-НОЙР БУЛЧИРХАЙД ХАМГИЙН ХОРУУ ЧАНАРТАЙ ЗҮЙЛ БОЛ ХОРХОГ, БООДОГ, ШОРЛОГ, АРХИ-
“Синдүра-Мед” эмнэлгийн дотрын их эмч Э.Амарбаясгалантай нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.
-Нойр булчирхай ямар үүрэгтэй эрхтэн гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Үүнээс хоёулаа яриагаа эхэлье?
-Нэгэнт нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцаж байгаа учраас эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлаад явах нь мэргэжлийн хүний хувьд зүйн хэрэг болов уу. Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсгийн ар хананд буюу ууц нурууны I, II нугалмын түвшинд, гялтан хальсаар нэг талаараа хучигдан ходоодны ар талд, хос гэдэс, дэлүүний хооронд хөндлөн байрлалтай байдаг. Ягаан саарал өнгөтэй гадаад болон дотоод шүүрэл ялгаруулдаг, хоол боловсруулах эрхтэн. урт нь 14-22, өргөн нь гурваас есөн сантиметр. Харин зузаан нь хоёроос гурван сантиметр бол жин нь 70-80 грамм байдаг. Нойр булчирхайг толгой, их бие, сүүл гэж гурван хэсэгт ангилдаг. Булчирхайн гол цорго нь цөсний ерөнхий цорготой хэд хэдэн хэлбэрээр нийлдгээс элэг-нойр булчирхайн цүлхэн үүсэх хэлбэр хамгийн олон тохиолддог. Цөсний ерөнхий цоргоны төгсгөлд гэдэсний агуулагдахуун цорго руу орохоос хамгаалсан оддын хуниас нь нойр булчирхайн эмгэг үүсэхэд гол нөлөө үзүүлдэг хэрэг.
-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн өвчлөл залуужаад байна шүү дээ. Ер нь энэ өвчлөл юунаас эхэлдэг вэ?
-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэж хоёр ангилдаг. Цочмог нойр булчирхайн үрэвслийн үе нь аминд халтай учраас яаралтай ойр байрлах эмнэлэгт хандан эмчид үзүүлж эмчилгээг түргэн эхлэх шаардлагатай. хэт их стресстэх, удаан хугацааны эмийн хэрэглээ, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, өөх тостой шарсан хуурсан, хоносон, хөрсөн хоол хэт их идэхээс шалтгаална. Эвэл өдрийн турш юм идэхгүй явж байгаад гэнэт хэтрүүлэн идэх болон цөсний чулуунаас болж нойр булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Ерөнхийдөө тухайн хүний амьдралын хэв маягаас 100 хувь шалтгаална. Мөн бодисын солилцооны эмгэг, хоол боловсруулах эмгэг буюу ходоод гэдэсний үрэвслийн улмаас нойр булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Цочмог болон архаг нойр булчирхайн үрэвслийн үед эмнэл зүйн шинж тэмдэг эрс өөр байдаггүй.
-Нойр булчирхайгаар өвчилсөн хэдий ч мэдэлгүй явсаар хүндрүүлдэг тохиолдол их бий. Тэгэхээр өвчилж эхэлсэн хүнд ямар өвдөлт, шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ихэвчлэн аюулхай орчимд их хүчтэй өвдөл өгдөг. Энэ өвдөлт нь зүүн талын хавирган нум дагуу мөн ар тал руу, далны доод ирмэг хүртэл бүслэх маягтай дамждаг. Энэ өвдөлтийг Кnife /хутгалуулж буй/ гэж нэрлэдэг. Ихэвчлэн өөх тостой шарсан хуурсан хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэсний дараа энэ зовиур илэрнэ.
Мөн цаашлаад дотор муухайрч бөөлжих, гүйлгэх, зүрхний цохилтын тоо олшрох /тахикарди/, халуурах, турах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
-Монголд зуны цагт, тэр дундаа найр наадмын дараа өвчлөл эрс нэмэгддэг гэсэн байсан. Энэ нь хорхог, сүүтэйцай, архинаас болдог гэх юм. Үнэн үү?
-үнэн. зун цагт бид бүхний төдийгүй гадны жуулчид сонирхон ирж баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ үеэр өөх тос ихтэй шарсан хуурсан хоол /хорхог, боодог,шорлог, дотор гэдэс/-ийг хамаатан садан болон найз нөхдөөрөө цуглан иддэг. үүгээр ч зогсохгүй согтууруулах ундааг маш ихээр хэтрүүлэн хэрэглэдэг. Нэг өдөр биш олон хоног үргэлжилсэн найр наадмын улмаас хэвлийгээр хүчтэй өвдөлттэй, бөөлжиж гүйлгэсэн хүмүүс их ирдэг. Сүүлийн үед ахимаг насны хүмүүс гэлтгүй залуужиж залуучууд их ирэх болсон нь харамсалтай байна.
-Нойр булчирхайн өвчлөлийн гол хүчин зүйл нь эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маяг гэлээ. Зөв хооллолтоос гадна сэтгэл зүйн байдал хамааралтай юу?
-Нэгдүгээрт, бидний амьдралын хэв маягаас хамгийн их шалтгаалж байгаа. Өөх тос ихтэй шарсан хоолыг согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь нойр булчирхайг цочроож байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр таны асуусанчлан сэтгэл зүйн байдалтай тун их холбоотой. Сүүлийн үед залуучуудад стрессийн шалтгаантай ходоодны үрэвсэл их оношлогдох болсон. Энэ нь хоёрдогчоор нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэх том шалтгаан юм. хамгийн гол нь стрессээс зөв аргаар ангижрах шаардлагатай. Энэ өвчин 100 хувь бие хүнээс шалтгаалдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүр цаг алдалгүй хийх шаардлагатай. Жишээ нь, албан байгууллагууд жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдах ёстой. Эмчилгээ зөвлөгөөг хүн бүрт тулж өгдөг ч өөрөөс шалтгаалсан олон жилийн дадал болсон амьдралын хэв маягийг л засахад тун хэцүү дээ.
-Тэгвэл нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд ямар ногоо, хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй бол?
-Эхлээд нойр булчирхайн үйл ажиллагаанд бага ачаалал өгөх хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Үүнд уургаар баялаг,ургамлын гаралтай өөх тосоор бэлтгэсэн, антиоксидант агуулсан хүнсийг сонгож хэрэглээрэй. Нүүрс ус болон амьтны гаралтай өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг маш бага, болж өгвөл хэрэглээнээс хасах хэрэгтэй. Мөн бүхэл үр тариа, бууцай, нэрс болон интоорыг зуушаар хэрэглэх нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг.
-Монголчууд зуны цагт агаар салхинд гарах бүртээ хорхог, боодог, шорлог их хийж иддэг шүү дээ. Ингээд араас нь өтгөн сүүтэйцаи, эсвэл хүйтэн айраг, архи уудаг. Энэ нь бараг бичигдээгүй хууль аятай болжээ?
-Өөх тос ихтэй хорхог,боодог,шорлогийг архитай хамт хэрэглэх нь тун буруу. Нойр булчирхайн үрэвсэл нь өөрөө ойр орчмын эд эрхтнээ хайлуулж гэмтээдэг. Нэг үгээр нас баралт ихтэй өвчин. Мөн халдвар байх эс байхаас шалтгаалж мэс засал эмчилгээ юу, мэс заслын бус эмчилгээ юу гэдгийг шийддэг. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Яг л улс орон хууль дүрэм мөрддөгтэй адил.
-Нойр булчирхайгаар өвчилсөн хүнд ямар хоол хүнсийг хориглодог вэ?
-Нүүрс ус/согтууруулах ундаа/, цардуул ихтэй цагаан гурил,төмс, өөх тос ихтэй мах, махан бүтээгдэхүүн/хорхог,боодог,шорлог/ болон тослог ихтэй сүү сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээ хязгаартайгаар хэрэглэх хэрэгтэй. Товчхондоо өмнө хэрэглэж байсан хэмжээнээс хоёр дахин бага хэрэглэх шаардлагатай болно.
-Нойр булчирхайн үрэвсэл нь оношлогдоод эмчилгээ хийлгэж байгаа хүн ганцаараа хоолны дэглэм барих бус гэр бүлээрээ дэглэм барьж, дэмжих шаардлагатай болдог байх?
-тэгэлгүй яахав. тухайн үйлчлүүлэгч нойр булчирхайн үрэвсэл нь оношлогдоод эмчилгээ эхэлсэн тохиолдолд зөвхөн эмчлүүлж буй хүн биш гэр бүлээрээ амьдралын хэв маягаа солих шаардлагатай болдог. Хотод байна уу, хөдөө орон нутагт байна уу мөн баруун, зүүн, төвийн бүсийн аймаг байна уу огт хамаагүй. Эрүүл мэнддээ анхаарч гэр бүлтэйгээ илүү урт удаан байя гэвэл гэр бүлээрээ хичээх хэрэгтэй гэж бодож байна. Мөн тухайн үйлчлүүлэгчийн маань найз нөхөд маш сайн дэмжиж туслах хэрэгтэй. Ганцхан удаагийн дэглэм алдалт бүхэл бүтэн эмчилгээг үгүй хийдэг. Цаашлаад амь насанд ч халтай.
-Дэлхий дахинд энэ өвчнийг бүрэн оношилж, эмчилж чадаж байгаа юу?
-Бүрэн оношилж эмчилж байгаа ч архаг нойр булчирхайн үрэвсэл нь цаашид даамжирсаар хавдар болдог. дэлхий даяар ч тэр манай улсад ч хавдрын төгс эмчилгээний аргыг олоод шийдсэн. Жишээ нь, хими эмчилгээ, туяа эмчилгээ болон мэс заслын арга гэх мэт. Харин нойр булчирхайн хавдар маш хоруу чанартай байдаг учраас эрт оношилсон ч гэсэн шууд мэс заслын заалттай.
-Нойр булчирхай хүндрээд сахартай болдог. Энэ процессын талаар ярихгүй юу?
- Ерөнхийдөө бол чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд цусан дахь сахарын хэмжээ буурч бас ихэссэнтэй холбоотойгоор ухаан самуурч муужирч унах цаашлаад таталт өгдөг. Энэ үед яаралтай ойр байрлах эмнэлэгт хандаж эмчид үзүүлж арга хэмжээ авахуулах шаардлагатай. Цусан дахь сахарын хэмжээ буурсан тохиолдолд хамгийн ойр байх дэлгүүрээс, эсвэл айл болгонд байдаг хатуу чихрийг хүлхэн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх хэрэгтэй. Эсрэгээрээ цусан дахь сахарын хэмжээ ихэссэн тохиолдолд цаг алдалгүй цусан дахь сахарын түвшинг буулгах эм, эсвэл инсулин тарих шаардлагатай.
-Согтууруулах ундаанаас татгалзах нь нойр булчирхайгаа хайрлах хамгийн гол арга гэдэг. Энэ талаар ярихгүй юу?
-Архийг байнгын хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс буюу хоёр жилээс дээш хугацаанд хэрэглэж буй хүмүүст энэ өвчин илрэх нь элбэг. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн нэг удаагийн уулт нь 100-150 мл. тэгэхээр нийт архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн 20 хувьд нь нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. ийм тооны хүмүүст элэгний церроз ч мөн үүсдэг. Архи буюу этанол нь хэд хэдэн замаар нойр булчирхайг үрэвсүүлдэг л дээ. “Secretion with blockage” буюу бөглөрөлттэй шүүрэлт механизмаар этанол нь оддын хуниасыг агшаадаг. Ингээд нойр булчирхайн ацинар эсийн метаболик хор учир нойр булчирхайн энзимүүдийн нийлэгжил,шүүрэлд саад хийдэг хэрэг. Тэгэхээр архи уух нь нойр булчирхайн шүүрлийг хамгийн түрүүнд идэвхжүүлдэг. Мэргэжлийн хэллэгээр энзимийн уургуудын хэмжээ ихэсч нойр булчирхайн цоргонд тунадаг. Ингэснээр энэ хэсэгт кальци хуримтлагдан олон тооны цоргуудыг бөглөдөг буюу цоргоны даралтыг нэмэгдүүлдэг. Иймээс нойр булчирхайд хамгийн хоруу чанартай зүйл бол архи буюу этанол юм л даа. Үүнийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.
-Нойр булчирхайн өвчлөл удамшдаг уу?
-Удамшлын шалтгаант нойр булчирхайн үрэвсэл гэж бий. Нойр булчирхайн үрэвсэл нь доминант буюу давамгайлагч генээр удамшдаг. “Cationic trypsinogen gene PRSS1” мутацид орсноор нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. Мөн нойр булчирхайн цорго нь гажигтай хүмүүсийн хоёр хүн тутмын нэгд нойр булчирхайн үрэвсэл үүсдэг гэх үү дээ.
-Энэ өвчинд тарваганы хүн мах сайн гэлцдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тарвага бол мэрэгч амьтан. Монгол Улсад хар болон шар гэсэн хоёр зүйлийн тарвага бий. Манай ард түмэн амнаас ам дамжин тарваганы хүн махыг сайн гэж түүхийгээр нь залгисаар ирсэн. шуудхан хэлэхэд амьд үлдсэн хүмүүст аз таарсан. Цаана нь маш олон хүн тарваган тахлаар амь үрэгдсэн. Хүний бие махбод организм мэрэгч амьтантай ямар ч төс байхгүй. Энэ талаар судлаад гаргаад ирсэн судалгаа монголд байтугай дэлхийд ч байхгүй. Зөвхөн тарваганы хүн мах залгих дээр ч бус ам дамжин сайн гэх олон зүйлийг хэрэглэж амьдралаараа тоглосон амь эрсэдсэн олон хүн бий. Маш их харамсаж байна.
-Нойр булчирхайн үрэвслийг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Нойр булчирхайн үрэвслийг бүрэн эмчлэх боломжтой. Урт хугацааны туршид эмэн эмчилгээ болон хоолны эмчилгээг хавсарч хэрэглэнэ. Гэхдээ дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид хандан өөрт тохирсон эмчилгээг авах шаардлагатай.
С.ЛХАМСҮРЭН
Өдрийн сонин