ЛОНДОН. /Reuters/. Денге чичрэг өвчнөөр өвчилсөн хүмүүст шинэ коронавирусийг эсэргүүцэх тодорхой хэмжээний дархлаа үүсчихсэн байдаг байж магадгүйг Америкийн Дюкийн их сургуулийн профессор Мигель Николелисийн хийсэн судалгаа харуулжээ.
Одоогоор нийтлээгүй байгаа уг судалгаанд Бразилд тархсан коронавирусний халдварын газарзүйн зураглалыг тус улсад 2019, 2020 онд дэгдсэн денге өвчний тархалттай харьцуулсан байна. Энэ жил болон өнгөрсөн онд денге өвчин дэгдсэн газруудад коронавирусний халдвар харьцангуй бага тархсан байсан нь Николелисийн анхаарлыг татжээ. “Энэ гайхалтай сонин нээлт нь денге флавивирусийн серотипүүд болон SARS-CoV-2 (шинэ коронавирус) хоорондоо иммунологийн хөндлөн урвалд орох боломжтойг харуулж байна. Хэрэв энэ таамаглал батлагдвал денге чичрэг өвчин тусаж байсан эсвэл энэ өвчний эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин хийлгэх нь коронавирусийг эсэргүүцэх дархлааны хамгаалалтыг тодорхой түвшинд хангаж чадна гэсэн үг юм” гэж тэрбээр судалгаандаа тэмдэглэжээ.
"Энэхүү ажиглалт нь эдгээр хоёр вирус нь огт өөр төрөлд хамаардаг учраас хоёр вирусийн хооронд хэний ч төсөөлж байгаагүй дархлалын харилцан үйлчлэл байгааг харуулж буй юм" гэж Николелис онцолсон байна. Түүний үзэж байгаагаар ийм холбоо байгааг батлахын тулд цаашид судалгаа хийх шаардлагатай аж.
Денге чичрэг өвчин нь вирусийн гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд өвчин гэнэт эхэлж 2-7 хоног халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх, нүдний ухархай өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг. Өвчний вирус халуун орны хот, суурин газруудад буюу хүн ам шигүү суурьшсан халуун ширэнгэн ой ихтэй газар нутагт бүртгэгддэг. Зүүн Өмнөд Ази, Баруун Африкийн газар нутагт шумуулын дунд уг өвчний үүсгэгч вирус хадагалагддаг ба халдвар авсан шумууланд хатгуулснаар уг өвчнөөр өвчилдөг.