Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний төвүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 47 сая төгрөгийн үнэ бүхий Япон улсын Alfreza брэндийн ИS-Prime загварын хамгийн сүүлийн өндөр хүчин чадалтай өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализаторыг хүлээлгэн өглөө.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал О.Эрдэнэбулган, Хавдар судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар оролцлоо.
Монгол Улсын хувьд энэ төрлийн оношилгоог хувийн эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлээд Улсын лавлагаа шатлалын гурван төв эмнэлгүүд оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж, өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатортой болж иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ.
Өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатор нь нарийн гэдэс, бүдүүн гэдэсний хавдар, зарим төрлийн хоол боловсруулах дээд, доод замын үрэвсэлт өвчнүүдийг эрт үед нь илрүүлэхэд нэн ач холбогдолтой бөгөөд манай улсын иргэдийн дунд элбэг тохиолддог нарийн, бүдүүн гэдэсний хавдрын хожуу үеийн хавдар оношлогдохоос сэргийлж чадна. Энэхүү оношилгоо улсын томоохон эмнэлгүүдэд нэвтэрснээр дотрын болон бүдүүн, шулуун гэдэсний мэргэжлийн эмч нарын оношилгоо, эмчилгээний чанарт эерэг үр дүн гарна. Өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализаторыг Арима мед ХХК нийлүүлсэн бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургалтыг зохион байгуулна.