Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас он гарснаар 36.6 тэрбум төгрөг хөнгөлөлттэй эм олгожээ. Үүнээс хамгийн борлуулалттай буюу иргэдийн хамгийн их авдаг нь зүрх судасны эм байдаг байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд зүрх судасны эмийн борлуулалт 16.1 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 44.0 хувийг эзэлж байгаа аж.
Тэгвэл зөвхөн арваннэгдүгээр сард гурван тэрбум төгрөгийн эм олгосон байна. Энэ нь өмнөх сараа 82.7 сая төгрөгөөр буурсан тоо гэнэ.
Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Одоогоор улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна. Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлдэг гэнэ. Мөн зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан билээ.
Eagle.mn