Кофе бол өнөөгийн ихэнх хүний өдөр тутмын амьдралын хэмнэлд зүй ёсоор багтах болсон хамгийн түгээмэл сэргээш билээ. Үүнийг сэргэх, эрч хүч авах, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх эсвэл зүгээр сайхан мэдрэмж авахын тулд өдөрт хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэдэг хүмүүс ч бий. Гэхдээ заримдаа кофе ууснаас болж нойр хүрч, эрч хүчгүй болох тохиолдол байдаг гэдгийг та мэдэх үү?
Шингэн дутагдах
Кофе нь биеэс шингэнийг хөөж, ойр ойрхон бие засуулдаг учраас таны бие амархан шингэнээ алдаж, улмаар цусны даралт буурдаг. Үүний нөлөөгөөр хүчил төрөгч биеэр ердийнхөөс удаан тархдаг байна. Тиймээс та өмнөхөөсөө илүү ядрах бөгөөд өөрийгөө сэргээхийн тулд кофе нэмж ууна. Мэдээж үүнийг дагаад та илүү ядарна.
Эцэст нь таны бие шингэн алдалт, ядаргаанд орох аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр авах кофеины хэмжээгээ 500 гр-аас хэтрүүлж болохгүй. Мөн аль болох ус их ууж шингэнээ нөхөөрэй.
Сахарын хэмжээ хэтрэх
Хэрвээ та кофендоо элсэн чихэр их хэмжээгээр хийж уудаг бол үүнийгээ болих хэрэгтэй. Хүний бие чихрийг кофеинээс илүү хурдан хугацаанд шингээдэг. Хүний бие дэх сахарын хэмжээ зохих ёстойгоос хэтэрвэл та эсрэгээрээ ядарч эхэлнэ.
Ерөнхийдөө их хэмжээний элсэн чихэртэй кофе уух юм бол 90 минутын дотор таны бие бүрэн сульдах болно.
Таны биологийн цаг алдагдана
Аденозин бол тархинд байдаг бодис бөгөөд үүгээр дамжуулан хүн биологийн цагаа "тааруулдаг". Өөрөөр хэлбэл аденозины нөлөөгөөр хүний бие хэзээ сэрэх, унтах вэ гэдгээ мэддэг юм. Энгийн үед аденозин нь тархин дахь мэдрэлийн судлуудад наалдан тархины үйл ажиллагааг удаашруулан унтах болсон гэх дохиог илгээдэг. Гэхдээ кофеин нь аденозиныг саатуулдаг учраас тархинд илүүдэл үүсч хуримтлагдаж эхэлдэг. Кофеины нөлөө дуусмагц өнөөх илүүдэл аденозин нь хүнийг хэт их ядрахад хүргэнэ.
Кофеин нөлөөлөхөө больсон
Кофе ойр ойрхон уудаг хүний бие кофеинд дасал болдог бөгөөд үүнд мөн тухайн хүний нас, жин, идэж хэрэглэж буй зүйлс ч нөлөөлдөг. Үүний улмаас сэргэг мэдрэмж авахын тулд өдөр бүр өмнөхөөсөө илүү уух хэрэгтэй болдог. Үүнд биеийг дасал болгохгүйн тулд өдөрт уух кофеины хэмжээг 500 мг-д барих хэрэгтэй.
Хорт бодис
Микотоксин бол байгалийн гаралтай химийн хорт бодис бөгөөд кофе, үр тариа, самар дээр ургадаг хөгц мөөгөнцөрөөс гаралтай юм. Өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд микотоксин нь уушгины үрэвсэл, амьсгалах боох, өндөр халуурах зэрэг аюултай урвал үүсгэдэг.
Микотоксиноос зайлсхийхийн тулд ДЭМБ-аас зөвхөн зөв хатааж хадгалсан кофены үр хэрэглэхийг зөвлөж байна (энэ арга нь хөгц үүсэхээс үр дүнтэй сэргийлдэг). Хуурай, сэрүүн уур амьсгалтай орчинд хөгц үүсэх магадлал бага тул хуурсан кофены үр, өндөр газар ургасан үр сонгох (ялангуяа 100 хувь Арабика үр) хэрэгтэй. Мөн төрөл бүрийн хольж, хутгадаг кофеноос хол байхыг хичээгээрэй. Учир нь эдгээрийн гарал үүсэл нь ихэвчлэн тодорхойгүй байдаг.
Эдгээр алхмуудыг дагаснаар та дээрх сөрөг нөлөөнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Кофены хэрэглээг хязгаарлах - АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас та өдөрт 2-4 аяга, эсвэл ойролцоогоор 400 мг-аас ихгүй кофе уух хэрэгтэй гэж мэдэгджээ.
Кофендоо чихэр их хийхээс зайлсхийх - Ингэснээр глюкозын түвшинг тогтвортой байлгаж, хэт ядрахаас урьдчилан сэргийлэх болно.
Кофены хамт их хэмжээний ус уух хэрэгтэй - Та нэг аяга кофег нэг аяга усаар сольж үзээрэй. Мөн шингэн алдалтын шинж тэмдэг болох гэдэс базлах, цангах, ам хуурайших зэргийг онцгой анхаарах хэрэгтэй.
Үдээс хойш бага кофеин агуулсан ундаа уух хэрэгтэй - Цай үүнд яг таарна.
Боломжтой бол хаана ургасан нь тодорхой кофены үрийг сонгоорой.
Бие махбодио "сонсож", шаардлагатай арга хэмжээг авах - Хэрэв кофе уусны дараа бие тань эвгүй болж байвал уудаг хэмжээгээ бууруул.
Найруулагч: | Х.АРВИНТАЛ |
Эх сурвалж: | СААК |