АНУ-ын "Moderna" компанийн бүтээсэн цар тахлын эсрэг вакцин 12-17 насны хүүхдүүдэд ямар ч аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй үйлчилж байгааг тогтоожээ. Иймд ирэх сард эрх баригчдаас зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж буйгаа зарлав. Хэрвээ эрх баригчид хүлээн зөвшөөрвөл "Moderna" вакцин "Pfizer/biontech" вакцины дараа хүүхдүүдэд тарих боломжтой хоёр дахь вакцин болох юм.
Эрдэмтдийн хэлж байгаагаар "Moderna" компанийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд тарих зөвшөөрөл өгвөл 12-17 насны хүүхдүүдэд сонголт бий болохоос гадна вакцины хангамж үлэмж нэмэгдэх сайн талтай юм.
"Moderna" компани дээрх дүгнэлтийг гаргахдаа 3700 орчим өсвөр насны хүүхдийг хоёрдугаар шатны клиник туршилтад хамруулан, хоёр тун вакциныг насанд хүрсэн хүнд тарьдагтай ижил хэмжээгээр тарьж үзжээ. Үр дүнд нь вакцин тариулсан хүүхдүүдэд вакцин хэвийн үйлчилж, тэр байтугай 93 хувь дархлаа тогтсон нь батлагдсан байна. Харьцуулж үзвэл, эл вакцин насанд хүрэгчдэд 90-95 хувь дархлаа тогтоож буй юм.
АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар энэ сард "Pfizer/biontech" компанийн вакциныг өсвөр насныханд тарихыг зөвшөөрч, вакцин тариулах насны доод хязгаарыг 12 болгосноор өдгөө нийт 600 мянган хүүхэд вакцины эхний тунгаа тариулсан байна.
Түүнээс гадна дээрх хоёр компани гуравдугаар сард 6-11 сартай хүүхдэд вакцин хэр үр дүнтэй байхыг судалж, клиник туршилтаа эхлүүлсэн юм. Нярай хүүхдэд тарих вакцины тун насанд хүрэгч болон өсвөр насны хүүхдийнхээс бага байх учиртай тул эл туршилт удаан үргэлжилж, энэ оны сүүлээр үр дүнг нь харах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: NBC