Озон эмчилгээний стандартыг ЭМЯ яагаад нууцлах болов?!



Манайд хааяа хааяа хачин хачин үйл явдал болдог. Үнэнийг "...Худал" гэнэ. Худлыг үнэн болгоно. Саяхан даа, ЭМЯ-наас озон эмчилгээний талаар хоёр ч удаа мэдээлэл түгээлээ. "...Озон эмчилгээний эмнэл зүйн удирдамж, зааврыг ЭМЯ-наас гаргаагүй" гэв. Гэтэл энэ эмчилгээнд зориулсан Монгол Улсын 11.020 ангилалтын кодтой MNS 5421:2004 стандарт байдаг юм байна. "Эрүүлийг хамгаалах технологи-Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ" нэртэй энэхүү стандарт нь “..Цус цэвэршүүлэх /эфферент/ эмчилгээний орчин үеийн арга, технологийг нэвтрүүлж, нэгдсэн бодлогоор удирдах зорилготой” гэж тодотгожээ.
 
сонин mn
Уг стандартад цус озонжуулах эмчилгээг "...Цус озонжуулах арга нь хураагуур судсанд дуслаар уусмал /натрийн хлоридын 0.9 хувийн уусмал, 0.5 хувийн глюкозын уусмал, реопопинглюкин/-ыг озонжуулагч тусгай синтизаторын тусламжтайгаар баяжуулан хийх зарчим дээр үндэслэнэ. Мөн өвчтөний цусыг бага хэмжээгээр 5-10 мл, их хэмжээгээр 200-400 мл озонжуулан хураагуур судсанд эргүүлэн хийх хувилбар бий. Цусанд үүссэн озонд нь оксидазын ферментээр дамжин бодисын солилцооны медиатор-аденилатциклазыг идэвхижүүлнэ. Глутатионы системээр дамжин гликолизыг идэвхижүүлсэнээр нүүрс усны солилцоог төгөлдөржүүлнэ. Эдгээр механизмын үндсэнд цусны реологи сайжирч, сийвэнгийн хүчилтөрөгчийн эзэлхүүн ихсэн, улаан цогцосны фосфатын нийлэгжилт хурдсан, бодисын солилцоо эрс сайжирна" гэжээ.
 
Мөн цусыг озонжуулах зааврын талаар "...Цус озонжуулалт нь үрэвслийн эсрэг, харшил бууруулах, дархлаа тогтворжуулах олон төрлийн үйлчилгээтэй тул гадаад дотоод гаралтай хордлогууд, халдвар-хордлогын гүнзгий хямрал, дархлал хомсдолын шинж, удаан явцтай халдварын үед чихрийн шижин, судас хатууралтын эмгэгүүдийн үед хэрэглэгдэх болно” гэсэн байна. Түүнчлэн энэ эмчилгээг хийх мэргэжилтний талаар “...Цус цэвэршүүлэх эмчилгээний дамжаа, магистр, докторын сургалт дүүргэсэн гэрчилгээ, сертификат, диплом бүхий клиникийн токсолог, гемодиализ, эрчимт эмчилгээний мэргэжлийн ахлах, тэргүүлэх зэрэг болон эрдмийн зэрэг цолтой эмч нар гардан гүйцэтгэнэ. Мэс засал, эрчимт эмчилгээ, цус цэвэршүүлэх эмчилгээний дамжаа дүүргэсэн сертификат буюу лиценз бүхий сувилагч үйлдэлд тусалж оролцоно” хэмээжээ. 
 
Дээрх стандартыг СХЗ-н Үндэсний зөвлөлийн 2004 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 65 тогтоолоор баталжээ. Ингэхдээ “...Энэ стандарт нь 2005 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй” гээд “...Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө” гэсэн байна.
 
Бас “...Энэхүү стандартыг Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийн хүрээнд сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний салбарт гадаад ба дотоод хордлоготой өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад хийж гүйцэтгэнэ” гэжээ.
 
Үүнээс гадна дээрх эмчилгээг эрхлэх шалгуур гэж байна. Түүний .2-т “...Тухайн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтнээр стандартын дагуу хангагдсан байх”, 1.3-т “...Өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохирсон оношилгоо, эмчилгээний жагсаалтыг гаргаж баталгаажуулах ба жагсаалтад орсон үйлчилгээний холбогдох батлагдсан стандарт, удирдамжийг хэвлэмэл байдлаар бэлдсэн байх”, 1.4-т “...Оношилгоо эмчилгээний жагсаалтад орсон үйлчилгээг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдасан байх ба тоног төхөөрөмж бүр нь ашиглах халдваргүйжүүлэх заавар, чанарын баталгааны хуудастай байх”, 1.5 “...Эмнэлгийн үйл ажиллагааны онцлогоос хамааран яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангасан түүнийг хэрэглэх чадвартай байх” хэмээн заажээ.
 
Озон эмчилгээний ийм тов тодорхой стандарт байна. Тэгээд ч энэ нь товчхондоо хүчилтөрөгчийн л эмчилгээ юм байна. Тодруулбал, озон гэдэг нь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл байдаг. Озон (O3) нь хүний биед орж, цустай холилдохоороо хүчилтөрөгч (O2) , хүчилтөрөгчийн молекул (O)  болж задардаг. Цусаар дамжсан хүчилтөрөгч бүх эд эрхтэнийг хангадаг бол хүчилтөрөгчийн молекул нь биед байгаа элдэв төрлийн нян, бактери, холестрол, глюкоз, үрэвслийг устгадаг байна. Ингээд биеийг хүчилтөрөгчөөр хангахаар бодисын солилцоо сайжирч эд эсүүд нөхөн төлжиж, дархлаа сайжирдаг аж. Гэтэл өнөөдрийн бидний амьдралын хэв шинж болон экологийн бохирдлоос шалтгаалан бидэнд хүчилтөрөгч байнга дутагдаж, хорт бодисоор амьсгалж буй нь олон төрлийн өвчний суурь нь болдог байгаа юм. Мөн жирэмсний болон бусад хордлого, халдвар, нойргүйдэл, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, стресс ч хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг юм байна. Хүчилтөрөгчийн дутагдалд орсны хамгийн нийтлэг шинж нь амьсгал дутуу авагдах, дасгал хөдөлгөөн хийхэд ачаалал даах чадваргүй болох, хүйтэнд хэт мэдрэг, биеийн температур буурах зэрэг байдаг аж. Тиймээс манайд энэ чиглэлээр эмчилгээ хийдэг анхны эмнэлгүүд өвчтөнөөс тодорхой хэмжээний цус авч озоноор баяжуулан буцаагаад дуслаар хийх арга хэрэглэдэг байна. Дээрх стандартын дагуу л гэсэн үг.
 
Ер нь бол озон эмчилгээ сүүлийн үед Монголд нэлээд дэлгэрсэн. Үйлчлүүлэгч олонтой, ам сайтай. Яагаад гэхээр ковидын дараах хүндрэл гэж айхтар юм байдаг. Саяхныг хүртэл манай идэр насныхан, залуус хүртэл мөн ч олон хүн ковидын нөлөө бүхий цусны өтгөрлөөс үүдэлтэй цус харвалтаар мөнх бусыг үзүүлцгээсэн шүү дээ. Тэгвэл энэ озоны эмчилгээ чинь ковидын дараах цус цэвэршүүлэх, цусны өтгөрлөөс сэргийлэхэд ач тусаа нэлээд өгсөн. Тэр утгаараа, ЭМЯ-ны ачаанаас үүрэлцсэн шүү. Гэтэл ЭМЯ яагаад байсаар байгаа стандартыг “...Байхгүй” гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Ер нь озон эмчилгээний стандартыг ЭМЯ яагаад нууцлах болов оо?!
 
Мэдээж хэрэг, тухайн үед эрүүл мэндийн салбар, түүний удирдлага руу улстөржилт чиглэж байдал амаргүй байсан. Цаг хугацааны хувьд түүнтэй давхацсан байж болно. Гэхдээ олон нийт үнэн зөв мэдээллээр хангагдах учиртай. Нэг үгээр хэлбэл, үнэнийг үнэнээр нь, худлыг худлаар мэдээлэх нь төрийн ёс зүй юм.
 
Б.Дамдин-Очир 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан