Тамхины тахлын вакцин бол ТАТВАР


-ДЭЛХИЙН ОРНУУД УТААТ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИНД ТАТВАР ХЭРХЭН НОГДУУЛДАГ ВЭ-
Маргааш буюу тавдугаар сарын 31 бол Тамхины эсрэг олон улсын өдөр. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр тамхины хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах үйл ажиллагааг явуулж тэмдэглэдэг. ДЭМБ-аас мэдээлснээр жил бүр найман сая орчим хүн тамхинаас болж нас барж, таван хүн тутмын нэг нь тамхи татаж байна хэмээжээ. Дэлхийн нас баралтын 15 хувийг тамхинаас үүдэлтэй нас баралт эзэлж, зөвхөн 1.2 сая хүн дам тамхидалтаас үүдэлтэйгээр нас барж байна гэсэн статистик ч бий. Жил бүрийн энэ өдрөөр тамхитай холбоотой дурдаж буй статистик багасахгүйгээр үл барам улам ихэсч буй нь харамсмаар. Гэхдээ үүнд баярламаар нэгэн статистикийг дурдъя.
Орчин үеийн залуусын сонголт тамхи биш болж байна
Дэлхий дахины залуучуудын тамхины хэрэглээний тандалтын тогтолцооны судалгааны 2016 оны үр дүнгээр Монгол Улсын 13-15 насны залуучуудын дундах тамхи таталтын тархалт 14.3 хувь байна. Энэ үзүүлэлт эрэгтэй сурагчдын хувьд 20.3 хувь, эмэгтэй сурагчдын хувьд 8.3 хувь аж. Бахархууштай нь тамхи татдаг сурагчдын 78.9 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд тамхинаас гарахыг оролдож байгаа хэмээжээ. Тиймээс тэдэнд ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлэх, тамхи татахгүй байх орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна. Үүний тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол ширхгийн тамхины худалдааг зогсоох юм. Ширхгээр тамхи худалдан авч буй хүмүүсийн дийлэнх олонхийг сурагч, оюутнууд эзэлж буй бөгөөд цэцэглүүлэгчид нь ТҮЦ-нийхэн. Хэдийгээр сургуулийн ойр орчимд буюу 500 метрт тамхи борлуулахыг хориглодог ч энэ нь хэзээ ч хэрэгждэггүй гэхэд болно. Тамхи татах хүн хаанаас ч очоод авчихаж чадна. Хяссан энэ заалт  улам ч бүр өдөөгөөд далд эдийн засгийг дэмжих нэгэн хэрэгсэл болоод байх шиг. Тиймээс худалдаа эрхлэгчдийг хүссэнээр нь тамхийг заруулж, ширхгээр худалдан борлуулсанд өндөр торгууль ногдуулах хэзээ ч арилахгүй мэт санагдах ширхгийн наймааг цэгцлэх нэг шийдэл байж болох мэт.
Тамхины үнэ 10 хувиар өсөхөд өндөр орлоготой орнуудад хэрэглээ 4 хувиар, бага, дунд орлоготой орнуудад 8 хувиар буурдаг
Өсвөр үеэ халаасан дахь мөнгөөр нь “дарамталж” холдуулах нэгэн шийдлийг энд дурдлаа. Харин томчуудаа тамхинаас хэрхэн холдуулах вэ. Тамхи татдаг хүн бүр тамхи үхэлд хүргэдэг гэдгийг мэддэг. Тэд дэлхий даяар нас барж буй хүмүүсийг ч мэднэ. Өөрийнх нь биед сөрөг нөлөө үзүүлж байгааг ч мэдэрч байгаа. Гэхдээ л тамхинаас гардаггүй, хор уршгийг мянган удаа тайлбарлаад татгалздаггүй. Тэгвэл дэлхийн жишгийг харахад дээр дурдсанчлан мөн л эдийн засгийн “дарамт” буюу тамхинд ногдуулах татвар өндөр байх нь дэлхийн нийтийн тамхинаас гаргах хамгийн оновчтой шийдэл аж. Тамхины үнийн өсөлт нь тамхичдын тоог цөөрүүлдэг бөгөөд тамхиа үргэлжлүүлэн татсан ч өдөртөө арай цөөн тамхи хэрэглэж, үгүйдээ өөр нэг тамхичнаас тамхиа харамлаж хувааж татах нь эрс цөөрдөг гэнэ. Тамхины хэрэглээг дорвитой бууруулж чадсан улс орнуудад тамхинд ногдох татварын хэмжээ нь жижиглэн худалдааны үнийн 60 хувь болон түүнээс дээш байдаг бөгөөд тамхины жижиглэн худалдааны үнэ 10 хувиар өсөхөд өндөр орлоготой орнуудад хэрэглээ 4 хувиар, бага, дунд орлоготой орнуудад 8 хувиар буурдаг гэсэн тооцоо байна. Тамхины өндөр татвар нь ялангуяа өсвөр насныхан тамхи хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, хэрэглээг багасгахад маш өндөр үр дүнтэй байдаг аж. Үнэ өсөхөд залуу хүмүүс бусдыг бодвол хоёроос гурав дахин илүүтэй тамхинаас гарч, эсвэл тамхи бага татдаг байна.
Монгол Улс дэлхий дээр хамгийн бага ОАТ-ыг янжуур тамхинд ноогдуулсан улс
Харамсалтай нь Монгол Улс дэлхий дээр хамгийн бага онцгой албан татварыг янжуур тамхинд ноогдуулсан улс байна. Тодруулбал, манай улсад нэг хайрцаг янжуур тамхинд (20 ширхэг) ногдох онцгой албан татвар 840 төгрөг байгаа юм. Харьцуулвал,  хойд хөрш ОХУ болон Казахстанд нэг хайрцаг янжуур тамхинд ногдох татвар 1700 төгрөг байдаг. Гэтэл Монголын ОАТ хоёр дахин бага буюу 840 төгрөг байна. Ядуу буурай болон хөгжиж буй орнуудын татвараас бараг гурав дахин бага ч гэж тодотгож болмоор. Одоогоор ядуу буурай болон хөгжиж буй улсуудад нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур тамхинд 2500-2600 төгрөгийн ОАТ ногддог. Нэг хайрцаг янжуур тамхинд өндөр татвар оноосон улсуудаас дурдахад, Шинэ Зеланд улсад 36297, Их Британид 17862, Швейцарьт 13254, Нидерландад 14358 төгрөгийн татвар оногдож байна. 840 төгрөгийг сүүлийн хэдэн улстай харьцуулахад дэндүү харамсмаар. Тэгвэл бид дэлхийн жишигт дүйсэн онцгой албан татварыг хэрхэн бий болгож, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах вэ. Олон улсад электрон тамхи болон утаат тамхины татварыг хэрхэн тогтоодог вэ. 
Хөгжингүй орнууд электрон тамхинд онцгой албан татвар оногдуулдаггүй
Дэлхийн улс орнууд тамхины онцгой албан татварыг тогтоохдоо тамхинд агуулагдах бохьны хэмжээгээр татвар тогтоодог бөгөөд хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай зүйл гэж үздэг учир ийнхүү тогтоодог аж. Бусад орны хууль, татварын хэмжээг сонирхоход нэгэн хачирхалтай зүйл ажиглагдсан нь утаат тамхинд хамгийн өндөр татвар тогтоосон орнууд электрон тамхинд ногдох онцгой албан татвар алга. Жишээлбэл, Шинэ Зеланд, Их Британи, Швейцарь, Нидерланд зэрэг хөгжингүй орнуудад нэг хайрцаг тамхинд ногдох онцгой албан татвар нь хамгийн өндөр бөгөөд монгол мөнгөөр 13254-36297 төгрөг. Гэсэн ч электрон тамхинд ногдуулсан онцгой албан татвар байдаггүй нь хачирхалтай. Учрыг нь тодруулбал, электрон тамхинд бохь агуулаагүй тул ийнхүү татвар авдаггүй юм байна.
Утаат тамхи болон электрон тамхинаас хоёулангаас нь татвар авдаг орнуудыг судалж үзэхэд ногдуулсан татварын хэмжээнийх нь зөрүү 26-94 хувь байна. ОХУ-д хайрцаг янжуурт 1775, цахилгаан тамхины нэг хошуунд 1308 төгрөгийн татвар ногдуулж буй бөгөөд зөрүү хамгийн бага буюу 26 хувь байна. Харин зөрүү хамгийн өндөр нь Герман. Хайрцаг янжуурт 6438, цахилгаан тамхины нэг хошуунд 1102 төгрөг ногддог бол Унгарт хайрцаг янжуурт 3713, цахилгаан тамхины нэг хошуунд 406 төгрөг, Казахстанд хайрцаг янжуурт 1695, цахилгаан тамхины нэг хошуунд 110 төгрөг ногдож буй юм.
Х.Ганхуяг гишүүний санаачилсан хуулинд ингэж зохицуулахаар төлөвлөжээ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021 оны зургаадугаар сарын 21-нд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоожээ. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.
Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 5860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар онцгой албан татвар ногдуулах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэх, нэмэгдсэн орлогоос хүн амыг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол бүхий нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг мөн онцолж буй юм.
Татвар ногдуулахын өмнө зайлшгүй нэг дурдах ёстой нь цахилгаан тамхины эрх зүйн орчны зохицуулалт юм. Тиймээс татвартай холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.
Дэлхийн бусад улс орнуудад цахилгаан тамхийг хуулиараа хэрхэн зохицуулсан байдаг вэ
Одоогоор дэлхийн 161 оронд электрон тамхийг худалдаалж буй бөгөөд 105 орон хуулиараа зөвшөөрч, 56 орон ямар нэгэн хуулийн зохицуулалт хийгээгүй байна. Харин 32 орон хуулиараа хоригложээ. Эдгээр 32 орны 14 нь лалын шашинтай улс бөгөөд архи, тамхи болон цахилгаан тамхийг хууль болон шашинаараа хоригложээ. Үлдсэн 18 улс нь дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг хүнд 500-2000 ам.доллар оногдож буй орнууд буюу нэн ядуу буурай улсууд байгаа бөгөөд тамхидалтын түвшингээр дэлхийд тэргүүлэх улсууд багтжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан