С.Энхболд: Хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчноос илүү гэр бүлээсээ халдвар авах магадлал өндөр байна

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛДТОЙ коронавирусийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 
-Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол 3000 даваад эхэллээ. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Коронавирусийн халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буй шалтгаан нь дельта вирусийн тархалттай холбоотой. Дельта вирусийн давлагаа эхэллээ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байсан. Бид хариу арга хэмжээгээ аваад явж байна. Гэхдээ нөгөө талд нь уг давлагааг нэмэгдүүлэхгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал. Энэ цар тахлыг даван гарахад гурван үндсэн асуудал байгаа юм. Тодруулбал, халдварын эх уурхай, өртөмтгий бүлэг буюу өвчтөн, дамжих зам. Энэ гурван асуудал алтан гурвалжин гэдэг шиг бие биенээсээ шууд хамааралтай.
 
Эрүүл мэндийн салбар эхний хоёр буюу халдварын эх уурхайг олж илрүүлэх, эмчлэх талд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Халдварын тоо өндөр байгаа ч энэ нь цаанаа илрүүлэх ажил үр дүнтэй явж байна гэсэн үг юм.Илрүүлэг өндөр байх тусам бидний төлөвлөлт зөв болно.

Мөн өнөөдөр халдварын тохиолдолд хамаарах нас баралтын түвшнээр хамгийн бага улсуудын нэгд нь Монгол Улс явж байгаа. CFR/ case fatality rate/ үзүүлэлт нийт тохиолдолд авч үзвэл 0.45 хувь байгаа бол сүүлийн долоо хоногт энэ үзүүлэлт 0.21 хувь байна. Энэ нь манай улс иргэдээ маш өндөр хувиар вакцинжуулалтад хамруулсантай холбоотой. Мэдээж цөөн хүн амтай манай улсын хувьд нэг хүний амь нас ч чухал учир манай салбарынхан эрсдэл багатай даван гарахаар зүтгэж байна. Хамгийн хүндрэлтэй асуудал нь дамжих зам болоод байна. Үүнд иргэн, байгууллага, төр засгийн хамтын ажиллагаагүйгээр бид буюу эрүүл мэндийн салбарынхан бүрэн хянах боломжгүй юм. Иргэн, байгууллага бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах юм бол бид эрсдэл багатай даван туулж чадна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө давлагаа нэмэгдэж гурван мянга гарчихлаа. Цаашид ч өсөх эрсдэл байна. Тэр дундаа орон нутагт тохиолдлын тоо өндөр байна. Тиймээс тархалтыг хумихын тулд бүгд хамтран зүтгэмээр байна.
 
-Хичээл, сургуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Үүнтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн ч эрс нэмэгдсэн. Энэ нь коронавирусийн халдварын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон болов уу. Тиймээс хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна?  
-Өнөөдөр нийт батлагдсан тохиолдлын 20.5 хувь нь хүүхдийн өвчлөл байгаа. Хүүхдийн өвчлөл гэдэг нь 0-18 насны хүүхдийг хэлж байгаа хэрэг юм. Энэ дотор вакцинжуулалтад хамрагдсан 12-17 насны хүүхдийн өвчлөл 2-3 дахин буурсан байна. Харин 0-11 насны хүүхдийн өвчлөл бага зэрэг нэмэгдэх эрсдэлтэй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөлийн тоо нэмэгдэх эрсдэл байгаа. Гэхдээ хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчноос илүү гэр бүлээсээ халдвар авах магадлал өндөр байна. Халдварын тархах замын зураглалыг харахаар гэр бүлийн хүрээнд хүүхэд халдвар авдаг бол халдвар тээсэн томчууд маань ажлын газраасаа бус ихэвчлэн агааржуулалт муутай, амны хаалт зүүдэггүй тийм л орчинд халдвар аваад байгаа юм. Иймээс эцэг эхчүүд бид өөрсдөө хариуцлагатай байж, халдвар авахаас сэргийлэх нь нэн тэргүүний асуудал болчихоод байна.
 
-Хэрэв халдварын тоо энэ эрчээрээ өсөөд байвал сургууль, цэцэрлэгт дахин хөл хорио тогтоох вий гэсэн яриа ч гарч эхэллээ? 
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Эхлэнгүүт нь буцаагаад хаах тухай ам уралдан ярьж болохгүй. Хаахгүй байхын төлөө хаана хаанаа хичээх хэрэгтэй. Хүүхдийн боловсролын хоцрогдол гэж том эрсдэл бидний өмнө байна. Энэ нь өнөөдөр мэдэгдэхгүй ч ирээдүйд том эрсдэлийг дагуулна. Мөн гэрт, нийгмийн харилцаанд орохгүй байгаа хүүхдүүдэд сэтгэлзүйн хам шинжүүд илрэх болсон. Ийм учир эрүүл мэндийн салбарынхан бид боловсролын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахын тулд бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллана. 
 
-Эмнэлгүүдийн орны хүрэлцээ өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ. Ор нэмэх, эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх нэмэлт төлөвлөгөө бий юү?  
-Өнгөрсөн зургаадугаар сарын давлагааны үед 14.500 орыг улсын хэмжээнд дэлгэж байсан. Энэ тоог дахин нэмэх боломжгүй.
 
Монгол Улсын хэмжээнд 27 мянган ор л байдаг. Эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээгээ бид үзүүлэх ёстой. Орноос гадна хамгийн том бэрхшээл бол хүний нөөцийн асуудал.
 
Хүний нөөц байхгүй. Эмчийг нэг өдрийн дотор бэлтгэчихгүй. Орыг бол нэг өдрийн дотор гаргаж болно. Вакцины хоёр тунтай иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул эдгээр иргэдийг гэрээр эмчлүүлэхийг зөвлөж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг эмч л гаргана. 
 
-Коронавирусийн халдварын нийт тохиолдлын 50 орчим хувийг дельта хувилбар эзэлж байна гэсэн мэдээллийг та өгсөн байсан. Дельта хувилбар энэ эрчээрээ голомтлон тархвал ямар эрсдэл үүсэх вэ? 
-Гаднын зарим улсыг харахад дельта хувилбар маш богино хугацаанд тохиолдлын тоонд эзлэх хувь нь өссөн. Монгол Улсын хувьд ч ялгаагүй тэгж өсөж мэднэ. Хэдэн өдрийн өмнөх шинжилгээгээр 50 хувьтай гарч байсан. Хамгийн сүүлийн мэдээлэл одоогоор ирээгүй байна. Дээр хэлсэнчлэн энэ хувилбарын онцлог нь маш хурдан тархдаг. Тэгэхээр халдварын тоо нэмэгдэнэ гэсэн үг.
 
-Дельта хувилбарын эмнэл зүйн шинж тэмдэг нь бусдаасаа хүнд гэдгийг мөн мэдээлж байгаа. Манай эрүүл мэндийн байгууллагууд дельта хувилбарт ямар эмчилгээ хийж байна вэ. Эм, тарианы хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэл өгнө үү? 
-Олон улсын судалгаануудаас харвал “Ковид-19” өвчний дельта хувилбар нь бусад хувилбартайгаа харьцуулахад илүү эмнэл зүйн шинж тэмдэг өндөртэй, эмнэлэгт хэвтэх магадлал өндөр. Манай улсын хувьд голомтлон илэрсэн аймгуудад эмнэл зүйн судалгаануудыг давхар хийж байна. Эмчилгээний хувьд бол өөрчлөгдөх зүйл байхгүй. Өмнө нь хийж байсан эмчилгээгээ хийгээд л явж байгаа.
 
-Эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлж Засгийн газар коронавирусийн хүндрэлийн үед хэрэглэдэг эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн. Шинээр уусмал хэлбэрийг нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүний хүрээнд эмийн үнэ тогтвортой байж чадаж байна уу. Ремдесивир эмийн олдоц хэр байгаа вэ? 
-Эм, тарианы нөөцийн бүрдүүлэлтийг тогтмол хийж байгаа. Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байна. Үүнээс гадна нэгдсэн худалдан авалтыг хийж эхэлсэн. Үүний үр дүнд 150 мянган төгрөгт хүрээд байсан Ремдесивир тариа гэхэд 50 мянга орчим төгрөгт хэлбэлзэж байна. Түргэвчилсэн оношлууруудын үнийг тохиролцож нэгдсэн ойлголтод хүрсэн. Энэ мэтээр эмийн болон бусад зүйлийн үнийн өсөлтийг зохицуулах ажлыг хийж байна.
 
-Вакцины гурав дахь тунг хийж эхлээд байна. Хоёр тундаа хамрагдсан бүх хүн гурав дахь тунг хийлгэх ёстой юу. Гурав дахь тунг хийлгэхгүй байх ямар нэгэн заалт бий юү? 
-Наймдугаар сарын 17-ны өдрөөс гурав дахь тунг хариу арга хэмжээний багт хийж эхлүүлсэн. Наймдугаар сарын 30-ны өдрөөс 55-аас дээш насны иргэд, хариу арга хэмжээний баг, боловсролын байгууллагын ажилчид, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хийж эхлээд байна.
Сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч иргэд маш идэвхтэй хамрагдаж байгаад талархалтай байгаа. Бүрэн тунгаа аваад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн дээрх зорилтот бүлгийн иргэд гурав дахь тундаа хамрагдах боломжтой. Харин судалгаа нь эцэслэгдээгүй тул хоёр тун тариулаад өвчилсөн иргэдийг энэ удаад хойшлуулж байна. Вакцинд хамрагдах нь цар тахлын эсрэг авч буй таны хариу арга хэмжээ гэдгийг иргэд маань ойлгож, вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан