Ходоод, нойр булчирхайн аранга хорхогноос татгалзъя

-ЭМЧ: ӨӨХ, ТОСТОЙ ХООЛ ИДЧИХЭЭД ХҮЙТЭН ПИВО УУЖ БОЛОХГҮЙ-

      Хорхог, боодог, шорлогийг бидон бидоноор нь идэж, араас нь лааз лаазаар нь шар айраг, архи залгилдаг цаг иржээ, монголчуудын хувьд. Хэзээнээс маханд дуртай монголчууд хэдэн өдөр хөдөө явахдаа ёс юм шиг ганц хаа байсан ч шарж, хуурч, амт оруулаад идчихдэг. Бидэнд шарсан мах идэж, хүйтэн пиво, айраг, архиа ууж байж л амарсан, зугаалсан болдог юм шиг байгаа юм. Хотынхныг зуны амралтаараа хөдөө хамаатан садан, найз нөхдийндөө очихоор нь мөн л төмпөн дүүрэн хорхог, хөхүүр дүүрэн айргаар угтдаг. Ингээд бодоход ер нь монголчууд хорхог, боодог, шар айраггүйгээр зуныг, зуны амралтаа төсөөлж чадахааргүй болжээ гэмээр. Тэд заримдаа бүр бялуурч, уйдсан шинжтэй  “Бүтэн долоо хоног хорхог идлээ. Одоо арай хурцдах байх" гээд л дэмий ярвайна. Тэгснээ "Болсон идээнээс яаж буцах билээ. Сайхан амттай, зөөлөн болж" гээд л хорхог, махаа нимгэн нимгэн огтолно. 
       Ингээд зунжин хорхгийг шар айраг, архиар даруулаад хэрэглэчихсэн монголчуудын элэг, цөс, ходоод яаж тэсэх билээ дээ. Удалгүй энд өвдлөө, тэнд өвдлөө гээд эмнэлгийн үүдэнд ар араасаа цуварч, үзүүлэх цаг авах гэж хэдэн өдөр, сар болдог. Энэ жишээ бол  монголчуудын буруу хооллолттой холбоотой гэдгийг эмч нар хэлдэг. Мөн дээрх хооллолт буюу хүйтэн пиво, халуун хуушуур, хорхог, боодог нь нойр булчирхай, ходоодыг хамтад нь хорлодог. Өөх, тостой хоол хүйтэн зүйлтэй тэр дундаа газтай пивотой тохиргүй”  гэдгийг эмч болгон ярьдаг, тайлбарладаг. Тиймээс зуны улиралд хэрхэн зөв, зохистой хооллох талаар УГТЭ-ийн Ерөнхий эмч Г.Өнөржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

УГТЭ-ийн Ерөнхий эмч Г.ӨНӨРЖАРГАЛ: Хорхог, боодог идсэний дараа шар айраг, архи ууж болохгүй, бүр хориотой

-Урин дулаан цагт иргэд хөдөө гарч, хорхог идэж, хүйтэн пиво уух нь нийтлэг болжээ. Энэ нь иргэдийн нойр булчирхай, цөс, ходоод өвдөх гол шалтгаан болсон гэж хэлж болох уу?
     -Халуун, өөх, тостой хоол, хорхог идсэний дараа хүйтэн ус, ундаа, шар айраг хэрэглэж огт болохгүй, бүр хориотой. Хэрвээ өөх, тостой халуун хоол, мах идсэний араас хүйтэн зүйл уувал ходоод, гэдэс цочирч, нойр булчирхайн үрэвсэж, элэг өөхөлдөг. Аль болох хэрэглэхээс бүрэн татгалзах хэрэгтэй. Монголчууд зуны цагт аяллаар явахдаа ихэвчлэн хагас боловсруулсан хоол эсвэл хорхог, боодог иддэг. Иргэд аялах нэрийдлээр хөдөө гарч, ёс юм шиг хорхог, боодог, шорлог идэж, араас нь хүйтэн пиво, ундаа, архи хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байна. Иргэд амарч чаддаггүй. Харин ч ядраад ирдэг. Яагаад гэвэл өдөр, шөнөгүй найрлаж, ууж, идэж, нойргүй хоноод ирдэг. Тиймээс бид алжаалаа зөв тайлж сурах хэрэгтэй байна.
-Танай эмнэлэгт ирж, үзүүлж байгаа иргэд ихэвчлэн ямар төрлийн өвчтэй байна вэ?
     -Хоногт үзүүлж буй иргэдийн 50-60 хувь нь элэгний үрэвсэл, 30-40 хувь нь ходоод, нойр булчирхайн үрэвсэлтэй байна. Энэ нь амьдралын буруу хэв маягтай холбоотой. Иргэдийн таргалалт, архи, тамхины хэрэглээнээс болж элэг өөхлөх, нойр булчирхайн үрэвсэл, ходоод, гэдэсний шарх, шархлаа их байна. Монголчуудын архи, дарс, тамхины хэрэглээ цар тахлын хэмжээнд хүрсэн. Энэ нь аливаа өвчнийг хүндрүүлж, сэдрээж байгаа. Үүнээс гадна ажил, амьдралаа зохицуулж, сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, хорт зуршлаас салах хэрэгтэй. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ нь ходоод, гэдэсний эмгэгээс сэргийлэх сайн талтай. Мөн хэрэглэх эмээ зөв сонгож, анхаарах хэрэгтэй. Эмийн бүтээгдэхүүн, хоол хүнс бие организм, биеийн жин, хийж буй ажил хөдөлмөрт тохируулах хэрэгтэй.
-Цөс, ходоод, нойр булчирхайн үрэвсэл ихэвчлэн ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
     -Жишээлбэл, ходоодны шархлаа гэхэд цээж гашуу оргих, ам гашуун орхих, хоолны дуршил муудах, аюулхайд халуун орхих шинж илэрдэг. Иргэд өвчнийхөө зовиурыг анзаарахгүй явснаас болж шарх нь шархлаа, шархлаа нь аливаа эрхтний бүтцийг өөрчилж, хавдар үүсгэдэг. Тийм учраас бага ч гэсэн зовиур илэрсэн тохиолдолд өрхийн эмчдээ хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, урьдчилсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тэгвэл хавдар үүсэхгүй байх бүрэн боломжтой.
-Иргэд өвчнөө хүндэрсэн хойно нь эмчид үзүүлэх ёстой гэдгээ ухаардаг юм шиг санагддаг?
     -Иргэдийн 70-80 хувь нь өвчин нь сэдэрч, гэрийн нөхцөлд эмээр эмчилж, үр дүнгүй болсон үед эмчид ханддаг. Иргэдийн 20 орчим хувь нь зовиур илэрсэн даруйдаа эмчид үзүүлж, урьдчилсан эмийн эмчилгээ авч, шинжилгээнд хамрагддаг.
-Хоол боловсруулах замын ямар өвчнөөр нас барах тохиолдол их байна вэ?
     -Иргэд элэг, ходоодны хатуурал, хавдраар хамгийн их нас бардаг.
           Манай улс хорт хавдрын өвчнөөр дэлхийд 60-д, харин хорт хавдрын улмаас нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг гэх судалгаа байдаг. Тиймээс зуны улиралд эмч нарын хатуу хориглосон хоол буюу хорхог, хуушуурны араас хүйтэн пиво, газтай ундаа, архи уухгүй байхыг, ходоод, нойр булчирхайн дайсан хорхог, боодогноос бүр татгалзаж суръя.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан