С.Мядагсүрэн: Цочмог хавдар нь залуу хүнд тохиолдох магадлал илүү өндөр байдаг


УНТЭ-ийн эмч ажилчид саяхан донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эмгэгийн жагсаалтыг нэгээр хассан билээ.
Бид тэрхүү үүдэл эсийн эмчилгээ болон цусны хорт хавдрын талаар УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга С.Мядагсүрэнтэй ярилцлаа. 
-Цусны хавдар үүсэх гол шалтгаан юу вэ?
-Цусны хавдар дэлхий нийтэд бүрэн судлагдаагүй өвчин. Гэхдээ судлаачид энэ өвчин үүсэхэд хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйл байдаг гэж үздэг. Гадаад буюу физикийн, химийн, биологийн, дотоод буюу генийн хүчин зүйл байдаг. Физикийн хүчин зүйлд цацраг туяа, химийн хүчин зүйлд бүх төрлийн химийн бодис, биологийн гэдэгт нян мөөгөнцөр, вирусийн халдвар орно. Вирусийн алдвар илүү хоруу чанартай явагддаг учраас дараа дараагийн өвчлөлүүдийг үүсгэх магадлал өндөр байдаг. 
Цусны хавдар үүсгэх дотоод хүчин зүйлд тухайн өвчнөөр өвчлөх магадлал ихтэй генийн хромосомын гажигууд, урьдал өвчнүүд багтдаг. Урьдал өвчин гэдэгт  цус төлжилгүйдлийн цус багадалт, меладистпласмын хам шинж, шөнөөр шээсэнд гемоглобин гарах эмгэг орно. Элэгний хавдрын урьдал нь элэгний хатуурал байдаг шиг цусны хавдрын суурь нь сая хэлсэн урьдал өвчнүүд болдог. Урьдал өвчин бүр цусны хавдар луу шилжээд байдаггүй. Гэхдээ цус алдалтаар юм уу, хоёрдахь халдвараар хүндрэх магадлал байдаг.
-Цусны хавдраар сүүлийн үед бага, залуу насныхан түгээмэл өвчилж байна гэдэг. Энэ өвчин залуужиж байгаа юу?
-Цусны хавдраар өвчлөх нас залуужаад байгаа юм биш. Цусны хавдрыг дотор нь цочмог, архаг гэж хоёр ангилдаг. Цочмог хавдар нь угаасаа залуу насны хүнд тохиолдох магадлал илүү өндөр байдаг юм. Цочмог хавдар дотроо олон төрөлтэй. Эхний төрөл нь илүү нас ахисан хүмүүс, 35-аас дээш насны хүмүүст тохиолддог. Харин линфойд эгнээний эсийг хамарсан хавдар нь залуу насныхан болон хүүхдүүдэд илүү тохиолддог. Цусны хавдар одоо жил ирэх тусам залуужиж байна гэдэг ойлголт буруу. Энэ нь өвчин өвчнийхөө онцлогоос шалтгаалдаг.
Архаг хавдар нь хүүхдүүдэд маш бага тохиолддог, 40+ насныханд илүү тохиолддог бол цочмог нь залуу хүмүүст илүү тохиолддог гэж ойлгож болно.
-Цусны архаг, цочмог хавдрын гол ялгаа юу вэ. Хэрхэн үүсдэг вэ?
-Хүний биеийн эс үндсэн зургаан үе шатыг дамжиж боловсордог. Бидний ясны чөмгөнд анхдагч эсүүд байдаг. Энэхүү чөмөгний буюу анхдагч эс боловсорсон эс болтлоо зургаан үе шатыг дамждаг юм. Эхний дөрвөн үе шатанд генийн гажиг үүсэх юм бол цочмог хэлбэрийн хадвар болдог. Харин хожуу шатанд тухайн эсүүд хавдрын эс болж байвал түүнийг архаг хадвар гэдэг. Ясанд байгаа эсээс маш олон төрлийн эс үүсч болно. Тэгтэл өөр өөр эсүүдийг үүсгэх тэр анхдагч эс эрт шатандаа хавдрын эс болоод хувирчихаар их олон эсийг хамарч, өвчин хурц, хурдан явцтай болдог. Тиймээс цочмог хавдрын шинж тэмдэг тод илэрдэг. 
Архаг хавдар бол тодорхой үүслээ олчихсон нэг л төрлийн эс хавдрын эс болж байгаа болохоор шинж тэмдэг нь аажим, бүдэг явагддаг.
-Цусны хавдрын үед илрэх өвөрмөц шинж тэмдэг байдаг уу?
-Өвөрмөцөөр илрэх шинж ховор. Гэхдээ ерөнхийдөө, цус багадалтын шинж, арьс салст цайх, нүд бүрэлзэх, ядарч сульдах, толгой өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Ялтас эс цөөрсөн тохиолдолд цус гоожимтгой байх шинж илэрдэг. Энэ нь биеийн аль ч эрхтэн, аль ч газраас цус алдах, эсвэл цусархаг тууралтууд гарахыг хэлдэг.
Хавдартай хүмүүс хоёрдогч халдварт маш өртөмтгий байдаг. Бидний дархлаа биед орж ирсэн вирус, нянг эсэргүүцэж, түүнийг өвчний хэмжээнд хүргэхгүй байж чаддаг бол цусны хадвартай хүмүүс аливаа халдварт маш өртөмтгий байдаг. Мөн элэг дэлүү томрох, тунгалагийн булчирхай томрох, хоолонд дургүй болох, огиж бөөлжих мэтийн хавдар хордлогын олон шинж цусны хавдартай хүнд илэрч болно.
-Үүдэл эсийн эмчилгээ нь цусны хавдрыг эмчлэх хамгийн найдвартай, сүүлийн үеийн эмчилгээ мөн үү. Олон улсад үүнээс өөр эмчилгээний аргыг ашигладаг уу?
-Цусны өвчний эмчилгээ эс, молекул, генийн түвшинд яригддаг болохоор эмчилгээ нь амаргүй байдаг. Олон улсад энэ өвчний төгс эмчилгээг олох гээд судалсаар байна. Яг одоогийн байдлаар, цочмог хавдрын үед үүдэл эсийн эмчилгээ нь стандарт эмчилгээний нэг болоод байна.
Үүдэл эсийн эмчилгээ нь энэ өвчнийг намжмал байдалд оруулж чадах хамгийн сайн эмчилгээ.
Эмчилгээний үр дүнгийн хувьд,  хөгжсөн орнуудад хийсэн судалгаагаар 80-90 хувийн үр дүнтэй байна гэж үздэг. Гэхдээ улс орноосоо шалтгаалаад үр дүн өөр өөр байдаг.
-Үүдэл эсийн эмчилгээ хийж хавдрыг намжмал байдалд оруулсан ч эргээд сэдрэх тохиолдол бий юу?
-Өвчин эргэж сэдрэх магадлал байгаа. Аль ч эрхтэнг шилжүүлэн суулгасны дараа тэр эд, эс, эрхтнийг бие хүлээж авахгүй байх, эзэн биеийн эсрэг урвал илрэх магадлал байдаг. Манай эмнэлгийн хамт олон 23 настай өвчтөнд 14 настай дүүгийх нь үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Тухайн өвчтөнд одоогоор өвчин сэдрэх  шинж тэмдэг илрээгүй байна.
-Цусны хорт хавдраас сэргийлэх арга байдаг уу. Эсвэл эс, генийн түвшинд яригддаг өвчин учраас сэргийлэх арга байдаггүй юу?
-Цусны өвчнөөс сэргийлнэ гэдэг амаргүй. Цусны гурван том бүлэг өвчин байдаг. Цус багадалт, цусны хавдар, цус гоожимтгойн эмгэгүүд. Эдгээр дотор цусны хавдраас урьдчилан сэргийлнэ гэдэг хамгийн их хэцүү. Иргэд ядаж жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх эмчилгээнд орж байх хэрэгтэй. Мөн дээр хэлсэн аль нэг зовиур байх юм бол эмчид ханддаг байх хэрэгтэй. 
Түүнчлэн ямар нэг вирусийн халдвар авахгүй байхыг хичээж, дархлаагаа дэмжиж, даарч хөрөхгүй байх чухал. Дархлаагаа дэмжинэ гэхээр хүмүүс дархлааны системийг оролддог олон төрлийн эм уугаад байдаг. Тэр эмнүүд дархлааны ганцхан талыг идэвхжүүлээд байдаг. Тэнцвэртэй байх ёстой зүйлийн нэг талыг хэт идэвхжүүлж болохгүй. Дархлаагаа сэргээхийн тулд ажил амралтаа зохицуулж, витаминлаг тэжээллэг зүйл идэж ууж,  эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Мөн шинжилгээнүүдээ тогтмол өгч байх шаардлагатай.
-Эрт оношлуулвал цусны хавдар хурдан эдгэрэх магадлал байдаг уу?
-Хавдар урт хугацаанд үүсдэг зүйл биш. Ихэнх хүн өвчний ид үедээ буюу шинж тэмдэг их илэрсэн үедээ оношлогддог. Урьдчилан сэргийлэх үзлэгээр наана нь оношлогддог хүн маш ховор.Эрт оношлогдсон хожуу оношлогдсонд онц ялгаа байдаггүй. 
Генийн гажигийн хувьд,  ДЭМБ-аас тухайн хүнд илэрч буй гажигийг тавилан сайтай, дунд зэргийн, тавилан муутай гэж гурав хуваасан байдаг. Тавилан сайтай генийн гажигт бол химийн эмчилгээ хийнэ. Дунд, эсвэл тавилан муутай гажиг байх юм бол хими эмчилгээнээс гадна дараагийн эмчилгээнүүд ар араасаа төлөвлөгдөх ёстой. Хими эмчилгээний үр дүн байх ёстой шалгуурт хүрэхгүй байвал үүдэл эсийн эмчилгээ хийж болно. 
-Манай улсад хийгддэг цусны өвлөлийн эмчилгээ дэлхийн улсуудтай ижил түвшинд байж чаддаг уу?
-Манай улс хими эмчилгээний хувьд дэлхийн хөгжилтэй адилхан явж байгаа. АНУ-ын NCCN гээд хавдрын бүх зөвлөмжийг гаргадаг том байгууллага байдаг. Тэндээс гардаг зөвлөмжийг дэлхийн цусны бүх эмч нар дагаж ажилладаг, манай улсын эмч нар ч тэндээс гарсан удирдамжийн дагуу эмчилгээгээ явуулдаг. 
2010 онд үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл хэрэгжсэнээс хойш манай цусны бүх эмч БНСУ, Энэтхэг, Турк, Япон, Хятад улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч нар байгаа. Бид гадны улсад хийдэг эмчилгээнүүдийг монголдоо стандартын дагуу хийдэг.
-Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг танай хамт олон амжилттай хийсэн. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцвал?
-Бид донороос үүдэл эс шилжүүлэх эмчилгээг анхны удаа монголдоо хийсэндээ их баяртай байгаа. Энэ тийм ч амар эмчилгээ биш, хүндрэл дагуулж болдог. Цус нь ганцхан газраа байршдаг эрхтэн биш болохоор хүндрэл гарвал бүх эрхтэн системд асуудал үүсдэг. Хүндрэл гарах, амжилтгүй болох тохиодол өндөр байдаг ийм эмчилгээг баг хамт олноороо хийж чадсандаа баяртай байна.
 Өвчтөн маань болон түүний дүү 14 настай донор маш тэвчээртэй байлаа. Тэдний  тэвчээр биднийг хурцалж байсан. Мөн баг хамт олон маань зангидсан гар шиг байж чадлаа. Тэд нартаа баярлалаа гэж хэлмээр байна. 
Бид үүдэл эсээ шөнө сэлбэж байсан. Шөнө дуудахад асуудалгүй ирж, бүгд маш их сэтгэл гарган ажиллаж байсан. Бид энэ хугацаанд бүгд жижүүрлэж, өвчтөнийхөө хажууд үргэлж хамт байдаг байсан. Бас өглөөний шинжилгээгээ бүгд сэтгэл догдлолтой хүлээдэг байсан. Өвчтөнд үүдэл эс суулгаад сар гаруйн хугацаа өнгөрч, өчигдөр ямар нэг хүндрэлгүйгээр эмнэлгээс гарсанд бид баяртай байгаа.
-Энэхүү эмчилгээг монголд хийхэд олон улсын эмч нар туслалцаа үзүүлсэн гэсэн. Аль улсын эрдэмтэд та бүхэнтэй хамтарч ажилласан бэ?
-Юуны өмнө, ЭМЯ болон эмнэлгийн удирдлагууд биднийг маш их дэмжиж ажилласан. Эмнэлгийн удирдлагаас бидэнд дэмжих баг гаргаж өгсөн. Мөн гадаад улсаас эрдэмтэн докторууд зөвлөгөө өгч байсан. Тухайлбал, АНУ-н Техас мужийн MD Anderson хавдрын эмнэлгийн профессор Такахаши манай улсад дөрөв хоногийн хугацаатай ирсэн. Тэр хүнийг авчрахад “Аюуш сан” бидэнд их тус болсон. Яг эмчилгээ эхлэхэд  профессор Такахаши бидний хажууд байсан юм. Түүнээс хойш дандаа онлайнаар холбоотой байсан. Хамт ердөө дөрөв хоног байсан гэдэг нь чамлаттай ч эмчилгээг эхлэх үед хамт байснаараа их тус болсон. 
АНУ-ын Техас мужийн их сургуулийн профессор Энхбаатар анх биднийг Такахашитай холбож өгч байсан. Мөн биднийг Японы үүдэл эс шилжүүлэн суулгах нийгэмлэгийн тэргүүн Тешима профессортой холбож өгсөн. Тешима бидэнтэй хэд хэдэн удаа онлайнаар холбогдсон. 
Үүнээс гадна монголд анх 2014 онд үүдэл эсийн эмчилгээ хийхэд тусалж байсан БНСУ-ын Ким профессороор улирдуулсан баг бидэнд онлайнаар зөвлөгөө өгч ажилласан. Тэд монголд хийгдэх боломжгүй зарим шинжилгээг өөрийн орондоо үнэ төлбөргүй хийж өгч тусалсан. Ерөнхийдөө маш олон хүний тус дэм, багийн ажиллагаагаар энэ бүхнийг давж гарлаа. 
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан