Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.
Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.
ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.
Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.
2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг.
Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.
3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.
4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.
5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.
6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг.
Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.
7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.
8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг.
9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.
Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй.
Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.
Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн