Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болсон. Үүний дагуу улсын хэмжээнд 1600 гаруй эмийн сан өнөөдрөөс иргэдэд хөнгөлөлттэй эм олгож эхлэх юм.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “УИХ-ын энэ оны наймдугаар сарын 28-нд баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичиж, бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон. Бүх шатлалын улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч жор бичнэ. Энэ хууль ирэх сарын 2 буюу даваа гаригаас хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр боллоо” гэсэн юм.