Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгийг протоколдон хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан.
Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана. Түүнчлэн эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан"
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Манай улсын иргэд бусад улстай харьцуулахад 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж 3 гурван эмийн 1 нь бүртгэлгүй буюу баталгаатай эсэх нь эргэлзээтэй"
Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд "2005 онд батлагдсан хуульд малын эм, хүний эм хоёрыг цугт нь зохицуулсан. Олон улсад ч мөн эмэнд тавигдах шаардлагууд нь ижил учраас цугт нь зохицуулдаг. Шинээр байгуулж буй агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар судалгаа хийж, судалгааны үндсэн дээр тухайн эм хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ гэдгийг тооцоолдог байхаар төлөвлөж байна. Одоо байгаа хууль эмийн үнийг Засгийн газар тогтооно гэсэн ганцхан ерөнхий заалттай учир хэрэгжээгүй. Одоо үнэ тогтоох аргачлалын дагуу гаргаж ирсэн үнийг сайдын тушаалаар эцэслэн баталгаажуулж явна. Эмийн чанартай холбоотой асуудлаар чанарын хяналтын тогтолцоонд шилжиж, эм анх хаана үйлдвэрлэгдсэнээс эхлээд хэрэглэгчид очих хүртэлх тогтолцоонд мөн агентлаг хяналтаа тавина. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнд давхар хяналт тавина"
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эмийн үнэ тогтоох хүмүүс нь эм импортлогчдын сонирхолд үйлчлэхгүй гэх баталгааг хэрхэн хангах, энэ талаарх бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг яаж гаргах вэ"
Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд "Агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг төрийн хяналтын байгууллагууд хянана"
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ээлжит бус чуулганаар баталсан өөрчлөлтөөр эмийн үнэ тогтоох, чанарыг хянах агентлаг байгуулж, нэгдсэн худалдан авалт хийдэг болох юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ төсөлд зөрчилдөөнтэй асуудлууд орж ирлээ. Нэгдсэн худалдан авалтын талаар нэг ч үг алга. Мэргэжлийн хяналтын байгууллага эмийн чанарыг хянаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ гээд нэгдсэн худалдан авалтыг хэрхэн хийх вэ"
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хуулийн төслийн зарчим таны хэлсэнтэй дүйцэж байгаа. Зарчимын дагуу нэгдсэн худалдан авалт хийх боломжууд гарч ирнэ гэж бодож байна"
УИХ-ын гишүүн П.Анужин "Иргэдээ улам л эмийн хамааралтай болгох асуудлыг ярихаас бус эмийн хамаарлаас гаргах бодлого ярихгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод сүлжээ доголдолтой байдаг"
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Төслийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагыг ганцхан заалтаас нь харсан. Эмийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” гэсэн заалтыг шинэчилсэн найруулгаас яагаад хассан бэ"
Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар салбарын бодлого дотроо энэ заалтыг оруулсан учраас шинэчилсэн найруулгаас хассан"
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудал 8 жил үргэлжилж байгаа нь эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд саад болж байна. Эмийн чанар, аюулгүй байдал, үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хойш нь татахгүйгээр, ярьж буй бүх зохицуулалтаа хэлэлцүүлгийн явцад тусгаад баталж болно. Санал гаргаж байгаа гишүүд Ажлын хэсэгт орж ажиллаад засаж залруулах шаардлагатай эдгээр зүйлсээ төсөлд тусган, хуулийн төслөө хэлэлцэхийг дэмжээд явъя"
Санал хэлсэн гишүүд эмийн чанарт хяналт тавих, үнийг шударгаар тогтоох, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, малын эмийг тусад нь зохицуулах, хөндлөнгийн хяналтын механизмыг хүчтэй ажиллуулах, эм импортлогчдын монополь эрхийг чөлөөлөх зэрэг саналуудыг гаргасан юм.
Ийнхүү хэлэлцээд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.