Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог.
Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг.
Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд бадганы бэлгэ чанарууд арвидан хөдөлдөг учраас хүний биеийн бадган голлон оршдог мах, өөх, чөмөг, тархи, уушги, ходоод, дэлүү, бөөр зэрэг эрхтэнүүд өвчлөх магадлалтай бөгөөд хэрэв эдгээр эрхтэнүүд архаг өвчтэй байсан бол сэдэрч хөдөлдөг.
Тиймээс хаврын улиралд ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгах хэрэгтэй. Хоолныхоо хэмжээг багасгана гэдэг нь идэхгүй байх, өлсөөд яваад байна гэсэн үг биш юм. Хүний ходоодны хэмжээ нь өөрийнх нь хоёр алгыг нийлүүлж тоссон хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол, ундаа тохируулан хэрэглэж, шингээх үйлдлийг сайн явуулахын тухайд дөрөвний нэгийг хоосон байхаар тооцно.
Өвлийн улиралд ходоодны галын илч сайн байх үед чанасан мах, өөх тостой хоол ихээр хэрэглэж байсан бол хавар хүнд хоол, өөх тосны хэрэглээг багасгах нь зүйтэй.
Цагаан гааг усанд буцалгаж, эсвэл буцалсан усанд дэвтээгээд уувал бадганыг дарж, хийн бэлгэ чанарыг тэгшитгэнэ. Мөн буцалсан усанд зөгийн бал хутгаж ууж болно.
Харин ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Мөн түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй.
Явдал мөрийн хувьд бадган арвидаж байгаа учраас явган алхах, сунаж мөргөх зэргээр зохистой дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол идэвхитэй хийгээрэй. Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтэй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй.
Өдөр унтвал бадган аривдаж, хавдаж, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийхэд дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг.
Мөн хаврын сүүл сар буюу луу, зуны эхэн сар буюу могой сард хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулж байдаг.
Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовинох, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцлөөр хийн бэлгэ чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг. Үүнээс урдчилан сэргийлж дээрх нөхцлүүдийг бүрдүүлэхгүй байх, сэтгэлийн үйлээ сайтар хянамгайлж амар амгалан, тайван байж, бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.
Энэ улиралд зайлшгүй анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол завсрын улирал болох хаврын улиралд бадган, хийтэй уялдаад гараг сааны өвчин буюу цус харвалтанд өртөх магадлал өндөр байдаг. Амьдрал дээр ч ажиглаад байхад хаврын улиралд цус харвалт их тохиолддог. Тиймээс гараг саа гүйдэг өдрүүд буюу сар бүрийн шинийн 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 гэсэн эдгээр найман өдрүүдэд даралт ихэсдэг хүмүүс маш тайван байж, дээшээ хөөрч, даралт ихсэхээс урдчилан сэргийлэх хэрэгтэй.
 
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан