Б.Цэрэнням: Витамин С, Д хэрэглэх нь дархлаа сэргээх бас нэг чухал зүйл юм

Хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед өрхийн эмнэлгүүд хэрхэн ажиллаж байгаа тухай иргэд ихээр асууж байна. Зарим иргэний хувьд өрхийн эмнэлэгт очиж хүүхдийн вакцин хийлгэх эсэхдээ ч эргэлзэж байна. Энэ цаг үед бид нийслэл хотын олон өрхийн эмнэлгээс төлөөлүүлэн Баянгол дүүргийн XII хорооны “Сайн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Цэрэннямтай ярилцлаа. 
-Өрхийн эрүүл мэндийн төв өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ? 
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ихэвчлэн гэрийн эргэлт хийж, амбулаторид ирсэн иргэдийг эрэмбэлэн аль болох бөөгнөрөл үүсгэхгүй үзлэг хийн ажиллаж байна. Мөн хагас бүтэн сайн өдөр жижүүрлэн ажиллаж байна.
 
-Бэлэн байдлаа хэрхэн хангаж байна вэ? 
-Онцгой байдлын үеийн нэн шаардлагатай эм тариа болон хамгаалах хувцас хэрэгслийг хангалттай хэмжээний нөөц үүсгэх байдлаар бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
 
-Танай харьяа хорооноос хэчнээн хүн тусгаарлалтад ороод байна вэ. Коронавирустай иргэний хавьтал болсон тохиолдол гарав уу? 
-Манай харьяаны нийт 25 иргэн гэрийн ажиглалтад хянагдаад гарсан. Үүнээс хоёр иргэн хавьтлын сэжигтэй бүртгэгдэн хяналтад байж шинжилгээний хариу хэвийн, биеийн байдал хэвийн хянагдаж гарсан.
 
-Иргэд хөл хорионы нөхцөлд гэртээ коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Зөвлөгөө өгнө үү? 
-Хөл хорионы энэ нөхцөлд иргэд аль болох гэрээс гарахгүй байж, зайлшгүй гарах тохиолдолд амны хаалтыг тогтмол зүүж, гарыг тогтмол угааж, хоорондын зайг 1.5 метрээс дээш баримтлах нь маш чухал. Мөн шингэн зүйл сайн ууж уламжлалт дархлаа сэргээх хоол хүнсийг хэрэглэн орой 22:00 цагаас өмнө унтаж амрах хэрэгтэй. Витамин С, болон витамин Д хэрэглэх нь дархлаа сэргээх бас нэг чухал зүйл юм.
 
-Иргэд өрхийн эмнэлэгт ямар тохиолдолд хандаж байна. Зарим өрхийн эмнэлэг эцэг, эхчүүдийг хүүхдээ товлолын вакцинд хамруулах шаардлага тавьж байна гэсэн. Энэ тохиолдолд яах ёстой вэ. Танай эмнэлэг ямар зохицуулалт хийж байгаа вэ? 
-Иргэд шаардлагагүй үед эмнэлгээр ирэх нь элбэг байгаа. Эмнэлэг бол эрсдэлтэй бүс гэдгийг сайтар ойлгох нь чухал. Тиймээс бид эрэмбэлэн ангилалтыг маш сайн хийж, хөтөч сувилагчийг байнга ажиллуулж бөөгнөрөл үүсгэхгүй ажиллаж байна. Мөн утсаар болон цахим хаягаар дамжуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Товлолын вакциныг хийж байгаа. Гэхдээ таван өдрийн турш хийж байгаа тул нэг дор олон хүүхдийг цуглуулж хүлээгдэл чирэгдэл үүсэхгүй байх зохицуулалт хийж ажиллаж байна.
 
-Ер нь энэ жилийн хувьд бага насны хүүхдүүдийн товлолын вакцинд хамрагдалт өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар түвшинд байгаа вэ. Хэвийн хэмжээнд хамруулж чадсан уу? 
 -Дархлаажуулалтын хувь хэвийн хэмжээнд байгаа. Харин энэ сарын хувьд өмнөх саруудаас хамрагдалтын хувь буурах төлөвтэй байна.
 
-Танай эмнэлэг зорилтот бүлгийн болон бусад хэчнээн иргэнийг томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулсан бэ? 
-Онцгой нөхцөл байдал үүссэн гэдэг утгаараа энэ жил дархлаажуулалт хамрагдалтыг нэмэгдүүлсэн. Манай эмнэлэг зургаан сартайаас есөн нас хүртэлх хүүхдүүд, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг зорилтот бүлгийн нийт 1400 иргэнийг томуу өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан. Мөн өөрийн харьяалалын ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн 6-12 насны 378 хүүхдийг дархлаажуулалтад хамруулсан.
 
-Танай эмнэлэг хэчнээн өрхийг хамарч үйлчилдэг вэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдэд аль болох гэртээ байхыг зөвлөж байгаа. Энэ цаг үед иргэд гэртээ эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн сахин хамгаалах вэ? 
-Манай эмнэлэг нийт 7776 хүн амд буюу 2188 өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Онцгой байдлыг үед иргэд аль болох гэртээ байж хлорамин болон белизнатай усаар чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, гэрт агаар солилцоог сайн хийж, хүнсний бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэн бүрэн болгож хэрэглэх хэрэгтэй.
 
 -Хөл хорио тогтоосон энэ онцгой нөхцөл байдалд харьяа хорооныхоо иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа юу? 
-Тийм ээ, иргэдэд утсаар болон фэйсбүүк хуудас зэрэг цахим хаягаар мэдээлэл зөвлөгөө өгч байна.
 
-Өрхийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй тохиолдолд иргэд юунд анхаарах ёстой вэ. Ялангуяа бага насны хүүхэд халуурч бүлээрсэн тохиолдол хэр зэрэг гарч байна вэ? 
-Зайлшгүй тохиолдолд өрхийн эмнэлгийн утсаар холбогдон дуудлага өгч үзүүлэх болон амбулаториор үзүүлнэ. 0-5 хүртэлх насны хүүхдийг гэрээр очин үзлэг хийж байгаа. Амралтын өдрүүдэд бол жижүүр эмч сувилагч амбулаториор үзлэг хийж байгаа.
 
-Цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор иргэд айдас түгшүүртэй байна. Ийм үед иргэд яах ёстой вэ. Зөвлөгөө өгнө үү? 
-Цар тахалын энэ үед иргэд бие биедээ худал мэдээлэл дамжуулахгүй байж баттай эх сурвалжаас мэдээлэл авах нь маш чухал. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийн чанд сахин гарыг тогтмол угааж, амны хаалтыг тогтмол зүүн аль болох стресстэхгүй амрах нь чухал.
 
 
 
Г.НямсүрэнЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан