ХААГ. /TASS/. Нидерландын молекулын биологичид зүрхний цусан хангамжийн дутагдал буюу ишеми болсны дараа зүрхний эд эсүүдэд нэвтэрч, үхжихээс хамгаалдаг генүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зүрхний булчингийн нөхөн сэргэлтийг хурдасгадаг өөхөн нано хэсгүүдийг бүтээжээ.Энэ талаар Европын зүрхний өвчин судлалын нийгэмлэгийн (ESC) хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Бидний дараагийн алхам бол энэ эмчилгээний хэд хэдэн өөр хувилбарыг харьцуулж, зүрхний эд эсэд хамгийн үр дүнтэй нөлөө үзүүлж буйг нь сонгох юм. Үүний дараа бид РНХ эмчилгээ нь зүрхний шигдээсийн дараа зүрхний үйл ажиллагааг сэргээх боломжтой эсэхийг хулганууд дээр туршина” гэж Нидерландын Утрехтийн их сургуулийн судлаач Клара Лабония ярьжээ.
“COVID-19”-ийн РНХ вакцины нэгэн адил энэ эм нь матрицын РНХ-ийн олон хэсгүүдийг агуулсан тусгай өөхөн нано хэсгүүдээс бүрдэнэ. Эдгээр хэсэг нь зүрхний эд эсүүдэд нэвтрэх үед РНХ молекулууд ялгарч, эд эсүүдийг үхжихээс хамгаалдаг генүүдийг идэвхжүүлж, удаан хугацаагаар хүчилтөрөгчийн дутагдалд орсон булчингуудын нөхөн сэргэлтийг хурдасгадаг байна.
Эрдэмтэд энэхүү эмчилгээний анхны туршилтыг эрүүл хулгана дээр хийжээ. Ингэхдээ тэд зүүн ховдолд нь РНХ молекулууд болон гэрэлтдэг флюресцент уургаар дүүргэсэн өөхөн нано хэсгүүдийг хийсэн байна. Нэг хоногийн дараа эрдэмтэд нано хэсгүүд аль эрхтэнд хуримтлагдаж, ямар эд эсүүд рүү нэвтэрч байгааг ажиглажээ.
Эдгээр хэмжилт нь нано хэсгүүдийн ихэнх нь зүрхний булчингийн эд эсүүдэд нэвтрэн орж, эд эсүүдийг сэргээдэг зааварчилгаа нь матрицын РНХ-ийн гинжин дээр кодлогдсон фермент, дохиоллын молекулуудыг амжилттай үйлдвэрлүүлж байсныг баталсан байна. Энэ нь зүрхний цусан хангамжийн дутагдлын үед РНХ-ийн эмчилгээ нь зарчмын хувьд боломжтой гэдгийг практик дээр нотолжээ.
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг