“Langya” вирус-Мөсөн уулын зөвхөн орой нь уу?


Хятадын зүүн хэсгийн Шаньдун, Хэнань мужуудад 35 хүнээс “Langya” нэртэй шинэ вирус илэрсэн. Энэ нь 2018-2021 оны хооронд илэрсэн тохиолдлын тоо юм. Уг шинэ вирусийн талаар илүү их тандалт судалгаа хийх шаардлагатайг эрдэмтэд онцолж байна. Дараагийн тахал өвчний эх үүсвэр болохгүй байж магадгүй ч амьтнаас хүнд амархан дамждаг нь анхаарал татаж буй. “Langya henipavirus” нэртэй уг вирус нь олон янзын орчинд амьдрах чадвартай жижиг хөхтөн амьтдаас хүнд халдсан байж болзошгүй. Одоогоор халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь тариачид байна. Нас баралт бүртгэгдээгүй хэдий ч өвчтөнүүдэд халуурах шинж тэмдэг илэрчээ.
“Дэлхий дээрх зоонозын тохиолдлын тоог бид маш дутуу үнэлж байгаа. Энэ вирус нь зөвхөн мөсөн уулын үзүүр гэхэд болно” гэж Хонгконгийн их сургуулийн профессор Лео Пун хэлжээ.
Covid-19-ийн халдвар Хятадад анх илрээд гурван жил болж буй ч одоо хүртэл өдөр бүр хэдэн зуун мянган шинэ тохиолдол бүртгэгдсээр байна.
Вирусийн талаарх анхны нийтлэл өнгөрсөн долоо хоногт “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн. Уг нийтлэлийг Хятадын болон олон улсын судлаачид бичжээ. Судалгааны багийн мэдэгдсэнээр, “Langya” вирус нь ямар нэгэн үл мэдэгдэх эмгэг төрүүлэгч болж хувирах магадлал багатай гэв. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй тандалтыг ил тод, олон улсын хамтын ажиллагаатай явуулах зайлшгүй шаардлагатайг Сингапурын их сургуулийн профессор Ванг хэллээ.
ШИНЭ ВИРУСИЙН УЛ МӨРӨӨР
“Langya” вирус хамгийн анх 2018 оны арванхоёрдугаар сард 53 настай тариачнаас илэрчээ. Тариачин халуурах, толгой өвдөх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэгтэй Шаньдун мужийн Чиндао хотын эмнэлэгт ирсэн бөгөөд энд шинэ төрлийн вирусийг анхлан илрүүлсэн байна. Өвчтөн сүүлийн нэг сард амьтантай ойр харьцсан гэж мэдэгдсэн тул түүнийг дахин гурван ч эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамруулжээ.
Шинжилгээний дээжийг судалж үзээд эрдэмтэд санаанд оромгүй зүйлийг илрүүлсэн байна. Тодруулбал, хүн хооронд амархан тархдаг, урьд өмнө илэрч байгаагүй гендра, нипи вирусуудыг илрүүлсэн.
Анхны тохиолдлоос хойш 32 сарын турш нийт 35 хүнээс халдвар илрэв. Эдгээр өвчтөний ес нь томуу гэх мэт вирусээр давхар халдварласан байсан тул шинж тэмдгийн эх үүсвэр нь тодорхойгүй байж. Харин үлдсэн 26-д нь шинэ генипавирусын шинж тэмдэг илэрсэн байна. Зарим өвчтөнд уушигны хатгалгаа, тромбоцитопенигийн хэвийн бус байдал, цусны тромбоцитын эмгэг зэрэг хүнд шинж тэмдэг илэрсэн аж.
Хятадын баруун өмнөд хэсгээс Өмнөд Солонгос хүртэл амьтнаас амьтанд вирус халдварлаж байсан тохиолдол байдаг аж. Тиймээс “Langya” вирусийн халдвар газар орон болон цаг хугацааны хувьд хол зайтай халдварлах нь гайхаад байх зүйл биш гэдгийг эрдэмтэд хэллээ. Шинэ вирус хүмүүст халдварлаж байгааг мэдсэнийхээ дараа Бээжингийн эрдэмтэд, Чингдаогийн өвчний хяналтын албаныхан ажиллаж эхэлсэн. Тэд өвчтөнүүдийн гэрийн тэжээмэл амьтдыг шинжилснээр цөөн тооны ямаа, нохойг илрүүлсэн байна. Харин хамгийн чухал мэдээлэл нь зараа, сохор номин гэсэн хоёр төрлийн мэрэгч амьтнаас 71 тохиолдол илрүүлсэн явдал байв. Вирус хүмүүст хэрхэн халдсан нь тодорхойгүй байгаа тул Шаньдун, Хэнань мужаар тогтохгүй Хятадын бусад мужуудад ч “Langya henipavirus”-ийн илрүүлэг шинжилгээг хийх шаардлагатай. Цаашилбал бусад улс оронд ч хийх шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна.
ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?
Дэлхий даяар шинээр гарч ирж буй халдварт өвчний 70 хувь нь амьтнаас хүнд халдварлажээ. Энэ нь зэрлэг ан амьтдын амьдрах орчинд хүн төрөлхтөн ихээр суурьших болсонтой холбоотой гэж эрдэмтэд үзсэн. Тухайлбал, Хятадад 2002 онд илэрсэн “SARS” болон Covid-19 вирусууд нь сарьсан багваахайгаас гаралтай. Хөхтөн амьтан, шувуудад 1.7 сая орчим илрээгүй вирус байж болзошгүйг эрдэмтэд баталж байна. Гендра болон нипа вирус нь өвчтэй адуу, гахай, сарьсан багваахайтай ойр харьцсанаас үүдэн халдварладаг аж.
Өнөөг хүртэл дэлхий даяар 6.4 сая хүний аминд хүрээд буй Covid-19 вирусийн жишээнээс харахад, шинэ вирусын тохиолдлыг аль болох хурдан илрүүлж, болзошгүй эрсдлийн талаарх мэдээллийг ил тод хуваалцах нь чухал.
Хонгконгийн их сургуулийн вирус судлаач Малик Пейрисийн хэлэхдээ, “Langya” вирусийн халдвар газарзүйн хувьд нэлээн өргөн тархсан байж болзошгүй гэв. Тиймээс Хятад болон бусад хөрш оронд судалгаа хийж, газарзүйн хүрээг нарийн тогтоох шаардлагатай аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Langya” вирусыгтахал өвчин үүсгэх хамгийн өндөр магадлалтай вирусынжагсаалтад оруулсан байдаг. Мөн нас баралтын түвшин 40-75 хувьтай, био аюулгүй байдлын дөрөвдүгээр түвшнийвирус гэж ангилсан. Энэ нь Covid-19-ийн нас баралтынтүвшингээс хамаагүй өндөр хувь аж. Одоогоор хүмүүстзориулсан вакцин гараагүй бөгөөд амьтад дээр вакцин туршиж буй. Уг вирус анх 1999 онд Малайз, Сингапурт бүртгэгдэж, тухайн үедээ 100 хүн нас баржээ.
Хятад, Сингапур, Австралийн судлаачид вирусийг судалж буй бөгөөд тэд түүврийн хэмжээ бага байгааг дурдаж байна. Түүврийн хэмжээ бага байгаа тул хүнээс хүнд дамждаг гэсэн нотлох баримт хараахан олоогүй байгаа аж. Зэрлэг амьтдыг зохицуулалт, хяналтгүйгээр худалдах, ой модыг устгах, хэт хотжих  зэрэг нь хүмүүсийг амьтадтай ойртуулж, улмаар вирус тархах магадлалыг нэмэгдүүлж буйг Covid-19 гарахаас ч өмнө зоонозын өвчин судалдаг эрдэмтэд анхааруулж байжээ.
Эх сурвалж: CNN, WASHINGTON POST, DAILY MAIL
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан