Эрүүл мэндийн даатгалаараа улсын болон хувийн аль ч эмнэлэгээрээ үйлчлүүлэх боломжтой боллоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийжээ.
Хөнгөлөлттэй үнэтэй эмийг өмнө нь цөөхөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдөр авах боломжийг бүрдүүлсэн байна. Улмаар 141 нэр төрлийн 541 нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр хэрэгжиж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харьяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жорыг бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл гэж Байнгын хорооны дарга онцлов.
Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулснаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон байна. Эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон  хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг мэдээлэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан