Генийн сан гэдэг ойлголт бол их өргөн хүрээтэй асуудал, олон улс орнууд янз бүрийн нэр бүхий хуулиар эрх зүйн орчинг зохицуулдаг. Тухайлбал хойд хөрш Орос улс 2009 онд “Генийн бүртгэлийн тухай” гэсэн бие даасан хуультай болсон, 2018 оны сүүлээр ерөнхийлөгч нь «генетикийн технологийг ОХУ-д хөгжүүлэх тухай» зарлигт гарын үсэг зурсан. Улмаар 2019 оноос "Роснефть" компаниар санхүүжүүлж эхний ээлжинд 100 мянган хүний геном дахь ДНХ-ийн бүрэн дарааллыг тогтоох ажлыг эхлүүлсэн гэж мэдээлсэн.
Манай урд хөрш 2017 оноос эхэлж 2020 хүртэл 700 сая эрэгтэй хүний цусны дээж цуглуулсныг Erik Carter мэдээлсэн. Зорилго нь гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэт янз бүрээр генийн санг ашиглаж байна.
Манайд аль чиглэлээр нь ашиглахыг нь эхлээд ярьж тохирч нэг ойлголттой болох ёстой. Хийсвэр их мэдэгчийн дүрд тоглосон зарим цөөхөн хүний үгэнд итгэж нүсэр ажил болох хүний 46 хромосомд байрлах үйл ажиллагааны 21000 орчим ген, хүний нийт геномын 3 тэрбум орчим нуклеотидийн бүрэн дарааллыг тогтоох сан бүрдүүлнэ гэх сэтгэл хөөрөлд автахгүй байх хэрэгтэй.
Харин янз бүрийн өвчнийг эрт илрүүлэх оношлогоо, генетик тогтоцыг тогтоож зарим өвчинд өртөмтгий байж болох магадлалыг тооцоолж тухайн өвчнөөр өвдөхгүй байхаас урьдчилан сэргийлэх, хамаатан садан мөн эсэхийг нь иргэний өөрсдийнх нь хүсэлтээр тогтоож өгөх, хууль хүчний байгууллагад хэрэглэгддэг зөвхөн тухайн хүнийг адилтган харьцуулах шинжилгээнд хэрэглэгддэг зарим генетик маркеруудаар ДНХ-ийн мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах нь чухал юм.