Х.Мөнгөн-Өлзий: “Ковид-19“ нь уушгийг гэмтээхээс гадна ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДАХ өвчлөлийг бий болгож, амь насанд аюул учруулж байна

УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий /MD FAPSC/-тэй Коронавирусын халдвар зүрх судасны өвчлөл үүсгэж байгаа талаар ярилцлаа.
-Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмрөөд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Зарим орнуудад хоёрдахь давалгаа нь эхлээд байна шүү дээ. Зүрх судасны мэргэжилтний хувьд энэ өвчин зүрх болон судсанд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Сайн байна уу. Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн эдгээр өдрүүдэд эмнэлгийн эмч, ажилчид, ард иргэд бүгд л хичээж ажиллаж, амьдарч байна. Зарим иргэдийн хувьд энгийн ханиад шүү дээ гэсэн бодлоор вакцин хийлгэхгүй, бүрэн хамгаалахгүй байна л даа. Тэгтэл энэ бол маш аюултай өвчин юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ олон удаагийн судалгаа, шинжилгээнд үндэслэн коронавирусийг цар тахал гэж зарласан. Цар тахал гэдэг бол нас баралтын тоо болон тархалт ихтэй, гарах сөрөг үр дагавар өндөртэй өвчин юм. Одоогийн байдлаар коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар 140 гаруй сая хүн өвчилж, гурван сая гаруй хүн амь насаа алдсан байна. Халдвар аваад эдгэрсэн хүмүүст сүүлд учирч болох уршгийг одоо болтол тодорхой болгож чадаагүй, судалсаар л байна.
Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн ч гэсэн өвчний зовиур үргэлжлэх, эмнэлэгт хэвтэж байх эмнэлгээс гарсаны дараах үед сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлтөд ордог нь ажиглагдсан. Үүнийг эмнэлгийн дараах хам шинж гэж хэмээн нэрлэж байна.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гадны томоохон эмнэлгүүдийн хувьд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст зориулсан олон мэргэжлийн эмч ажилчдын баг багаар эмнэл зүйн болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Үүн дотроос хамгийн чухал нь сэтгэл заслын эмчилгээ бөгөөд тухайн иргэнийг хэвийн амьдралаа идэвхтэй үргэлжлүүлэх, айдсаасаа салахад нь туслах зорилготой ажиллаж байна.
-Бид хамгийн эхлээд энэ өвчнийг ханиад л гэж бодож, уушгийг гэмтээдэг хэмээн үзэж байсан. Тэгэхээр өөр ямар эрхтэнд уг вирус нөлөөлж байна вэ?
-Эхний үед тийм ойлголттой байсан. Ханиад хүрээд уушгийг тодорхой хэмжээгээр гэмтээгээд эдгэрдэг гэж байсан бол одоо бол энэ вирус нь судсыг хүчтэй гэмтээдэг, улмаар судастай бүх л эрхтнийг гэмтээх боломжтой гэж үзэж байна. Жишээ нь зүрхний хэм судлалын хүрээнд олон улсад “Ковид-19 ба зүрхний хэм алдагдал” гээд тусдаа удирдамж гарсан.
Тухайн удирдамжид дурдагдсан судалгаануудаас харахад ковид нь зөвхөн уушиг бус мөн зүрх судсыг гэмтээдэг гэдэг нь тодорхой байна. Ер нь Ковид-19 бол ханиад биш, ямар ч эрхтэнд нөлөөлж, өвчлүүлж болно.
Европын орны залуу хөл бөмбөгчидийн дунд тус халдвар өргөн тархсан бөгөөд эдгээр тамирчдыг эдгэснээс хойш зургаан сарын дараа дахин хяналтанд авахад зүрхийг нь идэвхтэйгээр гэмтээх үрэвсэл нь үргэлжилсэн хэвээр байсан нь тогтоогдсон. Уг нь тамирчдын хувьд хамгийн эрүүл биетэй, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, чийрэг хүмүүс шүү дээ. Гэтэл үр дүн нь ингэж гарсан нь үнэхээр аймшигтай. Тийм ч учраас ДЭМБ-аас энэ өвчнийг цар тахал хэмээн зарлаж, хөл хорио тогтоон, маш олон хүмүүс хөлс хүчээ зарцуулан ажиллаж байна шүү дээ.
-Зүрхний яг ямар төрлийн өвчлөлийг бий болгож байна вэ?
-Зүрхний булчингийн үрэвслийг үүсгэж, зүрхний хэм алдагдлыг үүсгэж байна. Тэр дотроо зүрхний булчингийн сорвижилт үүссэнтэй хамааралтай тосгуурын жирвэгнээ хэм алдагдал хамгийн их байсан байна. Мөн бусад цөөн бус төрлийн амь насанд аюултай хэм алдагдлууд илэрч байсан.
Хөнгөн болон дунд хэлбэрээр өвдөөд гарч байгаа үед хэм алдагдах тохиолдол харьцангуй бага байгаа бол хүнд, маш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст хэм алдагдал их байна.
Ялангуяа амь насанд нь аюултай хэм алдагдал их байна гэсэн судалгаа гарсан. 
Arslan.mn
-Тэгэхээр энэ өвчнөөр өвчлөөд эдгэлээ гэхэд сүүлийн үр дагавар юу вэ гэдэг нь одоог хүртэл тогтоогдоогүй гэхээр ард иргэдийн хувьд өвчлөхгүй байх тал дээр л анхаарах нь хамгийн чухал болж байна уу?
-Тийм. Энэ өвчин үүсээд 2 жил болоогүй байна. Бид алсад ямар үр дагавартайг мэдэхгүй байна шүү дээ. Иймээс иргэд энэ халдвараар өвчлөхгүй байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй.
Иргэд хамгийн эхлээд маскаа тогтмол зүүж, гадуур явахдаа огт авахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна ажлын байран дээрээ маскаа зүүх хэрэгтэй байна. Мөн гарын ариун цэврийг маш сайн сахих, зай барих хэрэгтэй.
Манай эмнэлгийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эмч болгон нэг өрөөнд ажлаа хийж байна. Эмч нар үзлэгийг маш богино хугацаанд чанартай хийх, маскыг тогтмол зүүх, хамгаалах хувцас хэрэгслийг шаардлагатай тохиолдолд өмсөх, гараа тогтмол ариутгах, угаах гэх мэт жижиг мэт боловч маш чухал зүйлсийг дадал болгосноор өнөөдөр манай эмнэлгийн орчинд халдвар гарах нь харьцангуй бага байна. Үүнээс гадна үүдээр орж ирэхэд үйлчлүүлэгчдээс асуумж асууж, сэжигтэй тохиолдлыг шууд тусгаарлан түргэвчилсэн болон PCR шинжилгээг цаг алдалгүй хийж байна.
Ер нь ард иргэдэд анхааруулж хэлэхэд таны уулзаж байгаа хүн бүхэн л энэ вирусийг өөртөө тээж байгаа гэж бодон өөрийгөө маш сайн хамгаалах хэрэгтэй байна.
Зарим иргэдийн хувьд энэ хөл хориог найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлээрээ цугдаж уулзах чөлөөт цаг гэж ойлгож хүлээж аваад байх шиг. Гэтэл ийнхүү олон хүнтэй уулзах цугларах нь амар өндөр эрсдэлийг үүсгэж байна. Энэ мэт ухамсаргүй үйлдэл таныг болон таны гэр бүлийг юунд ч хүргэж болзошгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
-Монгол улсын хэмжээнд сүүлийн үед халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүнийгээ дагаад нас баралтын тоо ч бас нэмэгдээд байна. Эрүүл мэндийн салбарынхан маань туйлдаж эхэлж байх шиг.
-Энэ өвчний хувьд ганцхан Монгол Улс гэлтгүй дэлхий даяар эрүүл мэндийн салбарынхныг туйлдуулж байна. Хамгийн их өвчлөл гарсан Итали улсын эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхээ байж сүүлдээ гэрийн хяналтанд байсан хүмүүсийн дунд маш их нас баралт бүртгэгдсэн. Уг нь тухайн орны эрүүл мэндийн салбар хичнээн хүчтэй билээ дээ. Гэтэл өнөөдөр хүчин мөхөсдөж байна. Халдвар анх тархсанаас хойш манай улсын эмч, эмнэлгийн ажилтнууд цөхрөлгүй, ухрахгүй л ажиллаж байна. Сүүлийн үед халдварын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нас баралтын тоо ч мөн дагаад ихэслээ. Мөн эдгээд гарч байгаа хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотой олон улсын хэмжээнд халдвар авсан болон халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ялгаварлах хандлага их байна. Барууны орнуудад Ази үндэстнүүдийг үзэн ядах, халдах асуудал гарч байна. Халдвар авсан хүмүүс муу хүмүүс учраас халдвар авсан гэх яриа ч хүртэл их гарах болсон. Үүнээс гадна эмч, эмнэлгийн ажилчидруу ирэх дайралтууд маш их байна. Үнэхээр эмчлээд байгаа юм уу үгүй юм уу, эрүүл байхад нь чирээд явчихлаа гэх хандлагыг иргэд гаргахаас гадна эмч нар хүртэл бие биенээсээ цэрвэх явдал дэлхий даяар их гарч байна. Мөн хууль, хүчний байгууллагын ажилчин алба хаагчруу ч гэсэн дайрах явдал их байна.
Гэтэл өвчин гэдэг чинь хэзээ ч хэнийг ч ялгаварладаггүй шүү дээ. Аль болох хүлээцтэй байж, бусдыг ойлгож, хүндэлж, хамтдаа байж л бид энэ аюулт өвчний ард гарч чадна.
Эмч мэргэжилтэн үү, хүчний байгууллагын цагдаагийн албан хаагчид таны бидний төлөө л ажиллаж байгаа шүү дээ.
Arslan.mn
-Коронавирусийг судалсаар байгаа хэдий ч бид өнөөдрийг хүртэл 100 хувь бүрэн таниагүй байгаа нь дээрх үйлдлүүдийг гаргах хүчин зүйл байж байна уу?
-Тэр үнэн дэлхийн бүхий л хүчтэй, чадалтай эрдэмтэд жил гаруйн хугацаанд энэ вирусийн талаар судалсан ч одоог хүртэл шинэ шинэ сорилтуудтай нүүр тулгарсаар л байна. Хүн гэдэг чинь мэдэхгүй зүйлтэйгээ нүүр тулахаараа маш их айж, бусад руу хамаатуулах хандлагатай байдаг нь нотлогдсон. Ийнхүү дутуу буруу мэдээлэл нь хэлсэнчлэн ялгаварлах гадуурхах үзэл боодлыг бий болгодог. Маш олон иргэдийн хувьд сошиал орчноос судалгаанд үндэслээгүй буруу, ташаа мэдээллийг авчхаад шууд л бусдад түгээх хандлагатай байна. Гэтэл олон улсын зөвлөмжид мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөгөөний дагуу явах хэрэгтэй гэдгийг хэлсээр байгаа. Монгол улсын хувьд Эрүүл мэндийн яамнаас маш тодорхой, зөв, судалгаанд үндэслэсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байгаа. Тиймээс та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөө мэдээллийг л дагах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүстэй хэрхэн харьцах ёстой вэ?
-Хамгийн эхлээд тухайн хүн эдгэрсэн гэдгийг ойлгож, эрүүл хүнтэй яаж харьцдаг билээ тэгж л харьцах хэрэгтэй. Хэрэв тухайн хүнийг халдвартай мэтээр үзэж, харьцах юм бол тухайн иргэн маань сэтгэл гутралд орох магадлалтай. Хэрэв та ялгаварлан гадуурхах үзэлтэй хаа нэгтэй таарах юм бол түүний эсрэг ямар нэгэн зүйлийг хийх, таслан зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнээс гадна тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзэх, сэтгэл зүйн хичээлүүдийг унших, судлах хэрэгтэй. Тэгснээр та тухайн хүнийг ойлгох, бусдад зөвөөр ойлгуулах, хүндэтгэж харьцах арга хэмжээг авах юм.
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан