Монгол Улс өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс улс орон даяар иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж эхэллээ. Эрүүл мэндийн салбарынхан ч ачаалал ихтэй байна. Эрт илрүүлгийн эргэн тойронд болж буй үйл явдлыг тоймлон хүргэе.
251131 халдварт өвчтэй гэдэг нь тогтоогджээ
Эрт илрүүлгийн шинжилгээнд зургаан насны ангиллаар иргэдийг хамруулж байгаа юм. Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилж үзлэгийг явуулна. Ингэснээр манай улсад зонхилж буй өвчлөлүүдийг тогтоож, иргэдийг эрүүл мэндийн эрсдэлд орохоос сэргийлэх боломжтой. Тавдугаар сарын эрт илрүүлгийн шинжилгээгээр гэхэд 251131 хүн ямар нэгэн халдварт өвчтэй гэдэг нь тогтоогджээ. Тэгэхээр ирт илрүүлэг ямар ач холбогдолтой болох нь харагдаж байна.
Нэг хүнд 60-150 мянган төгрөг зарцуулж байна
0-17 насны хүүхэд сумын болон өрхийн эмнэлэгтээ биеийн ерөнхий үзлэгт орно. Харин 18-аас дээш насны иргэн төрсөн сардаа багтаан өөрийн биеэр сум болон өрхийн эмнэлэгтээ очно. Таныг эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс хамааруулаад өрхөөс “Урилга” өгнө. Тус урилгаар дараагийн шатлалын эмнэлэгт цаг өгч бүртгүүлнэ. Үзлэгт 19 нэр төрлийн шинжилгээг төлөвлөжээ. Түүний дотор 8-9 төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан байна. Өвдсөн нэг хүний шинжилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх оношилгоонд хамруулснаар нэг хүнд 60-150 мянган төгрөг зарцуулж байгаа аж. Ингэснээр эдийн засгийн хувьд хэмнэлт бий болгох тооцооллыг хийжээ.
С.Цэндсүрэн:Иргэдийн 70-80 хувь нь таргалалттай байна
Бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тухай мэдээлэл бэлтгэхээр Улсын гуравдугаар төв эмнэлгийг зорьлоо. Эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй байгаагаас хамааран нэг өдөрт 50-60 хүн хүлээн авч байна. Эмнэлэийн хаалгаар ороход өрөө бүрийн үүдэнд шинжилгээнд дугаарлах хүмүүс харагдана. Улсын 3-р төв эмнэлгийн эрт илрүүлгийн эмч С.Цэндсүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Монголчуудад хамгийн түгээмэл буюу үзлэг хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн 70-80 хувь таргалалттай байна. Таргалалт бол чихрийн шижин, халдварт бус өвчлөлийн хамгийн үндсэн шалтгаан болдог. Мөн холестерин өөх тосны хэмжээ судсанд маш их хэмжээтэй гарч байгаа. Энэ бол хамгийн наад захын өвчлөл бөгөөд давамгайлах хандлагатай болсон. 45-аас дээш насанд архаг хууч өвчтэй байх магадлал маш өндөр байдаг. Хууч өвчтэй болохоос нь өмнө буюу түүнээс сэргийлэх байдлаар залуу насандаа энэ үзлэгт хамрагдвал суурь өвчтэй болохгүй байх боломжтой” гэлээ. Мөн эмчийн өгсөн мэдээллээр бол манай улсад шинээр хамгийн их оношлогдож байгаа өвчин бол зүрх судасны өвчин юм. Хоёрдугаарт, хоол боловсруулах эрхтэн системийн буюу ходоодны хавдраар өвчлөх тохиолдол их байгаа юм. Түүний дараагаас чихрийн шижин, дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлүүд оношлогдох хандлагатай байна гэдгийг С.Цэндсүрэн эмч тодотголоо.
Эрт илрүүлэгт хамрагдахдаа юунд анхаарах вэ?
Иргэд хороон дээрээсээ заавал урилгаа аваад дараагийн шатлалын эмнэлэгтээ ирэх ёстой. Урилгагүй ирээд шинжилгээ өгөх хүсэлтэй хэсэг хүмүүс байгаа юм. Энэ хүмүүс нь эмнэлэгийн ачаалал нэмэгдүүлэх хандлагатай бөгөөд иргэд өглөө шинжилгээ өгөхөөр ирэхдээ юм идэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Ходоод хоосон биш үед хамгийн наад зах нь цусан дахь сахарын хэмжээг тогтоох боломжгүй болно. Цаашлаад ходоодыг дурандахад хоолтой тохиолдолд ходоодны салстыг харах боломжгүй болдог. Мөн өөрсдийн эрүүл мэндэдээ цаг заваа гаргаж сурах хэрэгтэй байна гэж байв.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар аливаа өвчнийг бага дээр нь оношилж бүрэн эмчлэх боломжийг бий болгодог. Иймд иргэн бүр өөрсдийн насанд тохирсон эрүүл мэндийн даатгалын багцыг сонгон эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаарай.
Эх сурвалж:www.polit.mn