд өвдөх, мэдрэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
АРХАГ ХЭЛБЭРИЙН НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙН ҮЕД:
• Хэвлийн дээд хэсэгт өвдөх
• Амархан жин хаях
• Тосорхог, гялгар өнгөтэй өтгөн гаргах зэрэг ажиглагдана.

ОНОШИЛГОО

Нойр булчирхайн үрэвсэлтэй болсон эсэхийг дараах шинжилгээгээр тодорхойлно.
• Нойр булчирхайн ферментийнхэмжээг тогтоох цусны шинжилгээ
• Зарим тохиолдолд өтгөнөөс тослогийн шинжилгээ авна
• Компьютер томографи

ЭМЧИЛГЭЭ

Хэвтэн эмчлүүлэх-Нойр булчирхайн үрэвслийн үед ихэвчлэн хэвтэн эмчлүүлдэг. Эмчилгээний гол зорилго нь үрэвслийг намдаахад чиглэнэ.
Хоол сойх – Хэд хоногийн хугацаанд хоол идэхээ больж нойр булчирхайг өөрөөр нь эдгээхийг оролдоно. Хэрэв үрэвсэл намдвал шингэн зүйл, зутан шөл ууж, хэсэг хугацааны дараа энгийн хооллох боломжтой.
Өвчин намдаах эм – Нойр булчирхай нь маш хүчтэй өвдөлт өгдөг учир өвчин намдаах эмчилгээ хийгдэнэ.
Дусал хийлгэх – Нойр булчирхайг эмчлэхэд хүний бие шингэнээ алдан хуурайшдаг тул нэмэлт шингэн дуслаар хийх шаардлагатай болдог.

ҮРЭВСЛИЙН ҮНДЭС СУУРИЙГ ЭМЧЛЭХ 

Нойр булчирхайг үрэвсэхэд хүргэсэн суурь өвчнийг бүрэн эмчлэхгүй бол дахин үрэвсэж цаашид хүндрэл учруулах аюултай.
Цөсний цоргонд бөглөрөл үүссэн бол мэс ажилбар хийх – Нойр булчирхайн үрэвслийг үүсгэсэн цөсний цоргоны нарийсал болон бөглөрөлийг мэс ажилбараар соруулж авах эсвэл цоргыг өргөсгүүлэх мэс ажилбарыг дурангийн аргаар хийнэ.
Цөсний чулуу авах хагалгаа – Цөсний чулуунаас үүдсэн бол дахин чулуу үүсэхээс сэргийлж цөсний хүүдийг бүхлээр нь авна.
Нойр булчирхайн хагалгаа – Нойр булчирхайн өвчтэй хэсгийг хагалгааны аргаар авна.
Алкоголийн хяналт – Олон жилийн хугацаанд их хэмжээний архи хэрэглэж байсан бол нойр булчирхай үрэвсэх магадлалтай бөгөөд үрэвслийг хүндрүүлэхгүйн тулд алкоголийн хэрэглээг хянаж сурах шаардлагатай.

АРХАГ ХЭЛБЭРИЙН НОЙР БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙН ҮЕД ХИЙГДЭХ НЭМЭЛТ ЭМЧИЛГЭЭ

Өвчин намдаах эмчилгээ – Архаг хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь хэвлий хэсгээр хүчтэй өвтгөдөг тул өвчин намдаах эмчилгээ хийнэ. Зарим тохиолдолд хагалгааны аргаар нойр булчирхайгаас өвдөлтийг тархируу дамжуулж байгаа мэдрэлийг ажиллагаагүй болгох буюу таслах мэс засал хийгддэг.
Энзимийг нэмэлтээр хэрэглэх – Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж хоол боловсруулалтыг сайжруулахын тулд нойр булчирхайн ферментийг хоолны өмнө эм хэлбэрээр ууна.
Хоолны дэглэмээ өөрчлөх – Тослог багатай, шим тэжээл сайтай хүнс хэрэглэж байх нь үрэвслийг намдаана.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

• Эрүүл хооллох буюу аль болох хэт их өөх тостой хоолноос татгалзах, жимс ногоо хэрэглэх
• Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Нэг дор их идэх, хэт өлсөхөөс зайлсхийх
• Дасгал хөдөлгөөн хийж, хэвийн биеийн жинтэй байх

ХҮНДРЭЛ

Уйланхай – Хүнд хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл нь уйланхай үүсгэж болзошгүй байдаг. Том хэмжээтэй уйланхай нь дотуур цус алдалт үүсгэх, халдвар авах аюултай.
Халдвар – Нойр булчирхай үрэвссэнээр янз бүрийн бактери, халдвар авах аюулыг нэмэгдүүлдэг. Нойр булчирхайн халдварууд нь маш хүнд хэлбэртэй байдаг тул яаралтай эмчилгээ хийж, халдвартай хэсгийг мэс заслын аргаар тайрч авах шаардлага гарна.
Амьсгалахад бэрх болох – Нойр булчирхай нь уушгинд нөлөөлж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулах аюултай.
Чихрийн шижин – Олон жилийн турш нойр булчирхайн үрэвслээр өвдөх нь инсулин бий болгох хэвийн үйл ажиллагааг алдагдуулж чихрийн шижингээр өвчлөхөд хүргэнэ.
Бөөрний дутагдалтай болох
Шим тэжээлийн дутагдалд орох– Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар идсэн хоолноос авах шим тэжээл буурдаг тул тэжээлийн дутагдал, ойр ойрхон гүйлгэх, жин хаях зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг.
Нойр булчирхайн хорт хавдар– Удаан хугацаанд үрэвсэлтэй явах нь нойр булчирхайн хорт хавдрын шалтгаан болох аюултай байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан