УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаарх аудитын тайланг сонсож байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал хэсэг нь эм. Эм чанартай байж тусламж үйлчилгээний үр дүн гарна. 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн. Эмийн үнэд зохицуулалт хийж байна. Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ” гэв.
Харин ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хувь хүмүүс оруулж ирэхийг хориглосон байдаг. Заавал бүртгэлтэй эм оруулж ирэх ёстой. Шинэ хуульд энэ талаар зохицуулалт орж байгаа. НЭМҮТ-д 620 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн. Хүний бүх төрлийн биологийн шингэнд эм, мансууруулах бодисыг аппаратаар шинжилж байгаа. Ингэснээр дотоодын эм үйлдвэрлэж буй компаниудын эмийг судлан тогтоох боломж бүрдсэн" гэлээ.